Хувь хүний нууцын тухай хуулийн зарим заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмсэн нь Үндсэн  хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн  17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас дүгнэжээ

 

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Харин Хувь хүний нууцын тухай хуулийн дээрх заалт Үндсэн  хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна хэмээн үзжээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

                                    2014 оны 9 дүгээр сарын 10