Дэлхийд хэдэн зуун жил ноёрхсоор ирсэн сонгодог бүжгийг УДБЭТ-ын бүжигчид танготой хослуулан “Төгсгөлгүй” нэртэй уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байна. Гал мэт эрчтэй танго бүжгийг хөрвүүлэн шинэ бүтээл тайзнаа толилуулах гэж буй нь тэдний хувьд анхны тохиолдол. “Төгсгөлгүй” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулахаар яарч бас сэтгэл догдлон хүлээж байгаа УДБЭТ-ын балетчин Э.Эрдэнэжаргалтай ярилцлаа. Тэрбээр балетыг танготой хослуулах хэцүү бөгөөд хүндтэй үүрэг хүлээн бүжиг дэглээчээр ажиллаж байгаа нэгэн юм.

 -“Төгсгөлгүй” бүтээлийг тайзнаа амилуулах санаа хэрхэн төрсөн бэ?

 -Энэ бүтээлийг тайзнаа амилуулах талаар жилийн өмнө ярьсан ч үзэгчдэдээ одоо л хүргэхээр бэлтгэж байна. Манай театрын дарга Б.Мөнхзул ийм нэгэн бүтээлийн санаа байгааг дуулгаад уран бүтээлчдэд танилцуулсан. Тэр саналыг нь бид дуртайяа хүлээж авч бэлтгэлээ базааж эхэлсэн нь энэ. Би СУИС-д сурч байхдаа латин америк, цэнгээнт бүжиг сонирхон хичээллэдэг байсан. “Хаврын баяр”-т оролцоод түрүүлж байсан удаа бий. Тэр туршлагадаа үндэслэн энэ удаад балетыг танго бүжигтэй хослуулан тавих бүжиг дэглээчээр ажиллаж байна. Дээрээс нь УДБЭТ-т ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүнээс биш танго гэж ямар бүжиг байдаг талаар мэдэхгүй хүн балеттай хослуулан уран бүтээл хийж чадахгүй болов уу. Бас ганцхан балет мэддэг хүн энэ бүтээлийг амьдруулна гэж байхгүй. Аль аль тал нь надад байгаа болохоор бүжиг дэглэхэд дөхөм санагдаж байна.

-Таны дэглэж байгаа бүтээл хэдхэн хоногийн дараа үзэгчдийн хүртээл болох нь. Тоглолтын бэлтгэж ажил хэдэн хувьтай байна вэ?

 -Тоглолтын бэлтгэл 90 хувьтай байна.

 -Танго бүжгийг балеттай хослуулсан гэдгийг сонсоод залуус их сонирхож байна. Бүжиг дэглээчийн хувьд бүтээлийнхээ онцлогийн талаар сонирхуулна уу?

 -“Төгсгөлгүй” бүтээлийн өгүүлэмж нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татна. Б.Мөнхзул дарга маань нь ч либреттог сайн бичсэн. Захирал бид хоёр уг бүтээлийг дээхнэ үеийнхээр хийх үү эсвэл орчин үеийнхээр тавих уу гэдэг талаар ярилцсан. Тэгээд орчин үеийнхээр нь тавибал илүү шинэлэг болно гэж бодсон. Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан юм. Мөн саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийг оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээлийг үзэгчдэдээ толилуулахаар бид зорьж байна.

 -Шинэлэг бүтээлд ямар үйл явдлын талаар өгүүлэх вэ?

 -Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр дурлалын тухай “Төгсгөлгүй” бүтээлд өгүүлнэ. Мөн нийгмийн баян, ядуу давхаргын талаар бүтээлдээ тусгасан. Бас энэ бүтээлд зураач, гудамжинд бүжиглэдэг бүжигчин, циркчийн уран бүтээлчид гээд урлагийн хүмүүсийн төлөөллийг илүү оруулснаараа онцлогтой. Ер нь орчин үед урлагийн ямар л шинэ төрөл гарсан түүнийг мөн бүтээлдээ тусгаж танилцуулахыг хүссэн.

 -Яагаад“Төгсгөлгүй” гэж нэрлэсэн юм бэ?

 -Энэ нэрийг Б.Мөнхзул дарга өгсөн. Өөрөөс нь асуухад“Эрэгтэй, эмэгтэй хүн байгаа цагт хайр бол мөнхийн сэдэв гэдэг утгаар энэ нэрийг өгсөн” гэсэн.

 -Бүжиг дэглээчийн хувьд театрынхаа залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар санагдаж байна   вэ?

 -Залуу бүжигчид ч болоод тэр үү нэг нэгнийгээ илүү ойлгодог. Хамтран ажиллахад улам эрч хүчтэй, гар нийлэн ажиллаж байна. Манай бүжигчид багаасаа сонгодог урлагаар хичээллэсэн болохоор өөр бүжиг бүжиглэхэд хэцүү байгаа юм шиг санагдсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил өөр өөр төрлийн бүжгийн багш нар гадаадаас ирж сургалт хийсэн нь бидэнд дэм болж байна. Энэ утгаараа нэг үеэ бодвол хамаагүй чөлөөтэй бүжиглэдэг болсон байх.

 -Бүжигчид таны төсөөлснөөр уран бүтээлээ амьдруулж чадаж байна уу?

 -Чадна гэдэгт итгэлтэй байна.

 -Сонгодог бүжгийг танготой хослуулахаар уламжлалт хөдөлгөөнөө хэр эвдэж байна вэ?

 -“Төгсгөлгүй” бүтээлд танго, балет хоёр тусдаа оршдог хэсэг бий. Бас тэднийг хослуулсан бүжгийн хэсэг ч байгаа. Тийм болохоор уламжлалт байдлаа алдсан гэж нэг их бодохгүй байна.

-Дуутай, бүжигтэй гэхээр мюзикльтэй илүү төстэй ч юм шиг?

-Тэгж тодорхойлж болохгүй. Сонгодог урлаг бол ямагт тэргүүнд эгнээнд оршдог. Латин танго ч гэсэн өөрийн гэсэн ертөнцтэй бүжгийн төрөл. Бас үндэстнийхээ ардын бүжиг нь шүү дээ.

 -Танго бүжиг хэмнэлийн хувьд галзуу, гал цогтой бүжгийн төрөл гэж хүмүүс боддог. Мэргэжлийн бүжигчний хувьд энэ бүжгийн төрлийн онцлогийн талаар сонирхуулаач?

 -Стандарт бүжигт бүх зүйлийг нь цаанаас нь ийм байх ёстой гээд заачихсан байдаг. Харин Аргинтен танго бол түүний эсрэг. Танго бол тачаангуйн бүжиг, тэмцэл, хайр дурлал, өшөө хорсол, үзэн ядалтыг өөртөө багтаасан бүжиг юм. Сонирхуулахад, энэ бүжгийн гарал үүслийн тухай хэдэн төрлийн онол, таамаг байдаг. Анхлан ийм төрлийн бүжгийг тухайн үедээ жижигхэн тосгон байсан Буэнос-Айресын зугаа цэнгээний газруудад бүжиглэж эхэлсэн гэдэг. Тус тосгоны орчмын гаучонууд(малчид, тариачид) зугаа цэнгэл хөөж Буэнос- Айрес орж ирэхдээ ордог гол газар нь хөлсний хүүхний(бордель) газар байв. Энд бас бүжиг бүжиглэдэг байж. Гуачо нар хувцсаа болон биеэ угаадаггүй байсан болохоор хир даахинд баригдан өвдөг гарсан хатуу өмдтэй бүжиглэдэг байжээ. Энэ нь өвдгөө нугалсан байдалтай бүжиглэхэд хүргэдэг байж. Мөн тэдний үнэр танар гэж авах юмгүй байсан тул эмэгтэйчүүд партнероосоо толгойгоо аль болох холдуулан дайжуулж бүжиглэхээс өөр аргагүй байсан байна. Бүжиглэх зай талбай бага байсны улмаас ширээнүүдийн зай завсраар манервлан бүжиглэдэг байлаа. ИнгэжXIX зууны дунд үед Аргентиний танго бүжгийн үндсэн хөдөлгөөн, алхмууд(па) үүссэн түүхтэй гэдэг.

 -УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн. Танд хэр зөвлөж байна вэ?

 -Балетын хөгжмийг хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа. Мөн балетыг соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд удирдаж, гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Тийм болохоор “Төгсгөлгүй” бидний хамтын бүтээл.

 -Энэ бүтээлийн дараа ямар дүр бүтээхээр бэлтгэж байна вэ?

 -Манай театр улиралд нэгээс хоёр удаа“Сонгодог үдэшлэг” зохион байгуулдаг. Үдэшлэгийн үеэр өмнө нь тоглосон тоглолтын нэг хэсгийг түүвэрчлэн үзэгчдэд толилуулдаг уламжлалтай. Үүнд шинэ неоклассик жүжгүүдээр оролцоно гэж бодож байгаа. Ер нь цаашдаа уран бүтээлд тоглохын зэрэгцээ бүжиг дэглээчийн ажлаа орхилгүйгээр явна гэж бодож байна.

 -Бүтээсэн дүрүүдээс тань хамгийн их сэтгэлд үлдсэнийг нэрлэвэл?

 -Хюгогийн дэглэсэн модерн жүжиг юм байна.

 -Ер нь та ямар ямар бүжгийн төрлүүдээр хичээллэж байсан бэ?

-Үндэсний, цэнгээнт, модерн гээд бүхий л төрлийн бүжиг бүжиглэж байсан. Анх би СУИС-д орохдоо үндэсний бүжиг сонирхдог байсан юм. Хоёр дахь жилээсээ цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн. Тэр үед манай сургууль дээр Францаас модерн бүжгийн багш ирж хичээл заасан. Тэр сургалтад нь хамрагдсанаасаа хойш модерн бүжигт дурласан. Гадаад, дотоодын модерн бүжгийн бичлэг харж дуурайж бүжиглэдэг байлаа. Тухайн үед Монголд янз бүрийн шоу гарах болсон. Тэрийг үзээд неоклассикт эргэлт буцалтгүй орсон. Бүжиг хүнийг дурлуулдаг. Дурласаар яваад нэг л мэдэхэд балетчин болсон доо. Би бүжигчин хүн. Тиймдээ ч бүхий л төрлийн бүжиг бүжиглэж чаддаг байх ёстой гэж боддог. Ер нь бүжиг бол мэдрэмж юм. Хүн бүжиглэж байж тэр мэдрэмжийг авдаг.

-Цаашид бүжиг дэглээч хүний хувьд хийхийг зорьж буй бүтээл бий юү?

-Олон байна. Түүнээс хамгийн түрүүнд модерн бүтээл хиймээр, тавимаар байна. Залуус нэг зүйлд баригдсан зүйлд дургүй болчихжээ. Тиймээс тэдний хүсэл сонирхолд нийцсэн шинэлэг, хөгжилтэй бүтээл хийхийн төлөө хичээнэ. Уран бүтээл цаг үеэ дагаж шинэчлэгддэг. Нэг зүйлээ дахин давтан үзүүлээд байвал сонирхолгүй.