Твиттерт тун идэвхтэй нөхдүүдийн нэг бол Бат инженер гэх нөхөр гэдгийг сошиал сайтуудаар зорчдог уншигчид мэдэж байгаа биз.

Тэгвэл АН-ын гишүүнчлэлтэй Бат инженер дараах зүйлийг өгүүлсэн байна. Тэрбээр “Ардчилсан нам ардчилсан байх нь, ардын нам ардчилсан байх нь Монгол улсад л хэрэгтэй. МАН бас монгол нам, ардчилсан нам. Энэ удаад би түүнийг ялаасай гэж бодож байна. АН-г эрүүлжүүлж байх хооронд энэ улсыг нураачихгүй аваад явж чадах өөр улс төрийн хүчин би л лав МАН-с өөрийг олж харахгүй байна. МАН ялчихвал 2016-2020 оны хооронд асар хариуцлагатай засаглахаас өөр сонголт тэдэнд байхгүй. Учир нь 2021 онд бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил. Ирэх 4 жилд маргаашаа болохгүй дураараа дургиж, намаараа найрлавал ард түмэн намынх нь 100 жилээр МАН-г гудманд гаргаж бас чадна. Гэхдээ тэд үүнийгээ тооцоолон ухаалаг байж популистуудаа хазаарлан, професионалуудаа түшиж ажиллахаа мэдэж байгаа байх гэж итгэж байна. Професионалуудыг намаар ялгаварлаад эхэлбэл АН-ы алдааг давтах л болно гэдгийг МАН-д хэлчихье. Тэнэг л биш бол тэднээр ажлыг нь л хийлгэ. Энэ улсыг тэртэй тэргүй бид хамтдаа л босгох үүрэгтэй. Тэр жил МАН-г яг туйлдаг дээр нь ард түмэн татаж ухааруулсан. МАН ч дарангуйлагчаасаа зоригтой салсан. АН бас дарангуйлагчаасаа салах боломжийг ашиглаад авах хэрэгтэй. Яг одоо АН дарангуйлагчдын мэдэлд байна. Тэд сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ҮЗХ-с булаагаад авчихлаа. АН-ы хажууд МАН хамаагүй ардчилсан байдлаар их хуралд нэр дэвшүүлсэнийг бид харсан.” хэмээн бичсэн байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн