Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 20-24-ний хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо боллоо. Нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн 27 тамирчин амжилттай оролцоод 8 дугаар сарын 27-ны өдөр эх орондоо ирлээ. 

Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний 100 кг-ийн жинд ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад  М.Батбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо. Мөн тэрээр газраас таталтын төрөлд хүрэл медалийг хүртэж өндөр амжилт үзүүллээ. 

Өнгөрсөн 7 дугаар сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарсан М.Батбаяр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер цолтой, чадвартай, туршлагатай тамирчин юм. 

Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа тэрээр 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ үзэх гэнэ. 

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсган алтан соёмбот төрийн  далбаагаа дэлхийн аваргын амжилтаар намируулсан М.Батбаяртаа баяр хүргэж, цаашдын олон тэмцээнд нь өндөр амжилт хүсье.