MPA PHOTO-8554Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассотой Төрийн ордонд уулзав.

Уулзалтын үеэр БНИУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо Итали, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж өргөн байгааг тэмдэглээд удахгүй нээх гэж буй Италийн ЭСЯ үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр талын хамтын ажиллагааг арьс шир боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хөгжүүлэх боломжтойгоос гадна ногоон эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт ч хөгжүүлэх боломж байгааг дурдав.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн италийн талаас Парламентын даргын түвшинд хийж буй энэхүү айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой салбар бол соёлын салбар хэмээн сайд Л.Пүрэвсүрэн онцлоод энэ чиглэлд 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёлын хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах, Монголын дуурийн дуулаачдыг Италид сургадаг тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх, Ла Скала театрын удирдлагыг Монголд айлчлуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Монгол улсад музей байгуулах, хөл бөмбөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Италийн эртний бичгийн дурсгалууд дахь монголын түүхийн холбогдолтой баримт мэдээллийг хамтран судлах, судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Италийн талаас манай талаас тавьсан саналыг дэмжихээ илэрхийлээд Ази, Европын парламентийн түншлэлийн хурал болон АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсэв.