АНУ-ын Флорида мужид ажиллаж, амьдардаг н.Ариун гэх монгол бүсгүй  өөрийн нэрийн гутлаа гаргаад онлайнаар худалдаалдаг байна. 

Түүний гутал эрэлт ихтэй байдаг аж. Ажилсаг энэ бүсгүй  "Өөрийн цахим хуудаснаа гутал хийх болсон түүхээ бичжээ" . Тэрээр "Намайг Ариун гэдэг. Би Хятад, Орос улсын дунд орших Монгол хэмээх жижигхэн гүрний Эрдэнэт хотод төрж өссөн. Би гутал онд төрсөн гэж хошигнох дуртай. Гэвч энэ нь үнэн биш л дээ. Би “гутал хийхийн тулд” төрсөн гэдгээ бага наснаасаа л ойлгож мэдэрдэг байлаа. Хүүхэд байхдаа ээжийнхээ хувцасны шүүгээг уудалж, өндөр өсгийтийг нь өөрийнхөө хөлд тааруулахын тулд урд нь хөвөн чихэж өмсдөг байсан. Би үргэлж хөлд эвтэйхэн, загварлаг гутал зохион бүтээхийг хүсдэг байж билээ. Тиймээс сайхан гуталд дурлагчдын шаардлагыг хангасан, загварлаг гутал хийхээр зориг шулуудсан юм.

Хэдийгээр гутлын үйлдвэрлэл эхлүүлэх боломж хомс байсан ч хүмүүсийн сонирхол намайг “өдөөж” өгсөн. Ингээд загвар зохион бүтээгчийнхээ хамт Нью-Йорк хотноо гутлын бүдүүвч зургаа гаргаж эхэлсэн дээ. Мөн миний гутлыг Америк хүмүүс өмсөхийг хүсч байгаа нь надад ихээхэн нөлөөлсөн. Америк төдийгүй бусад орны хүмүүс ч миний гутлыг сонирхох болсон.

Би өнөөдөр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун баяр хөөртэй байна. Хийж буй зүйлээсээ өдөр бүр эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг. Энэ боломжийг олж авахад дэмжиж, урам зориг хайрласан хүн бүрт баярлалаа. Та бүхэндээ гутлын цуглуулгынхаа эхний бүтээлийг танилцуулж байна"  хэмээжээ.