“Эрхэм таны итгэлт анд” уриатай Хаан банк үйлчлүүлэгчдээ үргэлж бухимдуулж байдаг их очер дарааллаа хэзээ болих вэ? 

Монголын хүн амын ихэнх хувь нь хаан банкаар үйлчлүүлдэг нь үнэн. Тэгвэл тэр олон хүний итгэлийг хүлээсэн тус байгууллага үйлчлүүлэгчдээ үргэлж бухимдуулж, их очер дараалал үүсгэдэг нь хэрээс хэтэрсэн асуудал болоод байна. Хаан банкаар үйлчлүүлэхийн тулд хамаг уур бухимдлаа барж, үнэт цагаа хомслуулж байгаа бид нэгэн бодлын хөөрхийлөлтэй хүмүүс болоод байна. Учир нь Төрийн банк нээгдэхээс өмнө ихэнх тэтгэвэр тэтгэмж, эх орны хишгийг хаан банкаар түгээж, бараг Монголын бүх хүн хаан банкны данс, карттай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч дассан газрын даавуу зөөлөн гэгчээр хаан банкаар үйлчлүүлдэг. 

Харин бидний итгэлт анд үйлчилгээгээ сайжруулж байгаа ч юм алга, харин ч бүр дордоод байх шиг. Үүдээр нь ороод дугаар авахаар дор хаяж 50-аас 100 хүний дараа гэнэ. Заримдаа бүр 200, 300 хүний дараа гэх юм. Үүнээс болоод олон цаг очерлож, эвгүй бүгчим үнэр үнэртэж, хамаг ажлаа алдаж зогсоно. Захын хороололд байдаг салбаруудаар бол бүр дугаарлах машин ч байхгүй ар араасаа олон эгнээ болон зогсох дүр зураг хэвийн үзэгдэл мэт байдаг нь хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, таягаа тулсан настангуудад хамгийн хүнд асуудал юм. 

Бас нэг хэцүү зүйлийг нь дурьдхад нэг салбар нь 10 теллертэй байлаа гэж бодоход иргэдэд үйлчилж байгаа нь ердөө 4-өөс 7- нь  байх юм. Ажиллахгүй байгаа теллер нь дотоод ажилтай гээд томоос том пайз урдаа тавиад суучихна. Уул нь тэр хүмүүс дотоод ажлаа хийх гэж биш иргэдэд үйлчлэх гэж тэндээ суудаг баймаар юм. 

Ер нь бидний итгээд үйлчлүүлээд байгаа Хаан банк биднийг хүндэтгэж үйлчилгээгээ түргэн шуурхай, асуудалгүй явуулж чадахгүй бол заавал үйлчлүүлээд байх шаардлагагүй байх. Өөр цаана чинь олон сайхан үйлчилгээтэй банкууд байна шүү гэдгийг сануулъя.

Үргэлжлэл бий…