Саяхан Хойд Солонгосын тагнуулынхан Францад сурч байсан өөрийн иргэнээ хулгайлахыг завдсан байна. Гэвч Францын тал мэдсэн учраас тэдний ажиллагааг таслан зогсоожээ гэдэг дуулиан олон улсад түглээ.

БНАСАУ-ын тусгай албаныхны хулгайлах гээд байгаа залуу нь Францын Барилгын инженерийн дээд сургуулийн оюутан Хан. Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны хүргэн ах байсан Чан Сон Тэкийн хүү юм шиг байна. Ким Жөн Ун 2013 онд хүргэн ах Чан Сон Тэкийг цаазаар авсан билээ. Учир нь түүнийг өмнөдтэй нийлэх атгаг санаа өвөртөлж явсан гэдэг үндэслэлээр буруутгасан байдаг. Тэгвэл одоо хүүг нь баривчилж, ял тулгахаар шийдсэн бололтой. Хэрэв түүнийг Франциас амжилттай хулгайлсан бол аавтай нь адил цаазлах байсан биз. Гэхдээ Ханд аз таарлаа.

Хэдхэн хоногийн өмнө Францад болсон энэ үйл явдал одоогоос 11 жилийн өмнөх манай тагнуулынхны ажиллагааг эргэн санууллаа. Тэр үед Монголын тагнуулынхан Францын хөдөөгийн нэг хотод очоод танил хүүхнээр нь Д.Энхбатыг дуудуулж авчран цохиж унагаад хулгайлчихсан гэдэг. Ингээд түүнийг хэд хэдэн улсын хил гааль дамжуулан Монголд авчраад С.Зориг агсны хэрэгт гүтгэж, хилс хэрэг тулгасан байдаг. Эцэст нь Д.Энхбат амиа алдсан юм.

Энэ бол улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор найруулсан жүжиг байлаа. Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын сонгуульд ялахын тулд бодож олсон зохиомол хэрэг байв. Бүр тодруулбал АН-ын дарга М.Энхсайханд С.Зоригийн хэргийг тохож, ял үүрүүлээд намыг нь эзэнгүй, хүчгүй болгож сонгуульд дарж авах л тэдний төлөвлөгөө байсан гэдэг. Тухайн үед Ц.Нямдорж ч өөрөө "Даргагүй нам сонгуульд ялахыг харна аа" хэмээн хэлж байсан нь үүнийгээ баталсан гэлцдэг. Ямартай ч сонгуулийн дараа зохиомол байсан нь тодорхой болсон энэ хэргийн золионд гэм зэмгүй энгийн ард Д.Энхбат өртөж алтан амиараа хохирсон юм.

Үнэндээ талийгаач Д.Энхбатад саяын хойд Солонгосын залуу шиг аз таараагүй. Франц улс хойд Солонгосын тусгай албаныхныг барьсан шигээ тэр үед манай тагнуулынхны ажиллагааг зогсоосон бол өнөөдөр Д.Энхбат агсан амьд мэнд байх байлаа. Хэдийгээр тэр өөд болсон ч хэрэг хуучраагүй.

Үүнийг одоо санасан дээрээ шалгамаар байна. Ер нь ч ардчилсан хүчин ялж, төрийн толгойд гарсан байж хүний эрх зөрчиж асар том хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн энэ хэргийг яагаад шалгахгүй байгаа юм бол. Энэ бол зайлшгүй шалгах ёстой хэд хэдэн хэргийн нэг яах аргагүй мөн. Гэмгүй иргэдийнхээ амийг зольсон улс төрийн тоглоомыг дахин гаргуулахгүйн үүднээс заавал шалгах ёстой. Үүнийг Францад болсон хойд Солонгосын тагнуулынхны ажиллагаа бидэнд сануулаад өглөө.

М.УНДРАМ