Ердөө нэг хоногийн өмнө 1903 төгрөгт хүрч галзуурч байсан ам.долларын ханш өнөөдөр 1880 төгрөг болж буурлаа.

Яг одоо Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг харуулж буй юм.

Ченжүүдийн ярьж буйгаар ам.долларын ханш буурах үзэгдэл өчигдөр оройноос эхэлжээ. Энэ нь МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэр нөлөөлсөн байх талтай аж. Ингэхдээ Ардчилсан нам, МАН хамтран Засгийн газрыг байгуулах шийдвэртэй холбоотойгоор эдийн засагт үүсээд байсан хөөсрөл хагарсан байж болохыг зарим эдийн засагч үгүйсгэхгүй байна.

Цаашдаа улстөрийн голлох хоёр хүчин Засгийн газрыг хамтран байгуулснаар улстөрийн тогтвортой байдал бий болж таарна. Энэ нь эргээд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулж, эдийн засгийг тэтгэх хөшүүргүүд бий болох эхлэл ийн тавигдаж байж мэдэх юм.