Монгол Улс 21 аймагтай. Тэдгээр аймгаас хөгжлөөрөө удаан, урагшилдаггүй, хоёр, гуравхан аймаг байгаагийн нэг нь Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан Говь-Алтай аймаг. Алслагдсан учраас хөгжих боломж бололцоо муу байна уу гээд бодохоор үгүй аж.

Ерөөсөө л тухайн орон нутгийг удирдаж буй арга барилаас шууд шалтгаалж байгаа юм. Уг нь нутаг орноо удирдаж буй дарга сэтэрнүүдийн сэтгэл зүтгэл байхад болчих асуудал.

Харамсалтай нь, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүдээс нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гаргасан нь тун цөөхөн байна. Тэдний төлөөлөл албан тушаалд очмогцоо амин хувийн эрх ашгаа өмнөө тавьсан эрхмүүдийн нэг нь одоогийн Засаг ноён С.Гансэлэм. 2016 оны сонгуулиар Говь-Алтай аймагт Монгол ардын нам ялалт байгуулж, олонд танигдаж амжаагүй Ш.Раднаасэд тухайн тойргоос УИХ-ын сэнтийд заларсан билээ. Энэ бүхэн Говь-Алтай аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийн гавьяа гэлтэй. Тэрбээр намаа сонгуулиар удирдаж УИХ төдийгүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан болохоор ажлын үр дүн, хариуцлагын дагуу Говь-Алтайн Засаг дарга болох байлаа.

Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуульд Ш.Раднаасэдийн сонгуульд дэмжлэг үзүүлж явсан “бөмбөрцөгийн ЖДҮ”- чнээр тодроод байгаа жунайн хуурай дүү “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн шахаагаар тэс хөндлөнгийн нөхөр Засаг даргын суудалд нь зүтгэсэн нь С.Гансэлэм байлаа. Говь-Алтайд төрсөн ч Ховд аймгаас угшилтай аймгийн заан С.Гансэлэм гэх гааль, мэргэжлийн хяналтад ажиллаж байсан гэхээс өөр туршлагагүй, удирдах ажил огт хийж байгаагүй товчхон намтартай нөхөрт Говь-Алтай аймгийн 50 гаруй мянган хүний хувь заяаг даатгасан нь харамсалтай. Түүнийг Ховдын уугуул хүн гэж хэвлэл мэдээлэл, сошиалаар шуугиж байсан шалтгаан нь аав нь Ховдоос депутатаар сонгогдож байсан учраас тэр. Бизнесмений шахааны хүнд улс төрийн ууган хүчин МАН-ынхан итгэл хүлээлгэж, төрийн жолоо атгуулсан нь одоо том алдаа болжээ. Атгуулчихжээ гэхийн учир нь 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хурлаар МАН-ын дарга В.Рэнцэндоржийг 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж хуулийн дагуу Ерөнхий сайдад батламжлуулахаар хүргүүлсэн боловч өнөөх компанийн боссын хүсэлтээр хоёр сар хүлээлгэсний эцэст нь хэзээ ч батламжлахгүй хэмээн буцаагдаж дээрх бөх найз нь Засаг дарга болсон юм байх. Говь-Алтайн МАН-ын гишүүд үүнийг олон удаа эсэргүүцсэн ч тусыг эс олж С.Гансэлэм хэмээх бөх Засаг даргын суудалд нэгэнт залрах нь тодорхой болов. Ингээд түүнийг тамга, тэмдгээ гардаж авснаас хойш нутгийн иргэд, төрийн албан хаагчид өмнөх дарга О.Амгаланбаатарыг арай дээр байж хэмээн халагласан ЦАДИГГҮЙ УЛС ТӨР удаатай. Цэвэр усны саван дээр зургаа наасан хэмээн шүүмжлэл дагуулсан АН-аас сонгогдсон Засаг дарга О.Амгаланбаатар муу нэр дагуулдаг ч нутгийн хөгжилд хэрэгтэй сайн зүйл цөөнгүй хийснийг Говь-Алтайд насаараа амьдраж буй хөгшчүүл ярьж байна.

ГОВЬ-АЛТАЙН ХӨГЖИЛ УХАРСААР, УДИРДАГЧ С.ГАНСЭЛЭМ УРАГШИЛСААР...

Бэлтгэгдээгүй хүнд эрх мэдэл өгөх нь галзуу чоныг хоттой хонь руу оруулсантай ижил. Тэрбээр хотод амьдардаг ажлын туршлагагүй хэд хэдэн хүнийг Говь-Алтай аймагт аваачиж дарга болгож ажлаа эхэлсэн. Тодруулбал, аймгийн Тамгын газрын дарга хэмээх хамгийн хариуцлагатай албан тушаалд Улаанбаатар хотоос Хууль зүйн яаманд мэргэжилтэн байсан гэх Ч.Бат-Эрдэнийг томилжээ. Удирдах ажлын нэг ч жилийн туршлагагүй мөн МАН-д гавьяагүй дээрх залууг аймгийн төрийн байгууллагад ажилладаг зуу зуун албан хаагчийн зэвүүцлийг үл ажран томилсон нь энэ. Аймгийн заан С.Гансэлэм Засаг дарга болсноосоо хойш сайн гэхээсээ илүү саар үйлдлээрээ олон танигдсан гэхэд болно. Төрийн албан хаагчид ч түүний саар үйлдлийн талаар ам дамжин ярих болсон юм. Тэрбээр томилогдсон даруйдаа төсвийн мөнгөөр аймгийн төвд гурван өрөө орон сууц авч, эхнэрээ төрийн албанд шургуулсан. Түүнчлэн нөхөн сэргээлт нэрээр олон суманд уул талыг ухаж байхад ямар ч арга хэмжээ аваагүй, Тамгын газрын байрандаа караоке нээсэн, Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийг зодож гарыг нь хугалсан гээд түүний чихнээс хонх уях тааруу мэдээ олон. Энэ бол дөнгөж наад захын жижигхэн жишээ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говь-Алтай аймаг сүүлийн хоёр жил дараалан хомоол хамсан нь Засаг дарга С.Гансэлэмийн гавьяа. Түүнийг Засаг дарга болохоос өмнөх дөрвөн жилд дээрх аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг дундыг баримтлаад явж байсныг нутгийн иргэд мэдэх биз. Харин хоёрхон жилийн дотор энэхүү байр суурь огцом унаж 20, 21 дүгээр байрын төлөө өрсөлддөг болсон нь С.Гансэлэм дарга ажлаа хийдгийн том томруун жишээ гэлтэй. Мань Засаг дарга ардаа ЖДҮ-чин босстой, тэр нь саяхан огцруулах асуудал яригдахад сөрөг хүчин АН-ын төлөөлөгч нарт мөнгө тарааж авч үлдсэнээс хойш бүр ч барджээ. Ар талдаа бардахдаа тэрбээр өөрийг нь шүүхэд өгсөн Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж томорсон байна. Монголын ууган улс төрийн хүчинд итгэл хүлээлгэсэн Говь-Алтай аймгийн 50 мянга гаруй иргэний итгэл сэтгэлийг шороотой хутгаж байгаа нь “даварсаар даварсаар давгын оронд” гэгч болжээ. 2018 оны өвөл аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндорж өөрийн цахим хуудастаа “Аймгийн удирдлага хийж байгаа тооноор орж ирсэн 2-3 дарга нар авилга авахаа болиорой” гэж бичиж байв. Магадгүй өнөөгийн удирдлагууд нь авилга авсан байж болзошгүй ноцтой баримт байгаа бололтой. Хэрвээ ийм баримт байгаа бол аймгийн МАН-ын дарга хуулийн байгууллагаар шалгуулж бичсэн үгийнхээ үнэн мөнийг тогтоолгох ёстой байх. Энэ мэт бардамнасан, баярхсан Засаг даргад С.Гансэлэмд аймгийн МАН-ын хяналтын зөвлөлөөс хариуцлага тооцож МАНаас хөөсөн тогтоол гаргасан байдаг. Ингээд МАН-аас хөөгдсөн Засаг дарга С.Гансэлэмийг саяхан болсон МАН-ын бага хуралд оруулахгүй гэж хассан. Гэвч яг энэ үед өөр нэгэн нэр бүхий гишүүнээр намын аппаратынхныг дарамтлуулан байж бага хуралд ороод суучихжээ, мань эр. Намын гишүүүнчлэлгүй хүн анх удаа МАН-ын бага хуралд суусан нь магадгүй МАН-ын дүрмийг ноцтой зөрчсөн анхны тохиолдол байх. Энэ мэт хариуцлагагүй үйлдлээс гадна Говь-Алтайд хүн амины хэргийг нуун далдалсан хэрэг гарсан байна. Энэ нуун дарсан асуудал нь Засаг даргын харъяа агентлаг гэдгээрээ ч мань Засаг дарга мэдээгүйнхээ төлөө хариуцлага тооцуулах ёстой. Дайран дээр давс гэж 2018 оны жилийн эцсийн аудитын шалгалтыг Говь-Алтайд хийж дүгнэлтээ гаргасан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засаг дарга төсвийн тухай хууль болон хэдэн хэдэн хуулийг ноцтой зөрчсөнийг Аудитын газар тогтоож, томилсон албан тушаалтан буюу Ерөнхий сайдад хариуцлага тооцох албан зөвлөмж хүргүүлсэн байна. Ам л нээвэл шударга ёс ярьдаг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа төрийн албанд хариуцлагын тогтолцоог чангаруулах талаар 01 албан даалгавар гаргаж бүх аймагт хүргүүлж дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Ерөнхий сайдын гаргасан албан даалгаврыг Говь-Алтайнхан хэрэгжүүлж байгаа гэж найдаж байлаа. Харамсалтай нь, энэхүү сүржин албан даалгавар мөнгөтэй боссын албатад үйлчилдэггүй бололтой.

2019 ОНЫ ГОВЬ-АЛТАЙН ХӨГЖИЛ

Говь-Алтай аймгийн хөгжлийг Ховдынхтой харьцуулбал ичмээр. 1200 км-ын цаана орших хөрш зэргэлдээ Ховд аймаг Баруун бүсийн хөгжлийн гол төв болжээ. Гэтэл Говь-Алтай аймгийн хөгжил 1990 оныхоороо байна. Тоотой хэдэн орон сууцны барилга нэмэгдсэнийг эс тооцвол энэ аймагт хөгжил гэхээр зүйл огт алга. Уг нь өмнөх Засаг дарга АН-ын угшилтай О.Амгаланбаатарын үед аймгаа хөгжүүлэх хэд хэдэн ажил санаачилсан ч өнөөх нь өнөөдөр замхарчээ. Үгүй ядаж гаднын томоохон зочин гийчин ирэхэд хүлээн авч байрлуулах, хооллох тохилог үйлчилгээний газар ч алга. Уг нь хотоос зайдуу ч аймгаа хөгжүүлэх боломж хангалттай бий. Наанадаж аялал жуулчлалаа хөгжүүлэх, дэд бүтэц сайжруулах гэх мэт ажил их. Тэр ч бүү хэл Говь-Алтайнхны амьжиргааны төвшин бусад аймагтай харьцуулахад доогуур байгаа нь нутгийн удирдлагууд хэрхэн ажиллаж буйг харуулах биз. Засаг дарга С.Гансэлэм та ажлаа хийвэл хийсэн шиг хий. Алтайчууд хөгжлийг хүсч байна. Түүнээс биш таны баяжихыг, таны увайгүй аашлахыг, таны эрх мэдлээ тогтоохыг хүсээгүй, хүлээгээгүй билээ. Шударга ёсыг эрхэмлэдэг эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та шударга бусын хонгил болсон Засаг дарга С.Гансэлэмтэй хариуцлага тооцон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, алтайчуудын сонголтыг хүндэтгэхийг МАН-ынхнаас хүсье. Монголчууд, тэдний дунд алтайчууд таныг шударга хүн хэмээн итгэж байна. Тиймээс та дээрх зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хэлье. Хүн хөгжихийг хүсэхээс ухрахыг хүсэхгүй. Бас бусдад хөгжил муутайгаараа хэлүүлэхийг алтайчууд хүсээгүй, хүсэх ч үгүй.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин