Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. ОЛон аав, ээж хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй үлдэж байна. Энэ талаар, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Манай улсад гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Социализмын үед Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг байсан. Энэ нь хүүхдийнхээ, цэцэрлэгийнхээ, сургуулийнхаа асуудлыг шийдэх боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа гэж бид харж байна. УИХ-аас багагүй мөнгийг цэцэрлэг, сургууль барихад тавьж байгаа. Энэ жил 149 барилгын ажлыг эхлүүлэхээр байсан ч 95 нь санхүүжилт аваагүй. 42 барилга эхлүүлэх байсан ч 40 нь эхлээгүй байна. Сангийн яаман дээр тавигдсан, төсөвт суусан мөнгийг манай яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар ашигласангүй. Цэцэрлэг, сургуулийг ганц төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийн хөрөнгөөр, концессоор олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах бололцоо хангалттай байна. Өнөөдрийн байдлаар гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. 27 цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн, 32 цэцэрлэгийн барилгын тендер зарлагдсан гэсэн байдалтай явна. Концессоор хийгдэх ёстой барилгын ажил нэг нь ч хийгдээгүй байна даа. Зарим нь газар чөлөөлөлтөөс болж зогссон тул олон мянган эцэг эхчүүд бухимдаж, олон хүүхдүүд энэ жил цэцэрлэггүй үлдэх нь. УИХ-ын цөөнгүй гишүүд гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилсан боловч өнөөдрийг хүртэл УИХ батлахгүй байгаа” гэж ярьжээ.