Дорнод аймгийн Хэрлэн сумын аравдугаар багийн нутаг дэвсгэрт таван давхар орон сууцны барилгын гадна өнгө, будгийн ажил гүйцэтгэхэд ашиглаж байсан дүүжинт өргүүр унаж нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өчигдөр гарлаа.

Тодруулбал, иргэн Э-ийн захиалгаар “ТСГ” компанийн гүйцэтгэж байсан угсармал таван давхар орон сууцны барилга дээр уг осол гарсан байна.  Ослын газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид болон Цагдаагийн байгууллага ажилласан бөгөөд ослын шалтгааныг тогтоох хяналт шалгалт үргэлжилж байна. Шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь хөдөлмөр хамгааллын инженергүй, дүүжинт өргүүр нь баримт бичиггүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн магадлагаа хийгдээгүй, операторгүй байжээ.
Одоогоор осол болсон тус барилгын ажлын улсын байцаагчийн актаар түр зогсоогоод байгаа.