Намайг хүүхэд байхад Монголд маань хип хоп хамтлагууд борооны дараах мөөг шиг л олноор бий болж билээ . Түүн дотор “ICE TOP” гэх хамтлаг ид мандан бадарч гарч ирсэн. “Энэ миний хайр”, “Жаргал даахгүй зовлон”, “Уйлах эрхгүй хайр”, “Миний муу нийслэл хот”, “Хит”  зэрэг анхлан гаргасан дуунууд нь тухайн үедээ залуусыг байлдан дагуулж тэдний сэтгэл зүрхэнд хоногштол хит болж чадсан. Найз нөхдөөрөө нийлэн орцонд дууг нь даган дуулдаг байсан охид хөвгүүдийн нэг нь би.

Нэгэн цаг үед Монголын хип хоп урлагт манлайлж байсан Ice top хамтлагийн Хаагий буюу Б.Хатанбаатар нойр булчирхайн хорт хавдар туссан гэх мэдээ олон шүтэн бишрэгч залуусын сэтгэлийг эмзэглүүлсэн билээ. Тийнхүү “Халуун сэтгэл” хандивын тоглолт хийснээр Япон орныг зорин эмчлүүлээд ирсэн юм.  Эх орондоо ирээд удаагүй ч уран бүтээлийн ажилдаа орсон Хаагийтай чөлөөт ярилцлага хийлээ. Дууг нь сонсох дуртай ч нэг ч удаа уулзаж байгаагүй түүнтэй биечлэн уулзсан нь энэ. Тэр бусадтай л адилхан энгийн яриатай, жирийн л nokia барьдаг. Элдэв чамирхал, цэцэрхэл үгүй Хаагийгийн нүүр гэрэлтэж байх авч бага зэрэг үрчлээний хэдэн зураас үүссэн байсан.haagii20203_zpsf26f30a4

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье

Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

Таны бие гайгүй юу, гамаа 8 сар барих ёстой гэсэн байх аа?

Миний бие сайн байгаа. 8 сар гэлтгүй ер нь бол бүх насаараа л гам барих шаардлагатай болсон. Гамаа барьж л байна.

Эх орондоо ирээд удаагүй хэрнээ уран бүтээлийн ажилдаа орсон байсан. Их ядарсан уу?

Уран бүтээл гэж “Цаг нь ирлээ”  дууг хэлээд байгаа байх л даа. Тиймээ, бага зэрэг ядарсан.

Үнэхээр сайхан дуу болсон байсан. Энэ клипний санаа анх хэнээс төрсөн бэ?

Би энэ клипинд тоглоогүй, зүгээр  дууг нь дуулсан. Тийм учраас клипний санааг хэн гаргасныг сайн мэдэхгүй байна. Энэ дуу бол их сайхан дуу. Монголд маань үнэхээр сайхан цаг ирлээ гэдэгт итгэж байна. Яг өөрөө оролцсон клип хийдэг юм билүү /инээв/.

Талархлын тоглолт хийж, 2000 цомгоо бэлэглэнэ гэсэн энэ тухай яриач?

Эх орондоо ирээд шууд л дайчлан талархлын тоглолт хийнэ гэж бодож байлаа. Гэтэл арай биш юм байна. Эхлээд амарч, эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай юм байна. Одоо химийн 6 удаагийн тариаг сард нэг удаа хийлгэнэ. Тэгээд гамаа сайн барьж ядрахгүй байх ёстой юм. Хамаагүй даарч болохгүй бас халууцаж болохгүй, зарим хоол хүнсэн дээр хориотой байгаа. Саяхан нэг халууцчихсан. Тэгсэн дархлаа сулраад бие жоохон өвдсөн тэгээд одоо хэсэг амарна. Түүний дараагаар л энэ тоглолтоо хийх санаа байна. 2000 цомог бэлэглэх асуудал хараахан баттай биш. Маш их зардал мөнгө хэрэгтэй учраас яг шийдээгүй л байна.

Ice top хамтлагийн хувьд цаашдаа ямар уран бүтээл хийх гэж байна?

Энэ бол хамтлагийн асуудал. Ямар ч л байсан уран бүтээлээ тасрахгүй  хийнэ. Уран бүтээлийн ажлаа зогсохгүй л байх болно.

Зуны амралтыг хэрхэн яаж өнгөрүүлдэг байсан бэ?

Зун ер нь нэг их амардаггүй байсан. Байнгын уран бүтээл, ажлаа л хийдэг байлаа. Тиймдээ ч ийм өвчин туссан байх даа.

Энэ зун юу хийх гэж байна. Наадмаар яаж баярлах вэ?

Энэ зун амралтын байдалтай байна. Наадмаар хөдөө явж баярлах байх аа.

Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ?

Цав цагаан хувцас өмсдөг тэр нь ерөөсөө хир болдоггүй, их цэмцгэр хүүхэд байсан. Олон хүний хайр энэрлийг хүртэж, газар гишгүүлдэггүй байлаа шүү дээ/ инээв/. Өсвөр насан дээрээ жаахан дүрсгүй бас сэргэлэн хүүхэд байсан. Манай сургуулийнхан намайг их хөөрхөн хүү гэдэг байсан. Бүүр дээд ангийн эгч нар хүртэл хөөрхөн хүү гэдэг байлаа.

Тэгвэл охидууд их өддөг байсан байх даа?

Хөөрхөн хүү л гэдэг байсан болохоос биш өдөж захиа занаа зөөлцөж байсан удаагүй.

Таныг Япон уруу эмчилгээнд явж байхад эхнэр хүү тань уйлаад гаргаж өгч байсан. Тэр үед яг ямар мэдрэмж төрөв?

Эргэж эдгэж ирнэ гэсэн бодол л төрж байсан. Уйлж  болохгүй гэсэн сэтгэлийн хатыг өөртөө бий болгосон. Өвчин гэдэг бол ер нь сэтгэлийн асуудал юм билээ. Сэтгэл санаа нь өөдрөг бат байх ёстой.0454e674e1ad5c30big

Эх орондоо ирээд хамгийн түрүүнд хэнтэй уулзахыг хүссэн бэ?

Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө  уулзахыг хүссэн.

Зарим залуус ямар ч зорилгогүй үнэ цэнэгүй амьдардаг. Энэ талаарх таны бодол?

Би юуг нь заах вэ дээ. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ. Хүнд нэг тийм үе байдаг юм шиг ээ. Зүгээр л шоудаад өдөр хоногийг өнгөрөөж байдаг тийм үе. Хэрвээ би тэдний оронд залуу, эрүүл байсан бол сайхан хөл бөмбөг, сагс тоглохсон. Одоо чинь энд тэндгүй хөл бөмбөгийн гоё талбай бий болсон байна. Би даанч одоо хөлбөмбөг тоглож болохгүй. Уг нь тогломоор л байна.

Аливаа зүйлд сэтгэл өөдрөг байна гэдэг сайн талтай. Та хэр өөдрөг хүн бэ?

Болно бүтнэ л гэж боддог. Амьдарна, эдгэнэ гэсэн сэтгэлийн тэнхээ 100 % байх ёстой гэж боддог доо.

Мөнгө таны бодлоор юу вэ?

Мөнгө амьдралын нэгэн хэрэгцээ. Ардчилсан нийгэмд ямар ч хүн мөнгөтэй л бол амьдарч чадна. Би ерөөсөө мөнгөнд шунадаггүй байсан. 34, 35 хүрээд л мөнгөнд шунана даа гэж боддог байлаа.

Та мөнгөнд хэр үрэлгэн бэ?

Олсон бүх мөнгөө ээждээ л өгдөг байсан. Тоглолт, уран бүтээлээсээ олсон ашгаа ээждээ өгдөг байсан болохоор мөнгөнд үрэлгэн биш.

Амьдрал юун тогтдог гэж бодож байна?

Миний бодлоор амьдрал итгэл, сэтгэл, зүтгэл дээр тогтоно. Зарим хүмүүс хайр эсвэл мөнгөн дээр тогтдог гэдэг. Дээр үед Монголчууд ядуу байсан. Дуун дээр хүртэл гардаг биз дээ. Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа гэж дуу байдаг. Тухайн үед зарим айл үнэхээр ядуу амьдралтай, мөнгөний төлөө охиноо өгч байсан нь үнэн л байгаа байхгүй юу. Тиймээс хүн бүрийн амьдралыг харах үзэл бодол өөр. Би бол амьдралыг итгэл дээр тогтдог гэж боддог.

Хэрвээ та хамтлагтаа ороогүй байсан бол, дуучин болоогүй бол юу хийгээд явж байсан бол?

Би анх цэргийн хүн байлаа. Тэгээд тэндээсээ циркчин болсон юм. Хэрвээ энэ хамтлагт ороогүй байсан бол циркчин хэвээрээ л байх байсан.