ОХУ Хятадын хилийн боомт руу нарийн царигтай төмөр зам тавихаар болсон байна. Приморийн хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэлх 60 км замыг ийнхүү нарийн царигтай төмөр замаар холбох нь ээ.

Гэхдээ ОХУ-ын өөрийнх нь гэгддэг 1520 мм-ийн өргөн царигийг өмнөд хөршийн 1435 мм-ийн нарийн царигтай хослуулан барина. Ингэснээр Хятадын ачаа тээврийн галт тэргүүд ОХУ-д саадгүй нэвтрэх гарц бий болж байгаа юм. Тэгээд ч Зарубино бол далайд гарцтай боомт. Дээрх чиглэлд нарийн царигтай төмөр зам тавигдсанаар боомтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хөгжих ач холбогдолтой ажээ. Уг төмөр замыг барихад 30-40 сая ам.доллар зарцуулахаар эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан байна лээ. Ойролцоогоор 60 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай нарийн төмөр замыг зургаахан сарын хугацаанд барихаар төлөвлөчихөж. Зарубино хүртэл ийм шинэ төмөр зам барих шийдвэрийг ОХУ дотооддоо хэдийнэ эцэслэсэн байгаа юм.

Ингээд нарийн цариг гээд ярихаар та бидэнд танил болсон байгаа биз. Манай улс ийм төмөр зам барих гэж үзээд баралгүй долоон жилийг ардаа орхилоо. “Хэрэв нарийн царигтай төмөр зам баривал Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн асуудал болно” гэж ард түмний тархийг угааж талцуулсаар өдий хүрсэн. Бүр урд хөрш нарийн төмөр замаар танк зөөвөрлөнө гэхчилэн мухар сүсэглэсэн давалгаа нийгэмд үүсгэж байв. Биднийг энэ мэт үлгэрийн юм яриад, хэрүүл хийгээд сууж байх хойгуур ОХУ Хятадтай нарийн төмөр замаар холбогдох гэж байна. Нарийн царигтай төмөр замын ач холбогдлыг оросууд өндрөөр тооцоолж, эдийн засгийн нэг түлхүүрээ болгожээ. Тэд Хятадтай шууд нарийн царигтай төмөр замаар холбогдвол цаг хугацааг товчлохоос гадна ачаа шилжүүлдэг үргүй зардлыг хэмнэнэ гэдгийг тооцоолсон нь мэдээж. Цаашлаад нарийн төмөр зам ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүсийн интеграцчилалд идэвхтэй нэгдэх боломж гэж томьёолсон байгаа юм. Ингэхэд Орос Хятадын хооронд нарийн төмөр зам тавигдсанаар манай улсын эдийн засагт ямар их хохирол авчрахыг анхнаасаа нарийн царигийг эсэргүүцэгчид ухаарч байна уу. Бидний урд хөршид зарах нүүрсийг оросууд тэдэнд худалдахаар болчихоод байна шүү дээ. Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн дээрээ улам өндийж чадахгүй байдал үүснэ. Өнгөрсөн долоон жилд харанхуй бүдүүлэг монголчууд хэний тоглоом болж байв аа. Үнэхээр нарийн цариг тавьснаар улсын тусгаар тогтнолын асуудал ганхах юм бол ОХУ яагаад ийм алхам хийв. Тэд тусгаар тогтнолоо алдахаас айж болгоомжлолгүйгээр, энэ шийдвэрийг гаргачихаагүй нь ойлгомжтой. Ер нь “ОХУ нарийн төмөр замыг сонгосноор туурга тусгаарласан улсынхаа эрх чөлөөг алдах нь байна” гэж дуулсан уу. Тийм л их тусгаар тогтнолын асуудалд санаа зовж байгаа бол Оросын энэ шийдвэр “харалган байна шүү” гээд тэдэнд анхааруулж, “Хятадууд танайх руу танкаа оруулж, террорист халдлага явуулна даа” гэж монголчуудыг хагаралдуулсан шигээ орилох нь яав. Үнэндээ энэ бүх мунхаглал худлаа байсан гэдгийг анхнаасаа өргөн төмөр замтай явж ирсэн Орос нарийн царигийг сонгосон үйл явдал батлан харуулж байна. Ер нь хэн биднийг хэнээр дамжуулж тоглоом тохуу хийж байсан нь эндээс ойлгомжтой юм биш үү. Тэр олон жилийн хийрхлийн эцсийн хохирогч нь Монголын ард түмэн боллоо. Тэгэхээр Монголд нарийн төмөр зам тавиулаагүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна.