Ийм яриа ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд яригдах болов. МАХН-ынхан Ч.Улаан гишүүнийг хөөх болсон шалтгаан нь МАН, МАХН-ын эвсэхээс үүдэлтэй гэнэ.

МАН, МАХН-ын эвсэх ажлыг хариуцсан ажлын хэсэгт МАХН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан нарын хүмүүс багтан ажилласан. Хоёр намаас гарсан ажлын хэсгүүд хэд, хэдэн удаа уулзалдаж зөвшилцсөний үр дүнд эвсэх нь зүйтэй гэдэг саналд хүрсэн. Энэ талаар хоёр намын эвсэх ажлын хэсгийн ахлагч нар болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар МАН-ын Бага чуулгантай зэрэгцэн олон нийтэд мэдээлэл өгч “Хоёр нам эвсэх нь зүйтэй гэдэг саналд нэгдлээ. Одоо эцсийн шийдвэрийг намын удирдлагууд гаргана” гэж мэдэгдэж байсан билээ. МАН-ынхан ч ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч МАХН-ын эцсийн шийдвэрийг хүлээж байтал нөгөөдүүл нь Бага чуулганаа хуралдуулаад хариу өгөлгүй таг, чиг болсон байдаг. Ингээд удтал хүлээлгэж байснаа ажлын хэсгийн түвшинд тохирсон тохироог өөрчлөх санал гаргасан гэдэг. Харин МАН-ынхан тус саналыг хүлээж авалгүйгээр сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдсэн билээ. МАН-ын хувьд "МАХН-ыг хэлсэн, тохирсноосоо буцсан" хэмээн буруутгаж байгаа. Харин МАХН-ынхан МАН-тай эвсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргалгүй өнөөдрийг хүрээд байна. Тэд эвсэх асуудал нээлттэй байгаа хэмээн гүрийсээр.

 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө болсон Бага чуулганы үеэр намын нөхөд нь Ч.Улааныг хурцаар шүүмжилж ганцаардуулсан гэх мэдээлэл байна. Бага чуулганы үеэр Ч.Улаан “МАН-тай учраа олж эвсэх ёстой. Ингэх нь манай намын эрх ашигт нийцнэ” гэсэн байр суурийг хатуу баримталж байжээ. Харин намынхан нь түүнийг МАН-д ашигтайгаар эвсэх ажлыг зохион байгууллаа. МАН-д худалдагдсан бууны нохой гэх мэтээр дуудсан гэж эх сурвалж мэдээллээ. Үүнээс үүдэн Ч.Улаан намынхантайгаа үл ойлголцож эхэлжээ.

 

Түүний хувьд дээрх асуудлаар хатуу зэмлэл хүртсэн ч угсаа гарал нэгтэй хоёр намыг нэгтгэх байр, сууриндаа хатуу зогсоно гэж мэдэгдэж байгаа. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр нам эвсээгүйд олигархиуд баярлаж байгаа байх. Үзэл бодол, зорилго чиглэл, хэв шинж нэгтэй намууд хамтарч ажиллах шаардлагатай” хэмээн ярьжээ. Өчигдөр Төрийн ордонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ИЗНН-тай хамтарч “МАНАН ба Сонгуулийн хуулийн захиалга” гэх өргөтгөсөн хуралдааныг хийсэн. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан тэргүүтэй томчуудаас эхлээд жижигчүүд хүртэл оролцсон юм.

 

Харин ганц л гишүүн суугаагй нь Ч.Улаан байв. Тэрбээр энэ үеэр Төрийн ордны коридороор хурал болж буйг мэдээгүй мэт алхаж харагдана лээ. Түүний хувьд ойрын үед намынхаа үйл ажиллагаанд оролцохоо байсан гэдэг нь үнэн бололтой. Ер нь сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүн Ч.Улаан нам дотроо ихээхэн ганцаардаж ирсэн гэж хэлж болно.

 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ынхан Ч.Улааныг хөөж магадгүй байгаа аж. Түүний хувьд МАН-ын гишүүдтэй их ойр ажиллаж ирсэн. Мөн МАН-ын бүхий л эдийн засагчидтай холбогддог нэгэн. Тиймээс МАХН-ынхан Ч.Улаанд итгэж болохгүй гэх яриаг гаргажээ.

 

Нэгэнт уур амьсгал ийм болсон тул Ч.Улаан төрөлх нам МАН-даа буцаж орж магадгүй гэх мэдээлэл ч байна. Хамгийн сүүлд бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элссэн. Харин энэ удаа туршлагатай улс төрч Ч.Улаанаар хүчээ зузаатгаж магадгүй байна. Ч.Улаан 2012 онд Н.Энхбаярын баривчилгааны дараахан МАХН-д элсэж байсан. Харин энэ удаа эргээд төрхөмдөө буцаж магадгүй байна.

 

Т.Хулан

http://www.24tsag.mn