Монгол Улсын Гадаад хэргийн яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн III хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай болов. Хуралдаанд Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Юнь Гуанжун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.

Тус хуралдаанаар монголын талаас 40 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны талаас 20 гаруй асуудал дэвшүүлж, хоёр талын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчин, дэд бүтэц, зам тээвэр, хилийн боомт зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцов.

Хуралдааны эхэнд талууд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд олон чухал үйл явдал болсныг онцолж, Монгол Улсын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны зам эдийн засгийн бүс” санаачлага ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-г уялдуулан гурван талт “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын төмөр зам, авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, хилийн боомтын хамтын ажиллагааны талаар үр дүнтэй санал солилцсон нь цаашид талуудын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятадын хилийн боомтоор түүхий мах, шатахуун нэвтрүүлэх, шинээр боомт нээх зэрэг асуудлаар санал солилцож, зарим зүйлийг тодруулсан нь цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагааг урагшлуулах чухал алхам боллоо.

Тэрчлэн цахим худалдаа, ойжуулалт, тариалангийн газрыг сэргээх, малын бэлчээр ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага солилцохоор санал нэгдэв. Хуралдааны төгсгөлд талууд энэхүү байнгын зөвлөлдөх механизм нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлж, хамтдаа цэцэглэн хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.