“Элэгний С вирустэй гэдгээ сонсоод сэтгэлийн махаа их идсэн дээ. Сэтгэл санаагаар унаад турж эцээд хүн харахад хэцүүхэн жижигхэн амьтан болсон” хэмээн хэнгэнэтэл санаа алдах энэ эр одоо бол халуун наранд сүүдэрт нь зогсч сэрүүцмээр тарган, цатгалан “том” хүн болжээ.

Учир нь, түүний сэтгэлийг тултал нь зовоосон элэгний С вирус бүрэн устаж, эрүүл энх аж төрж байна. Л.Ачит гэх өдгөө 68 настай энэ ахмад цагтаа цалгиж явсан эр гэнэ. Бидний яриа бүр алсаас галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан түүний залуу наснаас эхэллээ.

Тэрбээр Төв аймгийн Эрдэнэсант суманд залуу насаа өнгөрүүлсэн бөгөөд инженер, механикч мэргэжилтэй нэгэн аж. Тус сумаас амьдралын ханиа олж, гэр бүл болон хоёр хөөрхөн хүүтэй болсон ч хорвоо буцаагаад авчихсан гэнэ. Харин удмыг нь үргэлжлүүлэх ганц охин ээж, аавдаа “эрхэлж” иржээ. Охин А.Эрдэнэбулган нь эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд хоёр хүүтэйгээ, аавтайгаа нийслэлийн СХД-ийн XXVII хороонд энх тунх амьдарч байна. Өндөр настан Л.Ачит гуай хүний амьдрал хөрвөхдөө, урвахдаа их амархан юм билээ гэж тодотгосон. Ингэж хэлсэн нь учиртай аж. Түүнд амьдрал хатуу хандаж, хоёр жилийн өмнө хайртай ханиасаа хагацаж, ганц охиноо түшээд хоцорчээ. Тэрбээр “Миний хань 2016 онд даралтаар нам унаад өөд болсон. Ханиасаа хойш их ганцаарддаг болов. Хоёр зээгээ хичээл сургуульд нь зөөж авах гээд их зүйлд сатаарсан.

 

Хүн ер нь эрүүл мэндээ гаргуунд нь хаяж болохгүй юм билээ. Хүний хамгийн гол зүйл эрүүл мэнд. Аз жаргалтай, элэг бүтэн байхад эрүүл мэнд чухал шүү” хэмээсэн.

 

“Эрүүл мэнд эрхэм чухал” хэмээн өгүүлбэр бүртээ онцлоод байсан нь бас л учиртай аж. Ханиа алдсан харуусал нимгэрч амжаагүй явтал нэг жилийн өмнө элэгний С вирустэй гэдгээ мэджээ. Тэрбээр өвдвөл л эмнэлэгт ханддаг хэнэггүй Монголчуудын нэг байсан гэнэ. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгг хамрагддаггүй гүндүүгүй Монгол эр явжээ. Харин талийгаач ээж нь элэгний С вирустэй байсан тул охин нь үлдсэн ганц аавдаа үргэлж санаа зовниж эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахыг хүсч, эмнэлэгт даруй үзүүлэх хэрэгтэйг ятгадаг байсан аж. Орон даяар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр эхэлж, урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамруулж буй мэдээг сонсоод охин нь аавыгаа “Энх элбэрэл” өрхийн эмнэлэгт шинжилгээ өгүүлэхэд элэгний С вирус илэрсэнд хоёул ихэд хямарчээ.

 

С вирустэй гэдгээ мэдсэн тэр “хар” өдрөөс “Эрүүл болжээ” гэх эмчийн үгийг сонсох хүртэл тэмцсэн, тэвчсэн сар өдрийн тухай тэр залхууралгүй ярилаа. Учир нь, түүний эдгэрсэн түүх элэгний вирусээр ханыгаа, аав, ээжийгээ, ахдүүгээ алдсан, алдахвий гэхээс айж яваа хүмүүст “амьдрал” бэлэглэх нь лавтай.

 

Л.Ачит гуай ярихдаа “Би өнгөрсөн 2018 оны есдүгээр сард өрхийн эмнэлэгт ирж шинжилгээ өгч үзүүлэхэд элэгний С вирус 2 сая гаруй тоологдсон. Тэгээд эмч нарынхаа зөвлөгөөгөөр орж, эмчилгээндээ цагалдалгүй орсон. Гурван сар уух эм бичиж өгсөн. Тэр эм нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хувийн хөнгөлөлттэй үнээр гардаг юм гэж эмч хэлсэн.

Ингээд өрхийнхөө эмнэлгээр эргэлдэж, эмчийн хяналгдор эмээ уудаг ажилтай болсон. Гурван хайрцаг эм өгсөн. Анхныхаа хайрцаг эмийг уугаад эмнэлэгтээ шинжилгээ өгөхөд вирус багассан байсан. Дараа нь хоёр хайрцгаа ууж дуусгасан. Маш их итгэл найдвар төрснийг нуух юун. Эмчилгээ маань яг шинэ жил болон Цагаан сар гээд баяр ёслолын үе таарсан бөгөөд тэр үедээ дэглэмээ чанга хатуу барьсан. Архи, айраг ууж, цагаан идээ идэж болохгүй. Шарсан хуурсан, өөх тостой хоол, гаазтай ундаа огт хэрэглэж болохгүй гэсэн зөвлөгөөтэй. Гэвч би өөрөө Булганы Сайхан сумын унаган хүн. Айрганд их дуртай. Айраг хараад нүд минь бүлтгэнэж, шүлсээ залгиж байгаа юм гэхдээ л уух хүсэл хорхойгоор дарж чадсан. Голдуу шөл устай, өөх тосгүй хоол хүнс хэрэглэсэн. Гурван сарын хугацаанд хүн өөрийгөө л боддог юм билээ. Тэвчээр их гаргасан. Би бүхнийг тэвчээд тэсээд гарсан. Эрүүл саруул биетэй болоод өнгө зүс орно гэдэг үнэхээр сайхан. Нуруун дээрээс хүнд ачаа авсан мэт санагдаж байсан. Хийсэн эмчилгээ буюу эмэндээ ч сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл үр дүнтэй. Одоо надад ямар ч зовиур алга. Шинжилгээнд орохоос өмнө ханиа алдсанаас хойш нэг жилийн хугацаанд бие маань ядарч, сульдаад царай зүс харлаад, нойр их хүрдэг байсныг охин минь ажигласан байсан. Дахин хэлэхэд, эмчилгээний тухайд бөөрөнхий хайрцагтай эмийг өдрийн гурваар уудаг байсан! Дээр нь дархлаагаа сайн дэмжих ёстой. Эмчилгээ хийлгэж байхдаа дэглэм алдаж болохгүй юм билээ. Нэг удаа дэггүйтээд хөдөөнөөс ирсэн багын найзтайгаа ганц шил архи хүртээд унтчихсан чинь маргааш нь ёстой баларсан. Биеэр ялангуяа цээж хавиар улаан хүрэн юм туураад ирсэн. Найздаа харуулаад “Чи зүгээрээ яах ч үгүй” гээд байсан ийм болчихлоо. Одоо би үхлээ гэж найзыгаа цаашлуулж айлгасан / инээв/. Тэгэхээр дэглэм алдаж болохгүй юм билээ” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. 2020 он гэхэд 2.185.264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 40-65 насны 750.040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353.445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулжээ. 2017 оноос С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний үнийг 100 хувь, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМДСангаас 1 хайрцаг эмэнд 210.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100 хувь, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-аас 60 хувиар хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан нь элэгний В вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж хяналтад авах сайхан боломж бүрдсэн.

2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В.С вирусийн халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

 

Түүнтэй уулзахад нүүрэндээ баярын мишээлтэй, нүдэндээ бахдалын очтойгоор “Ахынх нь хөл өвдөхөөс бусад эрхтэн өвдсөн зүйл байхгүй. Дээр теннис тоглож байгаад хөлөө эвгүй гишгэчихсэн юмаа” гэсэн юм. Хоёр зээгээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг байсан тэрбээр хичээл сургууль амарч нуруу нь амсхийж байгаа нь энэ гэнэ. Хааяа таксинд явж хоёр зээгийнхээ тараг, сүү, талхнь мөнгийг олдог тэрбээр чөлөөт цаг гарва; хорооныхоо ахмадуудтайгаа нийлж хөзөр даалуу тоглодог гэнэ.

Ай даа, амьдрал ийм сайхан даа Нээрэн л Л.Ачит гуайн хэлснээр эрүүл байвал болж, бүтэхгүйн буданд мана аяндаа арилна даа. Эрүүл мэндий салбараас иргэнийхээ эрүүл мэндэд зориулж байгаа олон ажлын нэг нь “Эл бүтэн Монгол” үндэсний хэмжээн том хөтөлбөр юм билээ. Хөтөлбөрийн хүрээнд олон мянган хүн элэгний вирусийн шинжилгээнд хамрагдаж вирустэй, үгүй эсэхээ мэдэж авлаа. Дар нь зохистой эмчилгээнд хамрагдг эрүүл болж авлаа. Үүнээс илүү гавьяа гэж юу байх билээ. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын үр дүн эрүүл болсон энэ биеэс илт харагдана лээ. Ярилцлагын төгсгөлд Л.Ачит гуай “Цаашид энэхүү үр өгөөжтэй үр бүтээлтэй үндэсний том хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй. Үнэ төлбөргүй эмчилгээг цаашид үргэлжлүүлээсэй гэж хүсч байна” гэдгийг дахин онцолсон. Цоо эрүүл болсон өвөө хоёр зээ, ганц охиндоо “хань” болоод, буурал хорвогийн бор, шаргал өдөр хоногийг өнгөрүүлж явна. Урт насалж, удаан жарсахын ерөөл дэвшүүлье.

Л.Тулга

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин