Алдарт 17 тэрбумын тендерийн хэргийг АТГ шалгаж дуусаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байна гэж үзэн, нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тиймээс АТГдахин нийслэлийн прокурорт хандаж шалгаж нягтлах олон асуудал агуулагдаж байгаа тул шударга байхыг уриалж, асуудалд улс төрийн өнцгөөс харахгүй байхыг хүссэн. Энэ талаар ч АТГ-ын мөрдөн байцаах албаны дарга Г.Амарбат “Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтаар сонгон шалгаруулалт хэрхэн явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ гэдгийг бид шалгах шаардлагатай байсан ч тогтоолыг хүчингүй болголоо. Тиймээс энэ асуудлаар прокурорт гомдол гаргасан байгаа. Прокурор энэ асуудлыг хянаж үзэх болов уу” хэмээн мэдээлж байсан. Мэдээж энэ асуудлыг нийслэлийн прокурорын газрынхан дахин шалгаж ажил хэрэг болгох нь тэдний л мэдэх хэрэг. Г.Дэнзэнг ажлаа хүлээлгэж өгөөд гарсантай хамт 17 тэрбум замхарчих вий дээ гэсэн айдас хүн бүрт байсан. Харин 17 тэрбумыг замхаруулахгүйн тулд Г.Дэнзэн болон түүний эхнэртэй холбоотой энэ хэргийг шалгаж байгаа юм байна. Энэ талаар хууль зүйн сайд Г.Тэмүүжингээс 17 тэрбумын тендерийн хэрэгт ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч хүлээж авахгүй гэдэг. Энэ асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзсэн юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад Г.Дэнзэнд холбогдох асуудлыг шалгаж байгаа шүү дээ гэсэн хариултыг өгчээ. Тэгэхээр Г.Дэнзэнтэй холбоотой энэ хэрэг хуулийн хүрээнд шалгагдаж байгаа юм байна. Холбогдох хэргийг эргэн сөхвөл Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгчийн охин Г.Уянга гэгч “Говь повер” хэмээх компанийг хүнээс худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум болгож 17 тэрбумын тендерт ялсан байдаг. Гэхдээ энэ хэрэг Г.Дэнзэн, Г.Уянга нарын нэр дээр явж байгаа ч хамгийн том эзэн нь Ерөнхий сайд гэдгийг хүн бүр хэлж байгаа. Г.Дэнзэн хамтран амьдрагчтайгаа холбоотой хэргийг нуруун дээрээ үүрээд хүргэн ахыгаа цэвэршүүлэх гэж хичээж байгаа бололтой.

Нийслэлийн прокурорын байгууллага 17 тэрбумын хэргийг шалгахаас татгалзаж, хавтаст хэрэг нээхээс түтгэлзэж байсан ч АТГ-аас дахин шалгуулахыг хүссэн хүсэлтийг харгалзан хууль зүйн сайдын хэлснээр шалгаж эхэлсэн байна.

Мөн үүнтэй зэрэгцэн нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбоотой авлига, албан тушаалтай холбоотой хэргийн хамрах хүрээ нэмэгдэж, өргөжин тэлсээр байна. УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ АТГ-аас нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Түүний гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлж, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нарын долоон гишүүн гаргаж, УИХ-ын дарга болон холбогдох хүмүүст саналаа хүргүүлж байсан. Энэ бүх гомдолтой холбогдуулж, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн, гадаад дахь нууц дансаа нуун дарагдуулсан гэх асуудалд АТГ-аас С.Баярцогт гишүүнд эрүү үүсгэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Энэ бүхнээс харахад цаашид түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал яригдаж эхлэх байх. С.Баярцогт гишүүний нэгэн адил зарим дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, авлига авсан гэсэн хэрэгт унаад байгаа Ё.Отгонбаяр гишүүнтэй холбогдолтой хэрэг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн өөрийнхөө дансыг бус эхнэрийнхээ хөрөнгө, орлого болон банкны бүх дансыг мэдүүлэх үүрэгтэй байдаг. Ар гэрийнхнийхээ дансыг мэдүүлэгтээ дутуу бичнэ гэдэг нь С.Баярцогт дансаа мартсантай яг ижил нөхцөл байдалд орсон гэсэн үг. Тиймээс Авлигын эсрэг хуулиар бол Ё.Отгонбаяр болон С.Баярцогт нарт яг ижил арга хэмжээ авах ёстой. Мөн түүнийг Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, хахууль авахыг завдсан хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг гишүүнээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл гарч байна.

Ийнхүү хууль хүчнийхэн ч шаргуу ажиллаж, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй холбоотой хэргүүдийг шалгаж эрүү үүсгээд эхэлжээ.

Энэ долоо хоногийн чуулганаар УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлж болзошгүй юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАН-ынх нь байна уу, АН-ынх нь байна уу хамаагүй. Хууль зөрчсөн, УИХ-ын гишүүн хүний үйлдэх ёсгүй гэмт үйлдэлд орооцолдсон л бол хэний ч толгойг илээд байж таарахгүй. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчөөд байвал ард түмнээсээ хууль ёсыг чандлан баримтлахыг шаардах эрхгүй болчихож байгаа юм. Чуулганаар С.Баярцогт, Ё.Отгонбаяр нараас гадна МАН-ын зарим нэг гишүүний бүрэн эрхийн тухай асуудал яригдах байх” гэжээ. Энэ бүхнээс харахад С.Баярцогт, Ё.Отгонбаяр нарын гишүүний бүрэн эрхийн асуудал тун ч бүрхэг байгаа юм байна.