Баабар: Солийн Данзан
2 цагийн өмнө
Гамин цэрэг орж ирэн Монголын автономт засгийг устгахад үүнд дургүйцсэн ноёд, лам нар, язгууртан, харц, төрийн түшээд гээд нийгмийн янз бүрийн давхаргад эсэргүүцлийн бүлэглэл үүссэн.
Үүнээс одоогоор мэдэгдэж буйгаар харц ард гаралтайчуудын Ардын, төрийн түшмэлүүдийн Түшмэдийн, ихэс язгууртны Ноёдын гэсэн гурван дугуйлан биенээсээ үл хамааран тус тусдаа үүссэн аж. Эдний бүгдийнх нь зорилго хятадуудыг хөөж гаргах, Богд хаанаар удирдуулсан тусгаар улсыг байгуулах байлаа.
Автономтыг устгах ёслол болсон бараг тэр өдөр л Хүрээний оросууд зонхилон амьдардаг Консулын дэнжид орос сургуулийн монгол бичгийн багш Догсомын Бодоо* гээч 35 настай лам дугуйлан үүсгэв.
Бодоо бол лам явсан, монгол, төвд, манж хэл бичигт мэрэгшсэн, шавийн нутагт ахлах нарийн бичиг, багш, хянан тохиолдуулагч, илтгэгч, хэвлэлийн шүүмжлэлт нийтлэлийн зохиогч, тэргүүний итгэл үнэмшилтэй, монголын нийгмийн шинэчлэл ба Монгол улсын бие даасан хөгжлийн талыг чин сэтгэлээсээ баримтлагч, жирийн биш хурц тод хувь хүн байсан нь тэр үеийн түүхээс харагддаг. Хятадуудыг хөөж гаргасны дараа яах вэ гэдэгт гагцхүү Бодоод л өөр шинэ зам мөр хөөх бодол байсан бололтой. Түүний үзэл бодолд Хүрээнд байсан большевикууд ихээхэн нөлөөлжээ. Яагаад ч юм, Хүрээний Думад большевикууд зонхилох болсон ба тэд Октябрийн хувьсгалын дараа бүр даврах болжээ. Эдэн дунд мэдээж Оросоос шинээр орж ирсэн тагнуул туршуул бишгүй нэг байв. Октябрийн хувьсгалын дөнгөж дараанаас Бүх дэлхийд хувьсгал хийх тухай Троцкий, Ленин нарын сургаал большевикуудын зүрхийг хөөргөж хийрхэлийн далайд умбуулжээ. Бодоотой хамгийн ойр дотно байж түүнийг уруу татаж байсан большевикууд гэвэл Гембержевский, Цыбыктаров, Кучеренко гэх мэт. Кучеренко, Гембержевский нарыг большевикууд Монгол руу тагнуул-өдөөн хатгагчаар зориуд явуулсан бололтой байдаг. Хэвлэх үйлдвэрийн механикчаар ажиллаж байсан Кучеренко Бодоотой уулзаж ярилцан тэрийг нь Чойбалсан хэлмэрчлэнэ. Бодоо байгаагүй бол Чойбалсан хорвоод танигдахгүй явсаар насыг барах байсан байхаа.
Ерөөсөө ч Бодоо орон гэргүй тэнэж явсан Чойбалсанг гэртээ орогнуулах болсон шалтгаан нь түүний орос хэл байх. Бодоо Оросын консулын хашаан дахь гэрт суудаг байсан ба гэр оронгүй Чойбалсанг гэртээ суулгажээ. Энэ нь Чойбалсангийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Доод хурал тарсан тэр өдөр буюу 1919 оны арваннэгдүгээр сарын 15-нд Зүүн Хүрээнд бас нэгэн дугуйланг гаалийн хорооны жижиг түшмэл Солийн Данзан гэгч санаачлав. Төв Халхын нэгэн ядуу хүүхний бутач хүү Данзан бол Бодоотой нас чацуу. Бие жижигтэй боловч хөнгөн гавшгай, сэргэлэн, гүймэг ухаантай энэ залуу нэг хэсэг шилийн сайн эр болж адуу мал хулгай хийдэг ажил эрхэлж байв. Сүхбаатар энэ бүлгийг санаачлах байтугай удирдлагад нь ч байсангүй. Учир нь, монголчууд насны эрэмбээр зиндаархдаг заншилтай болохоор өөрөөсөө арав ах хүмүүсийг тэр даргалахгүй нь ойлгомжтой. Түүнээс гадна тэрээр бичиг үсэгтэйгээс цаашгүй, бусадтайгаа харьцуулахад бага боловсролтой хүн. Тэгээд ч уул бүлгийг анх байгуулахад байгаагүй, Данзантай нөхөрлөдөг учраас мөрийнд орон гэрээ алдчихаад нүцгэрч явахдаа Данзангийнхаар орогнож яваад энэ бүлэгт хожим нэгдсэн бололтой. Зүүн Хүрээний Данзангийн бүлгийнхэн угийн эх оронч, үндэсний үзэлтнүүд байжээ. Тэдэн дунд цэргийн хүмүүс нэлээд байсан нь ийм уур амьсгалд бүр ч нэрмээс болох нь дамжиггүй. Тэд илүүтэй Богдод үнэнч байсан ба тусгаар тогтнолын төлөө юугаа ч үл хайрлах эрэлхэг зоригт эрс.
Энэ бүлгийнхэн хэдийгээр бараг бүгдээрээ ард гаралтай боловч төрийн яамдын жижиг түшмэд байсан ба Чойбалсангийн батлаж буйгаар сүүлд хоорондоо муудахаараа Данзан нарыг “түшмэдийн нам” гэж хочилдог байжээ. Данзангийн бүлгийнхэн шийдмэг арга хэмжээ авахад үргэлж бэлэн байсан.
Тэд 1920 оны нэгдүгээр сард хятад цэргийн зэвсгийн агуулах руу довтлон өөрийгөө зэвсэглэхээр төлөвлөж байсан төдийгүй Сю Шүжэнг алах төлөвлөгөө ч сэдэж байлаа. Мөн автономыг устгасан явдлын бурууг ноёдын урвасан явдал гэж үзэн тэднийг “илчилсэн” нэргүй бичиг энд тэнд нааж байснаар үл барам Бадамдорж, Цэрэндорж хоёрыг сэм алах талаар ч ярилцаж байжээ.[i] Данзан Сүхбаатарыг дагуулаад хойш хил гарах гэж оролдсон ч удаа бий. Зорилго нь судалж тагнан туслалцаа хайхад оршиж байсан болов уу. Данзангаас нэг насаар ах Дансранбилэгийн Догсом* хэмээх Цэргийн яамны түшмэл мөн энэ бүлэгт оржээ. Догсом Зүүн Хүрээний бүлэг дотроо хамгийн боловсролтой нь байв. Алдарт бичгийн хүн Магсаржав* хурцын хүү, сүүлд нь өөрөө алдарт дуучин, хөгжмийн зохиолч болсон Дугаржав* болон Галсан, Тогтох, Даш, мөн Балсанов хэмээх буриад зэрэг хүмүүс, хожим Унгернтай нийлж гамин цэргийг устгахад онц гавьяа байгуулсан Баяр гүн*, Сангийн сайд болж байсан Лувсанцэвээн нар ч энэ дугуйланд байсан. Төрийн яамдад жижиг түшмэлийн алба хаадаг доод хурлын гишүүн энэ хэдэн хүн автономи унасан өдөр Оросын консул Орловт бичиг өргөн, Хятадын эсрэг хамтарч тэмцэх санал тавьжээ. Мөн дундаасаа төлөөлөгч сонгон Богдтой уулзуулж энэ талаар айлтгалыг нь сонссон аж. Богд тэдний шашин, төрөө аврах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн боловч цаг нь болоогүй тул түр тэсэхийг уриалжээ. Ямар нэгэн дугуйлан байгуулаад Хятадын эсрэг яаж тэмцэхээ Богдоос асуусан өөр бүлэг нэлээд хэд байсан бололтой. Харин эдэн дундаа Консулын ба Зүүн Хүрээний бүлэг хамгийн идэвхтэй байсан нь маргашгүй түүхийн баримт. Хоёр дугуйлангийнхан ижил зорилготой ч гэсэн үзэл суртал, боловсролын түвшин, арга тактик дээр нэлээд зөрүүтэй байсан нь хожим нь үхэл сэхлийн маргаан болон өргөжив. Энэ үед Наум Буртман* хэмээх томхон большевик Бээжингээс Эрхүү орох замдаа Хүрээгээр дайрч, Хүрээний нөгөө гурван большевикаар заалган Консулын бүлгийнхэнтэй уулзаж “зөвлөлгөө өгсөн” байна. Хэдхэн сарын дараа тэрээр Эрхүүд большевик намын Төв Хорооны Сибирийн товчооны Дорно дахины секц байгуулж дарга нь болсон ба Борисовоор удирдуулсан Монгол-Төвдийн хэлтэс тэнд бас багтсан юм. Буртманы айлчлал ба Хүрээний большевикуудын ялалтын үр дүнд ийнхүү Эрхүүгийн мөнөөх Дорно дахины секц – Хүрээний Думын управа - Консулын бүлгэм гэсэн гурвалжин холбоо үүсэв. Зүүн Хүрээнийхэн консулынхантай ямар механизмаар яг хэзээ хэрхэн холбогдсон нь бүдэг, харин нэгдэхэд Эрхүүгийнхэн оролцсон нь түүхэн баримт юм.
Бодоо Данзангаа урьж хэдүүлээ нийлж аваад 1920 оны гуравдугаар сард Кучеренкогийн гэрт И.А.Сороковиковтой уулзжээ. Аугаа их хувьсгал хийх гэж буй бол урьд нь нууц нам байгуулдаг ба тэр нь дотроо дүрэмтэй, зохион байгуулалттай, алс ирээдүйгээ тодорхойлсон программтай байх ёстой байдаг юм гэж мөнөөх оросууд энэ хэдэд ойлгуулсан бололтой.
“Хэрэв танай орон үнэхээр дарлагдаж, хэрэв Та бүхэн эрх чөлөөг хүсэж байгаа бол би Та бүхнийг туслах газартай нь холбож өгч болох юм” гэж Сороковиков яриад судлах зорилгоор тэднээс дэлгэрэнгүй “анкет” авчээ. Хоёр бүлгийнхэн оросуудын дэмжлэг авахын тулд гишүүнийхээ тоог нэлээд өсгөн дэлсэв.[ii] Тэд ердөө 16-уулаа байжээ, харин ирсэн орост өөрсдийгөө мянган хүнтэй үүний 500 нь зэвсэгт отрядад хамаардаг мэтээр ярьсан байна.[iii] Сороковиков Орос руу яаралтай яван Эрхүүгийн хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга, Гадаад явдлын ардын комиссариатын Алс Дорнодын төлөөлөгч Янсонтой уулзжээ. Тэд юу ярьж тохиролцсон нь тодорхой бус боловч Сороковиков зургадугаар сард Хүрээнд эргэж ирээд 1920 оны зургадугаар сарын 20-нд хоёр бүлгийн 10 нөхөртэй уулзан Монголын ард түмний үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг Зөвлөлт засаг дэмжиж байгааг дуулгасан байна. Ингээд бүх юм “тодорхой” болсон хойно хоёр бүлэг нэгдэн Монгол ардын нам байгуулах хурал 1920 оны зургадугаар сарын 25-нд Данзангийн гэрт боллоо. Хожим дангаараа тасралтгүй төрийн эрх барьсан хугацаагаараа дэлхийн рекорд тогтоож Гиннесийн номд орсон[iv]Монгол ардын хувьсгалт нам анх ингэж үүсчээ. Уг хуралд хэлэлцсэн дараагийн, магадгүй илүү чухал асуудал бол дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ЗОУ-аас тусламж гуйх, тийш явах төлөөлөгчийг сонгох асуудал ажгуу. Хоёр бүлгийн удирдагч Данзан*, Бодоо нараас гадна Консулын бүлгээс Чагдаржав*, Чойбалсан, Лосол* лам, Зүүн Хүрээний бүлгээс Сүхбаатар, Догсом* нар орцгоожээ. Гэвч тэд хэнийг төлөөлж гадаад гүрнээс тусламж гуйх вэ? Үүнд зарчмын том маргаан дэгдлээ. Нэгэнт “алдагдсан эрхийг” эргүүлж авах гэж буй юм бол Богд хааны тамга бүхий бичгээр түүний нэрээр гаднаас тусламж гуйх нь Зүүн Хүрээний эх орончдод нэр төрийн хэрэг аж. Гэтэл большевикуудын нөлөөнд илүү орсон Бодоо тэргүүтэй үзэл сурталчдын хувьд ирээдүйд төрийн эрх мэдэл авах ёстой энэ байгууллага өөрийн нэрээр тусламж гуйвал утга учиртай болох ёстой аж. Тэд тэр үед дөнгөж байгуулагдаад байсан Алс Дорнодын бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Шумяцкийтэй уулзацгаав. Эрхүүд Монголын төлөөлөгчдийг Дорнод Сибирийн большевик намыг секцийн дарга бөгөөд Сибирь Алс Дорнодын гадаад харилцаа хариуцсан Ф.И.Гапон* хүлээн авлаа. Гапон уулзалтын дараа Карахан болон Янсон руу захидал бичжээ
Төлөөлөгчид Монголын нийгмийн гурван давхрагыг хамаарчээ
1. Олон түмэнд илүү нөлөөтэй ардын хувьсгалын зүүний үзэлтнүүд.
2. Дээд ангийн ноёд лам нар
3. Бага тушаалын түшмэд, худалдаачид.
Тэдний гол зорилго нь автономиа сэргээх юм байна. Автономиа сэргээхэд Зөвлөлт Оросын хандлага ямар байхыг мэдэх нь дараагийн зорилго бололтой. Яриан дунд Хүсэлт болон саналаа тодорхой бичсэн өөр бичиг Гапон монголчуудаас шаардажээ. Төлөөгчдийн зарим нь болох Данзан, Догсом нар уурлаж, Богд гэгээний бичгээс илүү нотолгоо хаана ч байхгүй гэцгээв…. Хэлцүүлгийн дараа Данзан, Лосол, Чагдаржав гурав Ринчино, Жамбалон нарын хамт Омскоор дайран Москва явахаар болов. Хоорондоо маргаснаас болж Лосол Жамбалон нар Эрхүүгээс буцаж ирсэн. Сүхбаатар, Чойбалсан хоёр Эрхүүд цэргийн сургууль хийхээр болов. Бодоо, Догсом хоёр нутаг буцлаа. [v] Монголчууд мөнөөх Ханддорж, Намнансүрэн нарын нэгэн адил орос цэрэг биш харин цэргийн зөвлөх сургагч нар болоод тодорхой зэвсэг нийлүүлэхийг хүслээ. Байлдах чадварын хувьд өөрсдийгөө үргэлж хятадуудаас дээгүүр тавьдаг монголчууд тодорхой зэвсэгтэй бол Хятадын цэргийг өөрийн хүчээр намнан хөөж чадна гэж тооцоолж байсан бололтой. Харин энэ гуйж буй зэвсгийнхээ хэмжээг мянган винтов, 20 их буу, 300 пулемётын хэмжээнд тодорхойлжээ.[vi] Гапоны үг төлөөлөгчдийн дунд мөнөөх Богдын тамгатай бичгийн талаарх зөрөлдөөнийг дахин хурцдуулав. Данзан болон түүний бүлгийнхэн өөрийнхөөрөө зүтгэж, үүнээс болон хоёр тал хамт хооллохоо болин гудамжаар мэндгүй зөрөх, замын хоёр талаар явах зэргээр муудалцсанаа илэрхийлж байв.[vii] Монголчууд хоорондоо ярилцаад цаашдын ажлаа хувааж авлаа. Данзан, Лосол, Чагдаржав гурав Омск руу явж төвтэй нь ярин өөрсдийнх нь үгээр “Монголын автономыг сэргээх” асуудлаар тусламж гуйх, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн холбоо харилцаа барих, Бодоо, Догсом хоёр Хүрээ рүү буцахаар шийдсэн байна. Хоёр бүлгийнхэн тал талдаа тэнцүү хуваагдсаныг эндээс ажиглаж болно.
Ринчино газарчлан Данзан, Чагдаржав нарыг мөн оны есдүгээр сарын дундуур Москвад аваачив. Ринчино, Данзан, Чагдаржав нар Зөвлөлт Орос Улсын Гадаад явдлын Ардын комиссарын орлогч Карахантай л уулзсан.
Сүхбаатар нарын 1921 оны намын гишүүний батлах дээр шал өөр тамга дарагджээ. Сүүлд олдсон материалаас үзэхэд Сүхбаатарын намын бат илэрхийлэхэд дарсан тамганы дардас нь дундаа хас тэмдэгтэй ба “Монгол ардын хувьсгалт нам” гэдэг үгийн орос товчлол МНРП (Монгольская Народно-Революционная Партия) үгийг хас тэмдгийн дээр, доор бичиж. Тэгэхээр Бодоогийн сийлсэн Монгол ардын нам гэсэн нэг тамга, бас хэн, хаана хийсэн нь тодорхойгүй, хас тэмдэгтэй МНРП гэсэн орос үсэгтэй Д.Сүхбаатар нарын батлах дээр дарагдсан өөр нэг тамгатай байна. Хожим МАХН-ын түүхийн баримт бичгүүдэд 1921 оны үйл явдлуудыг заримд нь МАХН гээд, заримд нь МАН гээд түүхийг будлиулж гардаг. Тэгвэл Бодоогийн сийлсэн Ардын намын тамгатай батлах одоо хүртэл олдохгүй байна. Хилийн чанадад буриад, халимаг голдуу гишүүнчлэлтэй байсан байна. “МНРП” намыг Орост л шинээр үйлдсэн болов уу. Бодоо, Данзан тэргүүтэй МАН-ынхан Хүрээнээс Орос улсыг зорин гарахдаа “Гамин цэргийг хөөн зайлуулж тусална уу, Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залж өгнө үү” гэсэн утгатай бичигтэй явсан. Харин энэ үеэс Монголд анх байгуулсан МАН яасан нь мэдэгдэхгүй болж, хилийн чанадад байгуулагдсан МАХН гэсэн бас нэг улс төрийн бүлэглэл буй болсон мэт. Монголын хувьсгалчдын Хүрээнд байхдаа Орос улсаас тусламж хүссэн МАН-ын бичиг, Богд хааны бичгүүдийг Коминтерний Сибирийн товчоо редакторлан танигдахын аргагүй болгож тусламж хүссэн гэрээ маягтай болгожээ. Энэ бичиг Тагна Урианхайд хувьсгал хийнэ, улмаар Азийн хувьсгалыг Монгол толгойлно гэх санаатай өгүүлбэрүүд Коминтерний санаачилгаар орж баяжлаа. Өнөө Монголын хувьсгалчдын хүрэн зандан ташуурт нууж хил давсан гэх домогтой бичиг маань өөрсдийн мэдэлгүй ийм гаж болж, бүүр дэлхийн хувьсгалын шинжтэй болоод Москвад хүрчээ. Тэр үеийн Коминтерний санхүүгийн баримтад Монголын хувьсгалчид тухайлбал, Бодоо, Коминтерноос 20 ширхэг гар бөмбөг авсан. Данзан Москвад МАН-ын валютын данс нээлгэж байсан зэрэг мэдээллийг түүхчид нэмж олсоор байна.
МАН-ын дарга Данзан Коминтерноос валют авч байснаа хожим нь өөрөө Сангийн сайд болсон хойноо төрд тушаасан байдаг. “Сангийн сайд Данзангаас Коминтерний өгсөн мянган алтан зоосыг Ардын Засгийн газрын санхүүд тушаав. (Сангийн сайд Данзан)” гэжээ.
Эдэн дундаа хамгийн сэргэлэн, хурц ухаантай нь Түшмэдийн намын Данзан байжээ. Хэдийгээр огтоос боловсролгүй хүн байсан авч өөрийнх нь эх оронч үзлийг большевикууд хааш нь хөтлөх гээд байгааг бүхнээс түрүүн, бүхнээс илүүтэй ойлгож байжээ. Тэрээр тусгаар Монгол төр, Богд хаан, шашин шүтлэгтээ илүүтэй үнэнч байсан юм. Түүний шадар туслах, итгэлт залуу Сүхбаатар цэргийн бага дарга байсан хүний хувьд цэрэг зэвсгийн явдлыг гайгүй мэддэг, золбоолог, шударга хүн байжээ. 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол-Төвдийн хэлтсээс зохион байгуулж Троицкосавскт (Одоогийн Оросын хилийн боомт Кяхта) зөвлөлгөөн хийжээ. Үүнийг хожим 1925 онд Монгол Ардын Хувьсгалт Намыг үүсгэсэн хурал гэж үзэхээр тогтсон ба энэ хурлыг намын анхдугаар их хурал байжээ гэж албан ёсоор томьёолсон юм. Зөвлөлгөөнд Түшмэдийн намын Данзан, Сүхбаатар нар байсан ба үүнээс гадна хил орчмоор худалдаа наймаа хийдэг хэсэг монголчуудыг авчирч оролцуулжээ. Энэ үед Бодоо, Чагдаржав, Догсом, Чойбалсан, Лосол нар Монголд байв.
Алс Дорнодын төлөөлөгч гэгдэн Цэвээн Жамсрано, С.Борисов болон Гадаад харилцааны ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч гэгдэх О.Макстеник оролцсон бөгөөд тэрээр зөвлөлгөөнийг голлон толгойлсон бололтой. Эл зөвлөлгөөнөөс тунхаг гаргасанд юун түрүүн Монгол ардын намыг бошгыг халж дэлхийн капиталыг эсэргүүцэх коммунист маягийн нам гэдгийг тодорхойлж өглөө.
Мэдээж энэ саналыг тэнд байсан дөрөв тавхан монголчууд гаргаагүй нь ойлгомжтой. Мөн Гадаад Монголыг ирээдүйд Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань, Төвд, Хотон, Манж, Өвөр Монголтой хамтран холбооны улс болох зорилттой гэж тодорхойллоо. Хятадаас салах гэж арга үйлээ барж яваа монголчууд тэдэнтэйгээ нийлж холбооны улс байгуулна гэж ирээдүйгээ тодорхойлох учиргүй. Ингэхээр Троицкосавскт байсан тэр хэдийн оролцоо бараг байгаагүй гэсэн үг. Мөнөөх Монгол-Төвдийн хэлтэс, тасгийнхны хийж байгаа ажил. Тодорхой хэлбэл Москвагийн тушаал. 26 төлөөлөгч оролцсон тус зөвлөлгөөн Төв хороог сонгон, намын хөтөлбөрийг батлажээ. ТХ-ны даргын тушаалыг Солийн Данзан эзэлж, түүний орлогч нь Ринчино болов. Тэнд бас Монголын Түр Засгийн газрыг сонгон байгуулсан. Чагдаржав ерөнхий сайд болж, Ринчино нэгдүгээр орлогч нь болсон. Хувьсгал ялснаас хойш, 1921 оны есдүгээр сард Ринчино бас хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга болсон. Энэ албан тушаал нь тухайн үедээ улс орныг удирдах нэгдүгээр хүний хэргэм. 1921 оны 7-р сард Манзшир хутагт Цэрэндоржийн Засгийн газрыг огцруулж шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулжээ. Үүнийг хожмоо Ардын Засгийн газар гэх болсон юм. Засгийн газарт Монголын гол улс төрийн гурван бүлэглэлийг тэнцүү хамруулсан байдаг. Иймээс энэ нь нэг талаас эвслийн (хамтарсан) Засгийн газар байсан юм. Ноёдын бүлэглэлээс Шүүх яамны сайдаар Магсар хурц, Дотоод явдлын яамны сайдаар Да лам Пунцагдорж* тавигдсан нь Богд хааны нөлөө байсан биз. Нэг лам, нэг хар хүн орсон нь мөнөөх 1911 онд анхлан Засгийн газар байгуулахад лам ба харын талын хооронд зөрчил гарсныг тэнцүүлж байсан туршлагаас үүдэлтэй ч байж болох.
Түшмэдийн бүлэглэлээс Данзан Сангийн яамны сайд, Сүхбаатар Цэргийн яамны сайд болжээ. “Ардын” хэмээх нэрийн жинхэнэ эзэн авторын хувьд Бодоод Ерөнхий сайдын суудал олдсон болов уу.
Гадаад яамны сайдыг тэрээр давхар гүйцэтгэхээр боллоо. 1921 оны есдүгээр сарын дундуур Монголын Ардын Засгийн газрын хуралдаанаар Орос улстай найрамдалт харилцаа тогтоон, хууль зүйн дагуу гэрээ бичгээр баталгаажуулах асуудлыг хэлэлцэн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн яамны сайд, МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч Солийн Данзан тэргүүтэй Монгол Ардын Засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг томилон ЗОУ руу мордуулахаар шийдвэрлэжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тал талаас нь нягтлан ярилцсаны дүнд Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Дамдины Сүхбаатар, Гадаад явдлын яамны дэд сайд Баолингийн Цэрэндорж нарыг явуулахаар тогтсоны дээр Богд хаантай зөвшин тохиролцсоны дагуу түүний бие төлөөлөгчөөр шадар сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдинг төлөөлөгчдийн албан бус гишүүнээр явуулахаар шийдвэрлэсэн байна. 1921 оны наймдугаар сарын 25-нд Бошгыг халах залуучуудын эвлэл гэсэн байгууллагыг Улаанбаатарт байгуулсан ба голлох хүний нэг нь мөнөөх Чойбалсан байлаа. Өмнөхөн нь зөвлөлтүүд Хятадад байгуулсан залуучуудын террорист байгууллагад ийм нэр өгснийг шууд хятадаас нь орчуулан хэрэглэжээ. Өвөл нь ажил төрлийг нь байнга удирдуулж байхаар Эрхүүгээс А.Г.Старковыг илгээжээ. Тэрээр Ринчиногийн хамтаар эвлэлийг удирдан, Монголын удирдлагын дунд хагарал гаргах зэрэг ажиллагааг уран ашиглаж чадаж байлаа. Тэд байгуулагдсаныхаа дараахан тамга тэмдэг авах болоход нь Төв Хорооны дарга Данзан, Ерөнхий сайд Бодоо нар энэхүү хийрхүү нэрнээс нь жийрхэж, арай гэж гуйж байж Хувьсгалт залуучуудын эвлэл нэрээр адислажээ. [viii] Үнэндээ большевикуудыын байгуулсан Монгол ардын нам, тэдгээрийн байгуулсан Монголын Засгийн газар нь өөр хандлагатайгаас гадна Азид хувьсгал байгуулаад байхаар хүмүүс гэхээсээ өөрийн орны эх орончдын нэгдэл болсон нь зөвлөлтүүдэд тааландсангүй. Ийймээс Бошгыг халагчид нь зөвлөлтүүдийн шинээр дахин байгуулсан улс төрийн бас нэг нам байлаа. Бошгыг хална, феодал лам нартай тэмцэнэ, хуучин ёсыг хална гэсэн үзэлтэй Оросын буриад нар жинхэнэ зорилгоо хэрэгжүүлж эхлэхэд нь энэхүү залуучуудын байгууллагаас өөр түших тулах бааз байсангүй.
Шинэ хүчин туйлын идэвхтэй ажиллаж ердөө л 1921 оны арванхоёрдугаар сар гэхэд анхны “хувьсгалын эсэргүүчүүдийг” илрүүллээ. Богдын торгон цэргийн дарга Саж ламын толгойлсон гэх эсэргүү хэрэгт 48 хүнийг баривчилж, жилийн дараа заримыг нь буудсан нь Монголд олон жил үргэлжилсэн улаан террорын анхных нь байсан юм.
Баривчлах, буудах зэрэг ажлыг мөнөөх Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүд хийжээ.[ix] Залуучуудын энэ хийрхүү байгууллага Монголын төрийн удирдагчдыг ээлж дараалан түлхэн унагах, устгах ажиллагаанд олон жил ашиглагдсанаас гадна эрх мэдлийн төлөөх монголчууд хоорондын тэмцэлд давын өмнө хэрэглэдэг багаж байлаа. Хуучин ёсыг халж, эхнэр хувцас, гэзэг үс, нударга зэрэгтэй тэмцэх ажилдаа Бодоо эднийг ашиглаж байсан бол, Бодоог устгахад Данзан бас ашигласан, Данзанг унагахад Дамбадорж, Дамбадоржийг түлхэхэд Гэндэн хэрэглэж байлаа. Харин энэ бүхний ард Ринчино зэрэг Зөвлөлтийн төлөөлөгч ёс мэт байна. Эднээс айдаггүй хүн байсангүй. Бодоо эднийг төрийн хүчээр айлган загнасан боловч Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч А.Охтин, мөн Ринчино нар араас нь гарч ирэн өмөөрөхөд Ерөнхий сайдын хулхи бууж байлаа.[x]
Үргэлжлэл бий...
Баабар
Зочин · 22 минутын өмнө
SEKSEY XAMTRAGCH BOLI80955877SERELN ODOON
Зочин · 2 цагийн өмнө
BOOB VNZTAI GOE LAW XXN VANAGLMAAR80955877SEKSDEED ANUSDI ALNI SEKSEER