160 орчим иргэн цaсанд суужээ
2016/01/18
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна.
Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ. Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Улаанбаатар-Өмнөговь-Цагаан хадын чиглэлд явсан хүн тээврийн автобус /34 зорчигчтой/ цасанд суусан тухай мэдээллээр /2016.01.14/ аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Автотээврийн газрын албан хаагчид ажиллаж “Аж мянган” ХХК-ийн УБК 57-98 улсын дугаартай Хюндай загварын автобусыг татан гаргасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.01.15/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн. Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, 27-20 УВХ улсын дугаартай микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагаар /2016.01.16/ Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, жолооч М /31 настай, эрэгтэй/, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргасан.
Зочин · 2016/01/18