Монгол Улсын дараа­гийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар хоёр хоног хуралдсан АН-ын бүлгийн хурлын үеэр Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Д.Ганхуяг, Д.Арвин нарын зарим нь залхсан, зарим нь хэнэггүй нь дэндсэн гишүүд гаднаасаа дангинатал хаалгаа да­руулсан хурлын танхимыг үе үе орхин гарч, ордны хонгилоор алхан хөлийнхөө чилээг гаргацгааж харагдсан.

Тэдний зарим нь “За хэн нь ч гарсан яадаг юм” гэсэн байр суурьтай байсан бол ганц нэг нь эсэргүүцлээ илэрхийлж, дургүйд хүч­гүй гэгчээр хүчээр сууж байгаа танхимыг орхин гарсан нь харваас андашгүй байсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Р.Амар­жаргалыг таалахгүй бай­­гаагаа шулуухан “На­маа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш.

Шинээр томилогдох Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй, харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдэхээ ч мартсангүй.

Ямартай ч ойр ойрхон хуралдааны танхимыг орхин гарч гүйгээд байсан Х.Тэмүүжин сайд Р.Амаржаргалтай “ах дүүс” бололцохгүй нь бололтой.