Сар шинийн баярын өмнөхөн Зэвсэгт хүчний нэгэн ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон бөгөөд талийгаачийн ах нь дүүгийнхээ үхлийн шалтгааныг гаднын нөлөөтэй, бусдад буюу дарга нартаа зодуулсны улмаас амиа алдсан гэж үзэн бэртэл гэмтлийг нь харуулсан зургийг нийгмийн сүлжээнд тавьж шуугиан дэгдээсэн.

Цэргийн албан дахь зөөлнөөр яривал цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны зөрчил, хатуугаар хэлбэл бусдын бие махбодыг санаатайгаар гэмтээсэн танхайн гэмт хэрэг болох оны ялгаа хэмээх гажуудал өнөөдөр манайд цэрэг армид байхгүй. Саяны болсон явдал бол захирагч дарга нь цэргийн дүрэм /гар утас хэрэглэхийг хориглосон / зөрчсөн дайчиддаа сахилгын шийтгэл оногдуулахдаа сахилгын дүрэм зөрчиж нийтээр нь залхааж гүйлгэсэн байсан. Биед нь халдаж зодож цохисон эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох биз. Хуулийн байгууллага үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллан эцсийн хариуг хараахан гаргаагүй байна. 

Цэргийн албыг 2 буюу 3 жилийн хугацаатай байхад нь алба хаасан 45-аас дээш насны эрчүүд саяны болсон явдалд одоогийн залуучуудын бие бялдар ямар  сул дорой болсныг  болон мөн цэргийн алба хүнийг юунд ч сургадаггүйг нь гайхаж байсан бол огт хааж үзээгүй нь цэргийн албанд хүүхдээ явуулахгүй байх, цэргийг мэргэжлийн сайн дурын болгох хэрэгтэй гэцгээсэн.

Одоогоос 31 жилийн өмнө буюу 1988 онд тухайн үеийн төвийн гол хэвлэл болох “Үнэн” сонинд “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн гарчигтай материал нийтлэгдэж армийн дотор оны ялгаа хэмээх танхайн гэмт хэрэг гаарч байгаа тухай баримттайгаар илчилсэн. Энэ нийтлэл гарахаас өмнө цэргийн хуаранд гарч буй танхайн гэмт хэргийг тэр үеийн армийн удирдлага , анги нэгтгэлийн захирагч дарга нуун дарагдуулснаар улам даамжирч эцэстээ олон зуун залуучуудын нэг хэсэг нь шороонд булагдаж, нөгөө хэсэг нь шоронд орж, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй  болсон. 

Тэр үеийн цэргүүд дэглүүлж зодуулснаа дээшээ хэн нэгэн даргад мэдэгдвэл матаач нэр зүүн хавчигдаж салаа салбартаа байж суухын аргагүй байдалд орж ганцаарддаг байсан. Үүнээс үүдэн энэ гэмт үйлдэл нуун дарагдан даамжрахад хүрсэн. Анги байгууллагуудын захирагч дарга нар хүн үхээгүй, хөгжлийн бэрхшээлтэй болоогүй л бол барагтай гомдлыг авч хэлэлцдэггүй, анги нь социалист уралдаанд үүнээс болж муу дүн авбал алдар цол ахихгүй, албан тушаал дэвшихгүй байх эрсдэлд ордог байсанж.. 

   

Оны ялгаа хэмээх тэрхүү гэмт хэрэг тэртээ 1960-аад оны үед армийн дотор анх манай хойд хөрш ЗХУ, түүний армиас орж ирсэн ажээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа ЗХУ-д өнчирч хоцорсон олон зуун мянган хүүхдүүд асрамжийн газарт өссөн, тэднээс сахилгагүй, сурлага муутайг нь мэргэжилтэй ажилчин болгохоор Техник мэргэжлийн сургуульд суралцуулдаг байсан. Газар газрын сахилгагүй хүүхдүүд нэг дор цуглаад дотуур байрандаа хэн нь хүчтэй байна тэр нь өөрийн албан бус ноёрхлоо тогтоож хүчгүйгээ дээрэлхэн зодож нүдэн дарамталж байсан. Мөн өнчин ядуу, өлсөхийн эрхэнд бусдад уруу татагдан хулгай, дээрмийн хэрэгт холбогдон залуус хорих газарт ял эдэлж байхдаа эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүдээс сурсан зангаа армид татагдан очоод дэлгэрүүлсэн.Энэ нь  сүүлдээ тэд цэргийн албанд татагдаад энэ салбарт “Дедовщина” буюу өвгийн ёс хэмээх оны  ялгаа бий болоход хүргэсэн. ТМС-ийн дотуур байр, шоронд сурсан адал балмад үйлдлээ цэргийн албанд ирээд давтсан. Цэргийн анги салбарын дарга нар захирагдагсадтайгаа ойр ажиллах бага дарга нар болох жагсаалын дарга, салааны орлогч, тасгийн дарга нараар голцуу дээрх ТМС-ийн дотуур байр, шоронгоор дамжсан танхайчуудыг томилдог байсан нь цэргийн албанд шинээр ирсэн дайчдыг зодох тамлахаар айлган дарамталж өнгөтэй хувцас цалин мөнгийг дээрэмдэх, муу муухайгаа цэвэрлүүлэх үйлдэл гарахад хүргэсэн. 

Манай армид энэ балмад үйлдэл нь нэгдэлд өмчөө хураалгасан олон зуун малчид хотод ирж ТМС-д суралцаж мэргэжилтэй ажилчид болоод тухайн үеийнхээ их бүтээн байгуулалтыг гардан бүтээж байсан 1960-аад оны үед орж ирсэн. Сайны хажуугаар саар гэгчээр олны доторх олиггүй этгээдүүд армид муу юм дэлгэрүүлсэн.1980-аад оны сүүлээр ер нь дэглэх авир хэзээ үүссэн болон хэн голцуу холбогдоод байгаа талаар судалгаа хийж үзэхэд төмөр замын дагуу хот суурингийн залуус энэхүү танхайн гэмт хэргүүдийг өдүүлсэн байдаг. Ялангуяа Чойбалсан, Чойр, Зүүнхараа гэх мэтийн хот суурингийнхан их холбогдсон байдаг. Хохирогчид нь голдуу хөдөө өссөн бүрэг ноомой малчин залуус байсан. Дэлгэцнээ олны хүртээл болсон “Удирдагч”, “Маш нууц-1” зэрэг кинонуудад гарч байгаа үйл явдал бодит байдал дээр  байсан. Тухайн үеийн төр засгийн удирдлагаас арми дотор цэрэг дайчдын ухамсарт нь улс төр, хууль эрхзүй, хүмүүжил, олон нийтийн ажлаар дамжуулан нөлөөлүүлж энэхүү танхайн гэмт хэргүүдийг таслан зогсоохоор Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан генерал Ёндондүйчир, Ж.Балжиння нарыг Армийн улс төрийн газраар даргаар, мөн прокурор генерал Ж.Авхиаг БХЯ-ны сайдаар тус тус томилоод ч тусыг эс олсон.

1988 оны тэрхүү дуулиант өгүүлэл олон нийтийн дунд ихээхэн бухимдал зэвүүцлийг төрүүлэн цэргийн албыг хүнлэг болгохыг шаардсан. Тэр жилээс эхлэн залуучуудыг орон нутагт нь алба хаалган, бусдын биед халдсаныг этгээдүүдийг шүүхээр шийтгэдэг болсноор асуудал багассан уу гэхээс алга болоогүй. Улмаар 1992 оноос цэргийн албыг нэг жил болгосноор энэ бусармаг үзэгдэл  бараг гарахаа больсон. Харин Оросын армид энэ булай үзэгдэл одоо болтол байгаа. Та бүхэн “Грозовые ворота”, “22 минут” зэрэг кинонуудаас харсан байх.  

Аливаа улс орон өөрийн оршин тогтнохын аюулгүй байдлаа хангахын тулд гаднын ямар нэгэн болзошгүй зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах байнгын зэвсэгт хүчнээ бэлэн байлгадаг. Үндсэн хуулинд заагдсан эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах иргэний үндсэн үүргээс үүдэлтэй  харилцааг зохицуулсан цэргийн албаны хуулиндаа 18-25 насны иргэдийг цэргийн жинхэнэ албыг биеэр хаах талаар заасан.

Нэгэнт хуулийн дагуу цэргийн албанд татагдан ирсэн залуучуудыг эх орноо батлан хамгаалахад ашиглах байлдааны зэвсэг техникийг мэдлэг чадвар олгох цэргийн эрдэмд сургаж  алба хаах хугацаа дуусангуут бэлтгэлээр хална. Энэхүү цэргийн эрдэмд биеэр хийж гүйцэтгэх дадлага сургуулийг болзошгүй байлдааны цагийн байдалд ойртуулан хөнгөнөөс хүнд хэлбэр лүү шилжүүлэн явуулахад хувь хүн бүрийн бие бялдрын болон сэтгэлзүйн онцлогоос шалтгаалан чадах чадахгүй олон асуудал тулгардаг. Гэвч “тайван цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гардаг” гэсэн зарчмаар бол  хэн өөрийнх нь өөдөөс буугаа шагайсан дайснаасаа өрсөж чадна тэр л амьд гарч үүргээ биелүүлж чадна. 

Үүнд л нийгмийн янз бүрийн орчинд төрж өссөн өөр өөр хүмүүжилтэй хуулийн дагуу алба хаахаар ирсэн залуучуудыг сургана гэдэг тийм ч амар биш. Сургалтыг итгүүлэн үнэмшүүлэх аргаас гадна албадан хүч хэрэглэн явуулах явдал гарна. Захирагч дарга нар нь захирагдагсадаа байлдааны бэлтгэл сургалтын явцад  хүч хэрэглэн  араас нь цохих, түлхэж өшиглөх, дээрээс нь дэвсэх явдал дэлхийн аль ч орны армид байдаг түгээмэл үзэгдэл. 

       

Цэргийн албаны бас нэг онцлог нь улсын хил, төрийн өмчийн онц чухал болон цэргийн обьектуудыг хамгаалах харуул манааны үүрэг гүйцэтгэлт юм. Зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын шуурга, намрын бороонд эдгээр үүргийг биелүүлэх бие бялдрын болон сэтгэлзүйн хатуужилийг цэргийн албанд л олж авна. Албаны онцлогоос шалтгаалан захирагч даргын зүгээс чанга дуугаар командлах загнах, зэмлэх явдал бишгүй гарна. Энэ бүхэнд эмзэглэхгүй дасан зохицож чадсанаар аливаа асуудалд хүлээцтэй хандаж сурна. Ийм учраас л аавын хүү үг даадаг, арвайн гурил ус даадаг гэсэн үг гарсан болов уу.

  

 Харамсалтай нь сүүлийн үеийн залуучууд хүний үг дааж сураагүй аливаа нэгэн өчүүхэн төдий загнах, зэмлэх, албадах явдлаас шантарч ар гэрийнхэндээ элдвийн гомдол хэлж тэр нь цаашаа даамжирч цэргийн албаны талаар буруу ойлголтыг олон нийтэд төрүүлэхэд хүргэж байна.  

Үүнд хувь хүний гэхээсээ өнөөгийн манай нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн. Зах зээлийн харилцаанд шилжилтийн үеэс улбаатай нийгмийн дунд баян хоосны ялгарал ихсэж, амьдралаа дээшлүүлэхээр олон аав ээж нар харийн нутагт хараар ажиллахаар үр хүүхдээ эмээ өвөө дээр нь орхиж явсан, бас ажилгүйдэл ядуурлаас үүдэн архидан согтуурал газар авч гэр бүл салж сарних явдал нэмэгдсэн. Энэ бүхнээс үүдэн хүүхдэд тавих анхаарал халамж суларч бусдад уруу татагдан гэмт хэрэгт холбогдох, янз бүрийн буруу зуршил, гаж донд автаж байна.Хөдөө орон нутагт эрэгтэй хүүхэд сургуульд огт сураагүй,эсвэл бага дунд ангиасаа сургуулиас гарч завсардсан.

Хамгийн эмгэнэлтэй нь ядуурлаас шалтгаалан цэргийн насны залуучууд эрүүл мэндийн байдал их доройтсон. Ядуу, нэн ядуу гэр бүлд өссөн хүүхдүүд наад захын илчлэгтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаагаас биеийн эсэргүүцэл муудаж дархлаа суларч байна. Цэрэг татлагаар орсон залуучуудын ихэнх нь сүүлийн 5 жилийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгээр орсон залуучуудын 40 гаруй хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй чөлөөлөгдсөн байна. Зөвхөн өнгөрсөн 2018 оны хавар намрын цэрэг татлагаар  Цэргийн төв госпиталийн эмч нарын комисс төв болон хангайн бүсийн 7, зүүн бүсийн 3 аймагт эрүүл мэндээр тэнцээгүй 627 залууг үзлэгт ороход тэдний 465 нь тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Цэргийн албан хаагч нас барсан явдалд салбарын сайд нь  уучлал гуйж ёсзүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох өргөдлөө өгөх ёстой байсан боловч нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэгчээр сайд Н.Энхболд буруугаа цэрэг хариуцсан ЗХЖШ руу бухаж , ЗХЖШ нь ч Хуурай замын цэргийн командлал руугаа, Командлал нь анги байгууллага руу нялзааж захирагч дарга нарыг нь сольж асуудлыг намжаахыг оролдож байна. 

Батлан хамгаалахын сайд энэ асуудалд хачин их хамаатай хүн. Түүний шууд удирдлагад байж цэрэг татлага дайчилгааны асуудлыг гардан хариуцдаг БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн цэргийн штабууд цэрэг татлагын ажлыг зөв шударга хариуцлагатай зохион байгуулж чаддаггүй. Бодит байдал дээр цэргийн албанд хэн татагдаж алба хааж байна вэ гэвэл нийгмийн эмзэг бүлэг болох нийслэл, аймгуудын захын гэр хороололуудад амьдардаг ажилчид, хөдөө орон нутгийн малчидын гэхдээ голцуу ядуу, орлого багатай иргэдийн хүүхдүүд л ирж байна. Нийслэлийн нэгэн дүүргийн Цэргийн штабын дарга дүүрэг нь байшин хороолол ихтэй, гэр хороолол багатай учраас цэрэгт татах хүний тоо хүрэхгүй зовж байгаагаа учирлаж байсан. Мөн төвийн дүүргийн Цэргийн штабын дарга харьяа төвийн байшин хороолол тэр дундаа 1, 2 дугаар 40 мянгатаас цэрэгт хүн явж байхыг огт харж байгаагүйгээ гайхаж арчаагүйгээ харуулсан.

Нийгмийн чинээлэг бүлгийн эрүүл саруул хүүхдүүд цэргийн албанд явах нь бүү хэл, цэрэг гэж юу байдгыг ч мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй атлаа компьютерийн араас саяны болсон явдлыг өрөөсгөлөөр дөвийлгөн цэрэг армийг татан буулгах, буулгахгүй юмаа гэхэд сайн дураар хаалгадаг болох мөрөөдлийн юм бичиж байсан.

Нийслэл, аймаг, дүүргүүдийн  цэргийн штабууд ажлаа муу хийдгээс чинээлэг иргэд цэргийн албанаас зайлсхийдэг,БХЯ, ЗХЖШ-ын эрхэм генерал хурандаа нар ажлыг нь муу хийлгэж эрх мэдэл албан тушаалаараа тэдэнд нөлөөлж чинээлэг иргэдийг татахгүй чөлөөлөх албан бус үүргийг дээрээс нь өгснөөр ийм байдалд хүргэдэг. Энэ нь цэргийн албанд явах хүний тоо нь бүрдэхгүй бүрдсэн нөгөө л ядуу эмзэг бүлгийнхэн татагдаж ядуурлаас үүдэлтэй биеийн эсэргүүцэл дархлаа султайгаас цэргийн албаны бэлтгэл сургалтын ачаалал даахгүй эрүүл мэндээр тэнцэхгүй халагдахад хүргэдэг. 2017 онд хугацаат цэргийн албанаас 20 гаруй хүн халагдсан бол энэ тоо 2018 онд 40 гаруй болон нэмэгдэж улсад үргүй зардал гаргасан. Сүүлдээ цэргийн албанд явах хүнийх нь тоо хүрэхгүй болохоор бүр аргаа бараад төрийн албанд ороход нь  цэргийн алба хаасан заавал хаасан байхыг 2006 онд хуулиндаа тусгасан.Тусгаад ч тусыг эс олж цэрэгт явах хүний тоо нь бүрддэггүй. Энэ нь сүүлдээ улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болж хуучин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Оюутан цэрэг” гээчийг бий болгохоо амлаж дахин сонгогдсоныхоо дараа түүнийгээ хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар ч тэрийг нь хэрэгжүүлж эхлээд 5 жилийн нүүр үзэж байна. 

Хэн ч гэсэн эрх чөлөөгөө хасуулж бүтэн жил цэргийн алба хаахыг хүсэхгүй.Тэгээд ч зуны дэлгэр цагт хотын ойролцоо Оюутан цэрэг болж амар хялбар аргаар цэргийн албыг хаасан болж ялтай албанаас мултарахыг бодно. Гэхдээ тэд үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах иргэний үүргээ биелүүлэхийн тулд бус төрийн албанд орохын л тулд шүү дээ. Аливаа юм тоо хязгаартай тул оюутан бүр тэр хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Зөвхөн нэгдүгээр курсийн оюутнууд хамрагдана гэдэг ч зорилго нь аргаа зөвтгөж 2 курсийн оюутнууд ч хээл хахуулийг нь тэр сонгон шалгаруулалтыг нь гардан хариуцаж буй этгээдүүдэд өгөөд явж байна. Жинхэнэ зорилтот бүлгийнх нь ч орж чадахгүй байна. Сурлагын голч дүнгээр нь авч байгаа ч  нөлөөлөөгүй. 

Бидний даган дууриах гээд байдаг тэргүүлэх хөгжилтэй орнуудад цэргийн алба хаахыг эх орны өмнө хүлээсэн иргэн бүрийн заавал биелүүлэх ариун үүрэг, нэр төрийн хэрэг гэж үздэг.Тухайн иргэнийг олны танил алдартай жүжигчин дуучин тамирчин болон төрийн өндөр албан тушаалтан, түүний хүү, нэртэй эрдэмтэн доктор, томоохон бизнесмэн хэн байхаас үл хамааран цэргийн албыг нь заавал  хаалгадаг. Энэ нь улс нийгмийн дунд баян чинээлэг иргэдтэйгээ барьцах, улмаар тэднийг үзэн ядах уур амьсгалыг төрүүлдэггүй.  

Манайд эсрэгээр хувь заяаны эрхээр хөдөө орон нутагт болон  хотын захын гэр хороололд хэн нэгэн ядуу малчин ажилчны хүүхэд болж бас их дээд сургуульд элсэн орж чадаагүй нь хохь аятай цэргийн албыг хуульд заасан хугацаагаар алба хааж байна. Хаах хаахдаа зүгээр нэг хаахгүй, цэргийн эрдэмдээ сурч гийгүүлсэн юмгүй. Энд тэнд хэн нэгэн даргын танилын барилгын болон газар тариалангийн туслах ажилд үнэ хөлсгүй боолын албадан хөдөлмөрт дайчлагдан эз нь таарсан нэг нь эрхтэнээс салж хөгжлийн бэрхшээлтэй болж хохирч байгаа нь гашуун үнэн. Өнгөрсөн жилд олон цэрэг энэ мэтийн ажилд дайчлагдан ажиллаж байхдаа гар хуруу, хөлөө гэмтээх тэрний өмнөх жилд усанд үйж амь насаа алдах явдал гарсан. Энэ бүхэн нь Батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлагад дохио санамж болоогүй.Хүчтэний дэргэд хүчгүйн буруутай гэгчээр хэдэн ангийн захирагч ажлаасаа бууж салаа салбарын дарга нар лайг нь эдэлж цол хэргэм цалингаасаа хасуулж буураад л өнгөрсөн.

Зарим хүмүүс хугацаат цэргийн албыг бүрэн халж мэргэжлийн цэрэгтэй болох тухай ярьдаг. Юу үнэн бэ гэвэл Монгол Улсын хилийг тэр тусмаа байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөлд эгэл жирийн ажилчин малчны хүүхдүүд хугацаат цэргийн алба хааж л хамгаалж байгаа нь үнэн. Нийслэлийн төвийн дүүрэгт компьютерийн ард пицца идээд олон юм бичиж байгаа бэртэгчин авлигачдын хүүхдүүд хамгаалаагүй, хамгаалж чадах ч үгүй. Аймаг хотын төвд байрлах цэргийн ангид албаа хааж чадахгүй, шантарч гэр орондоо худал үнэн юм мэдээлж байгаа нялцгай хил дээр очвол яах бол?!

Саяны болсон хэрэг дээр хариуцлага тооцох явдлыг анги байгууллагуудын захирагч дарга нарыг сольсноор дуусгаж болохгүй. Аахилахыг нь би аахилъя, үүрэхийг нь чи үүр гэдэг шиг Улс армийн нэр барьж төсвийн мөнгөөр гадаадад айлчлал хийж доншуучлах дуртай атлаа хэрэг явдал гарахаар өөрөөсөө зайлуулдаг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, цэрэг татлагыг жил бүр муу зохион байгуулдаг яамныхаа Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, мөн яамны  Улсын дайчилгааны хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга нарыг Зэвсэгт хүчний сахилга дэг журам хариуцсан ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Хуурай замын цэргийн командлалын удирдлага, Нийслэлийн цэргийн штабын даргын хамт огцруулах шаардлагатай. Бид үр хүүхдээ цэргийн эрдэмд суралцуулж эх орноо хамгаалуулах гэж  мордуулдаг болохоос хэн нэгний гарын угаадас болгон хар ажилд албадан хөдөлмөрлүүлэх гэж явуулдаггүй. Үндсэн хууль зөрчиж хүнийг боловсролын байдлаар нь ялгаварлан гадуурхаж цэргийн албыг 3 сар хаалгах авлига болсон Оюутан цэрэг хөтөлбөрийг зогсоо.Бүтээн байгуулалт нэрээр ард түмний үр хүүхдийг боолчлон албадан хөдөлмөр хийлгэхээ боль. Тэгэж их бүтээн байгуулах гээд байга бол тэр оюутан цэргүүдээ зуны 3 сар ажиллуул.