Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирүсээр өвчилсөн эмэгтэй өнгөрсөн бямба гаригт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа билээ.

Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй хэмээн өвчтнөөс дээж шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулжээ. Харин хариугаар Н1N1 вирүс болох нь тогтоогджээ. Дээрх эмэгтэйн бие муудлаа гэсэн дуудлагаар төвийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар дуудлаганд явжээ.

Тодруулбал, тус төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, унтуулагны эмч хоёр явсан бөгөөд тэднийг сэжигтэй голомтод ажилласан хэмээн аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан байгаа ажээ. Энэ талаар дээрх төвийн эх сурвалжийн ярьснаар “Эмэгтэйн хувьд өвчин нь хүндэрсэн байсан бөгөөд манай эмч нар дуудлагаар явсан. Харин хагас сайн өдөр нас барсан бөгөөд дуудлаганд явсан эмч нарыг шууд тусгаарласан байгаа. Учир нь өвчний голомтод ажилласан тул ханиадны сэжигтэй тохиолдол илэрсэн байж магадгүй гэж тусгаарласан байгаа. Тиймээс бид эмч нартайгаа уулзаж, яг юу болсон талаар мэдэхгүй байна.

Хархорин сумын эмнэлэгээс асууж тодруулбал, илүү мэдээлэл авна” гэв. Талийгаачид шаардлагтай гэсэн бүх арга хэмжээг авсан ч харамсалтай нь олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдлаар нас барсан байна. Харин төрүүлсэн хоёр ихэр хүүхдэд H1N1 вирус илэрсэн ба эмнэлгээс шаардлагатай арга хэмжээг авснаар биеийн байдал гайгүй байгаа ажээ.