Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдаж эхлэхэд дараагийн Ерөнхий сайд З.Энхболд болох нь гэсэн яриа гарч эхэлсэн.

Харин тэрээр сэтгүүлчийн асуусан “Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байна гэсэн яриа гараад байгаа” гэсэн асуултад

"Тийм цуурхалд хариу өгөөд байх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно" гэсэн няцаалт өгснөөр, нийгэмд өрнөөд байсан таамаг өөр тийшээ хандаж эхэлсэн гэж хэлж болно.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар АН-ын их хурлыг ирэх сарын 08 хуралдуулахаар тогтож, дараагийн Ерөнхий сайдыг УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшөлцөж томилохыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан юм. Энэ дагуу өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн олонх нь Р.Амаржаргалыг ерөнхий сайдад томилох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудастаа “2014.12.08-нд болох Ардчилсан Намын их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.