Монголын рок поп урлагийн түүхэн товчоонд бүтэн 20-н жилийнхээ намтарыг яруу тодоор бичиж яваа “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо ирэх сарын 17, 18-нд 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд хийхээр болжээ.

Тоглолтын найруулгыг “On’n Off” продакшны ерөнхий захирал С.Ононбат хариуцан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Я.Одсүрэнг урлагийн андууд нар нь “Оогий” хэмээн дууддаг бөгөөд  гитар тоглохоос гадна олон сайхан ая зохиосноороо монголын ард түмэнд танигдсан нэгэн. Тухайлбал “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” зэрэг дууны аяыг зохиосоны зэрэгцээ “Sweetymotion” хамтлагийн  “Хаахна явна”,  Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”,  залуу дуучин Иная “Гудамж” зэрэг олны хүртээл болсон олон гайхалтай хит болсон уран бүтээлийн эзэн юм.

Ийнхүү “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” дуунд дурлаж хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдийнхээ баярыг хуваалцахаар хийж буй  анхны бие даасан тоглолтондоо монгол түмнийг урин заллаа.