Засаг буюу сайд нарын зөвлөл

Монгол улсын Засгийн газар байгуулагдах арга зам, эрх мэдэл, үүрэг функц, статусын хувьд 1990-ээд оноос өмнө Монголд оршиж байсан Сайд нарын Зөвлөл. Яг СнЗ шиг томилогддог, яг СнЗ шиг УИХ, ба УИХ-ын дарга ба түүний “засгийн” дор оршдог, яг СнЗ шиг сайд нарын зөвлөл, Ерөнхий сайд нь яг СнЗ-ийн дарга шиг сайд нарын зөвлөлийн дарга, яг СнЗ шиг улс орны захиргаа, эдийн засаг, аж ахуйн албаны үүргийг хэрэгжүүлдэг. Төрөлжсөн алба, хэлтэстэй яам буюу “газар”. Энэ түүний СнЗ-ийн тал нь. Харин СнЗ-өөс ялгаатай нь томилогч нь нэг эрхтэн ч биш (Ерөнхийлөгчийн засаглалын ерөнхийлөгч, эсвэл парламентын засаглалын хаан, ерөнхийлөгч), эсвэл нэг удирдагч, түүний нам ч биш (Зөвлөлийн дэглэмийн удирдагч ба нам, жишээлбэл, Цэдэнбал ба МАХН), нээлттэйгээр эрх мэдлийн төлөө өрсөлдөгч нэг бус намын ижил тэгш эрхтэй, саналтай, эв нь олдвол засаг барих, сайд болох эрмэлзэлтэй этгээдүүдийн эрх мэдлийн төлөөх талцал, дайсагнал, дажны үүр, парламент, гэхдээ зөвлөлийн засаглалын зөвлөлийн аргаар (АИХ) томилдог парламент. Тиймээс томилгоо нь эрх мэдлийн төлөөх, улс төрчдийн тохиролцоо. Тиймээс улс төрчдийн эрх мэдлийн төлөөлөгчдийн үүр-зөвлөл, тиймээс хэлэлцээ- хэрүүлийн үүр, тиймээс дарга цэргийн эсвэл захирах захирагдах ёс үгүй (үгүйсгэгддэг), тиймээс эрх мэдлийн төдийгүй гүйцэтгэх эрх мэдлийн нэгдэл үгүй (алдагддаг), тиймээс хариуцлага, тайлагнал үгүй (замхардаг) газар. Энэ нь түүний парламентын засаглалын тал нь зөвлөлийн засаглалын зөвлөлийн томилох аргатай хосолсон хэсэг нь. Тиймээс Засгийн газар нь зөвлөлийн болон парламентын засаглалын төрмөл урхгийн бүтээл. Адгийн хослол, эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Дээрээс нь Үндсэн хууль нь түүнийг мөхөөх найман зам зассан учир үргэлж мөхлийн ирмэг дээр. Энэ замуудын ихэнх нь зөвлөлийн ч, парламентын ч засаглалд байхгүй. Цэдэнбалын дэглэмийн уршиг уу, зүүний нялхсын өвчин үү, Чимэдтэний ухааны үр үү, эсвэл “хүйтэн дайнд” ялагчдын бүтээл үү бүү мэд. Ямар ч байсан Үндсэн хуулийн зорилго нь Монголд тогтвортой, хариуцлагатай гүйцэтгэх засаг оршоохгүй байх явдал гэж үзэж болно. Яагаад?

 

Засаг байгуулах бизнес

Нэгэнт Үндсэн хуулиар Монгол улсын Засгийн газрыг УИХ байгуулах ёстой бөгөөд Монголын парламентын засаглалын улаан хамгаалагчид парламентын засаглал ардчилсан төдийгүй Монгол улсын тогтвортой хөгжил, тусгаар тогтнолын баталгаа гэж зүтгэдэг учир Монголд засгаа хэрхэн байгуулдгийг парламентын засаглалтай хэмээх Өрнөдийн ардчилсан улс орнууд засгаа хэрхэн байгуулдагтай харьцуулан толилуулъя.

Угсаа залгамжилсан хаантай Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Андорра, Бельги, Дани, Лихтенштейн, Люксенбург, Монако, Голланд, Норвеги, Испани, Швед, Япон, ард түмнээрээ сонгогддог ерөнхийлөгчтэй Австри, Финланд, Исланд, Ирланд, парламентын оролцоотойгоор ерөнхийлөгчөө сонгодог Герман, Итали, Швейцар, парламент нь ерөнхийлөгчөө сонгодог Грек зэрэг улс нь парламентын засаглалтай улс орнууд гэж тооцогддог. Харин эдгээр орнуудын нэгэнд ч парламент нь засгийн газраа байгуулдаггүй юм. Тухайлбал манай улаан хамгаалагчдын “сонгодог” хэмээн өргөмжилдөг Вестминстерийн системийн эх болсон Англид парламент нь бус харин хаан нь парламентын итгэлийг хүлээж чадахуйц нэгнийг өмнөх ерөнхий сайдын зөвлөснөөр  

ерөнхий сайдаар томилдог бөгөөд түүний санал болгосноор бусад сайд нарыг нь мөн л хаан нь томилдог бөгөөд засгийн газар нь албан ёсоор парламентын бус харин хааны засгийн газар (His or Her Magesty’s Government) байдаг юм. Түүгээр ч барахгүй парламентын итгэлийг хүлээх лидер нь заавал олонхын лидер байх албагүй ч ихэвчлэн олонхын лидер, эсвэл олонхын итгэлийг даахуйц лидер байдаг юм.

Ерөнхийлөгчтэй улс орнуудаас засгийн газрыг байгуулахад хамгийн сулхан оролцоотой гэж тооцогддог улс нь Герман. Тэгсэн ч Германы ерөнхийлөгч нь канцлерыг, улмаар канцлерын санал болгосноор кабинетын сайд нарыг томилдог учир мөн л ерөнхийлөгч нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм (Германы Үндсэн хууль, Зүйл 63, 64). Ингэхдээ парламентын сонгуулийн дараа ерөнхийлөгч нь канцлерын нэрийг дэвшүүлдэг бөгөөд Бундестаг ямар ч хэлэлцүүлэггүйгээр нууц санал хурааж Бундестагийн гишүүдийн олонхын санал авсан этгээдийг ерөнхийлөгч нь канцлераар томилдог (Зүйл 63.1, 63.2). Чухам үүнийг л итгэл хүлээлгэх гэдэг бөгөөд итгэлийг нам бус харин парламент хүлээлгэж байгаа хэрэг юм. Хэрвээ ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүн олонхын санал авч чадахгүй бол Бундестаг өөрөө 14 хоногийн дотор шинэ нэр дэвшүүлж нууц санал хураах бөгөөд уг этгээд нь Бундестагийн гишүүдийн олонхын саналыг авбал ерөнхийлөгч нь түүнийг 7 хоногийн дотор канцлераар томилох ёстой. Хэрвээ уг этгээд Бундестагийн олонхын саналыг авч чадахгүй бол ерөнхийлөгч нь нэг бол уг этгээдийг канцлераар томилох, эсвэл Бундестагийг тараах ёстой (Зүйл 63.3, 63.4). Ийм их эрх мэдэлтэй ерөнхийлөгч нь Монгол улсын ерөнхийлөгч шиг бүх ард түмнээс сонгогдсон бус. Гэхдээ түүнийг дан ганц Бундестаг нь ч сонгодоггүй юм. Харин Бундестагийн гишүүд, ба холбооны 16 муж улсын хууль тогтоох хурлын сонгосон Бундестагийн гишүүдийн тоотой ижил тоотой сонгогчдоос бүрдсэн Холбооны Конвенц (Federal Convention буюу Bundesversammlung) олонхынхоо саналаар сонгогддог юм (Зүйл 54).8 Өөрөөр хэлбэл, Герман улсын одоогийн Бундестаг нь 709 гишүүнтэй учир түүн дээр 16 муж улсын хууль тогтоох байгууллагын сонгосон 709 сонгогч (муж улсын хууль тогтоох байгууллагын гишүүн байх албагүй) нэмэгдэж нийт 1418 хүнээс бүрдсэн Холбооны Конвенц Герман улсын ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хэрэг. Ерөнхийлөгчийг сонгохдоо канцлерын нэгэн адил мөн л саналын хуудсаар нууц санал хураалтаар сонгодог юм. 2017 онд одоогийн Ерөнхийлөгч Франк-Уолтер Штейнмейер 931 санал авсан бол түүний өрсөлдөгч нь 128 хүний санал авч байв. Ерөнхийлөгч, канцлер хоёрыг хоёуланг нь саналын хуудсаар нууц санал хураалтаар сонгож байгаа нь намын улс төрийг тасалж байгаа хэрэг төдийгүй шийдвэр гаргах эрхийг төрийн байгууллагын буюу төрийн онц эрхэнд хадгалан үлдэж байгаа хэрэг.

Германы ерөнхийлөгч үндсэндээ Английн угсаа залгамжилсан хааны үүргийг хэрэгжүүлдэг юм.

 

Английн хувьд засгийн газар нь түүхээрээ үргэлж хааных байсан бөгөөд 1688 оноос хойш парламентын итгэл дээр оршин тогтнох, ажиллах болсон юм. Нөгөө талаар угсаа залгамжилсан хааны хувьд улс орон нь түүний эзэмшил учир улс орноосоо урвах нь өөрөөсөө урвахтай адил хэрэг учир хаан урвадаггүй нь зүй тогтлоор ч, түүхээр ч  Италийн хувьд ч мөн төстэй журмаар Ерөнхийлөгчөө сонгодог. Италийн парламентын 2 (Сенат (315 гишүүн), Депутатын танхим (630 гишүүн)) танхимын нийт гишүүд (630) дээр Италийн 20 мужийн 19-өөс тус бүр 3 төлөөлөгч, Аоста Валлей мужаас нэг төлөөлөгч оролцож дийлэнх олонхын саналаар Ерөнхийлөгчөө 7 жилийн хугацаатай сонгодог. Ерөнхийлөгч нь мөн Ерөнхий сайдыг, Ерөнхий сайдын саналаар сайднарыг нь нэрлэдэг юм. Мөн ИталийнЕрөнхийлөгч парламентаа тараах эрхтэй.

 

 

. Тийм ч учир Ерөнхий сайд, сайд нарыг томилох эрхийг Английн хаан улсын эзний (sovereign) ёсоор эдэлдэг юм. Нөгөө талаар нэгэнт засгийн газар нь парламентын итгэл дээр орших учир парламентын итгэхгүй засаг оршихгүй.

Тиймээс эдүгээгийн тэргүүний ардчилсан бүх дэглэмүүдэд түүний дотор парламентын засаглалын системд ч парламент нь засгийн газраа байгуулдаггүй юм.

 

Яагаад?

Мэдээж эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Парламентын засаглалын эх нь Англи харин бусад нь Англиас хуулсан хэрэг. Гэхдээ энэ нь дан ганц уламжлал хуулбарлалт биш. Хаантай, ерөнхийлөгчтэй, улмаар чухам тэд нар нь засгийг байгуулдаг нь утга учиртай юм. Гол учир нь гүйцэтгэх буюу хууль хэрэгжүүлэх, сахиулах эрх мэдлийг парламентын буюу намын улс төрөөс тусгаарлан, жийрэглэж түүний нэгдмэл (unity), тууштай (integrity), туйлбартай (resoluteness), шийдвэртэй (decisiveness), шуурхай (dispatch) байдлыг төдийгүй нэр хүндийг (respectfulness) хадгалахын тулд юм. Гүйцэтгэх эрх мэдлийг нэг эрхтэн ба түүний туслахууд (тиймээс ч secretary буюу нарийн бичиг) хэрэгжүүлж байж гүйцэтгэх эрх мэдэл нэгдмэл байх бөгөөд тэгж байж хууль нэг утгатай (алдаатай байсан ч), улмаар тэгш хэрэгждэг юм. Гүйцэтгэх эрх мэдэл нэгдмэл байж тууштай, туйлбартай, шийдвэртэй, шуурхай байдаг юм. Хоёр ба түүнээс дээш шийдвэр гаргагч оролцвол хоёр ба түүнээс дээш ойлголт, шийдвэр ширээн дээр тавигддаг учир энэ бүх шийдвэртэй, шуурхай. тууштай, туйлбартай байдал бүгд устгагддаг юм. Улмаар засаг эргэлзсэн тээнэгэлзсэн, цалгар назгай, туушгүй, эргэж хургасан байвал хэн ч түүнийг хүндлэхгүй, тиймээс хэн ч хуулийг хүндлэхгүй, тиймээс хуулийн засаглал алдардаг юм. Өөр нэг чухал учир нь ард түмний нийтийн итгэлийг (public trust) хангах явдал. Үүний тулд хариуцлага (responsibility), тайлагналын (accountability) тов тодорхой тогтолцоог бий болгож алдаа, эндэгдэл, эрх мэдэл урвуулан ашиглах явдал гарвал гэм буруутан нь шууд харагдахуйц, тогтоогдохуйц системийг бий болгох явдал. Чухам тийм учир гүйцэтгэх эрх мэдэл нэг эрхтнээс урган гарч тэр нь туслахууддаа эрх мэдэл ажил үүргийг итгэж даатгах ба тэднийг захирах, хариуцлага тооцох, туслахууд нь захирагдах, тайлагнах шаталсан захирах захирагдах ёсны тогтолцоо байх учиртай юм. Энэ нь хариуцлага тайлагналын тов тодорхой тогтолцоог бий болгож, гэм буруутныг тогтоодог учир нийтийн итгэлийг хангадаг юм. Нэгэнт эрх мэдэл, ажил үүргийн шаталсан тогтолцоо учир гэм буруутaн илэрхий харагдахуйц. Тиймээс эрх мэдэлтнүүд нь нийтийн нүдэн дээр ил байдаг бөгөөд гэм буруутай үйлдэл хийвэл нийтийн бухимдал, уур уцаар, буруушаалт (public censure) түүн дээр шууд ирдэг учир эрх мэдэлтнүүдэд нуугдах газар олддоггүй юм. Чухам ингэж нийтийн итгэлийг хангадаг юм. Чухам энэ нь хуулийн засаглал, шударга ёс, тэгш эрх, ардчиллыг төдийгүй үндэсний эв нэгдэл, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг ч хамгаалж бэхжүүлдэг юм. Чухам эл учир гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл, тууштай, шуурхай байдлыг хангах зорилгоор хаан эсвэл ерөнхийлөгч нар засгийн газрыг байгуулдаг бөгөөд албаар парламентын шууд оролцоог хааж, түүний оролцоог засгийн газарт итгэх эсэх, улмаар засгийн газрыг хадгалах эсэх дээр л байлгадаг юм. Тиймээс парламент засгийн газрыг байгуулдаггүй юм.

 

Харин Монголд УИХ нь Ерөнхий сайд, сайд нараа хүн бүрээр нь хэлэлцэн ил санал хураан “томилох”, огцруулах төдийгүй түүнийг хянах, тайлагнуулах эрх мэдлийг хэрэгжүүлдэг бөгөөд түүнийгээ бүгд парламентын засаглал гэж ойлгодог юм. Гэвч энэ нь өрнөдөд оршдог, ойлгодог парламентын засаглал биш харин зөвлөлийн засаглал. Нөгөө талаар Монголд УИХ нь ч засгийн газрыг байгуулдаггүй, харин нам, тэр тусмаа намын “төв байгууллага” хэмээх цөөн тооны ард түмнээс сонгогдоогүй эрхтнүүд буюу олигарх засгийг байгуулж, харин УИХ нь түүнийг нь ёсчилдог юм. Тиймээс энэ нь зөвлөлийн засаглал төдийгүй олигарх засаглал юм.

 

Одоо Монголд засгаа хэрхэн байгуулдгийг авч үзье. Үндсэн хуулийн тогтоосноор Монгол улсын Засгийн газар тус бүр гурван дамжлагатай, хоёр шаттай процедурыг дамжиж, давж байгуулагдах. Албан хэлээр бол эхний шатанд 1) УИХ-д олонх бүрдэж, уг олонх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн уг нэрээ Ерөнхийлөгчид өгч, 2) Ерөнхийлөгч нэр дэвшигчийг УИХ-д дамжуулж (33.2.), 3) УИХ хэлэлцэн томилох (25.6). Дараагийн шатанд 1.) Ерөнхий сайд кабинетын бүтэц, бүрэлдэхүүнээ тохирч 2.) Ерөнхийлөгчтэй “зөвшилцсөнийг” нь (39.2), 3.) “УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно” (39.3). Кабинетынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болбол Ерөнхийлөгчтэй зөвшилцөх (39.2) зэргээр мөн л нөгөө гурван дамжлагыг туулах. Нэгэнт олонх Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж, УИХ хэлэлцэн томилж, Ерөнхий сайд нь сайд нараа нэрлэж мөн л УИХ хүн бүрээр хэлэлцэж томилдог учир засгийг байгуулах санаачилга ч, байгуулах нь ч УИХ- ын, түүний олонхын эрх мэдэл.

 

УИХ-ын буюу олонхын энэ эрх мэдэл нь Монголын парламентын засаглалын амин сүнс. Чухам ийм эрхтэй байж л Монголын парламент засаглах. Нэрийн хувьд Ерөнхий сайд засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлох гэдэг ч тэр кабинетынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг хэзээ ч өөрөө дангаар тогтоодоггүй, тодорхойлдоггүй, тодруулдаггүй. Харин Ерөнхий сайд хэн болохыг, түүний кабинет ямар байхыг, хэн хэн сайд болохыг УИХ- ын олонх буюу түүнийг бүрдүүлж байгаа фракцууд, түүний боссууд голлон мэддэг, Ерөнхий сайд зөвхөн нэг тал нь.

 

Мэдээж олонх нь АН шиг олон фракцтай, босстой, 2012 оных шиг суудалтай байвал засгийн газар нь Алтанхуягийн кабинет шиг фракцуудын нэгдэл, боссуудын цуглуулга болох. Харин олонх нь Энхбаярын МАХН ба 72, эсвэл Энхболдын МАН ба 65 шиг байвал намын дарга босс түүний хүрээлэгчид мэдэх нь ч бий. Мэдээж Энхболд шиг нь бусдын дургүйцлийг төрүүлж, Хүрэлсүхийнх шиг “засгийн эргэлтэд” хүргэх нь бий. Аль ч замаар нь байгуулагдсан ч кабинет ерөөс Ерөнхий сайдынх биш. Учир нь сайд нар 1) сайд байх эрхээ ерөнхий сайдаас бус харин УИХ-ын олонхоос, 2) түүнийг бүрдүүлж байгаа фракцуудаас авдаг юм. Тиймээс кабинет нь 1.) УИХ дахь нам, фракцуудын төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөллийн, тиймээс улс төрийн байгууллага, парламентын хороо, улс төржсөн зөвлөл болдог төдийгүй, чухам энэ бүрэлдэхүүн нь 2) ижил тэгш эрхтнүүдийн хоорондын харилцан зөвшилцөх, солилцох, арилжих, тохиролцох харилцааг (transactional relationship) Засгийн газарт тогтоодог юм. Тиймээс Засгийн газар огтхон ч Ерөнхий сайд, түүний томилсон туслахуудаас (secretary) бүрдсэн захирах захирагдах, хариуцах тайлагнах ёст шаталсан босоо удирдлагатай гүйцэтгэх, засаглах байгууллага биш. Харин эсрэгээр Ерөнхий сайд нь захирагч биш, харин сайд нарын зөвлөлийн, сайд нарын хамтын нөхөрлөлийн, эсвэл УИХ- ын гүйцэтгэх, гэхдээ байнгын бус, хорооны хуралдаан даргалагч, олон сайд нарын анхны, нэгдүгээр, эхний сайд болж хувирдаг бол Засгийн газар нь ижил тэгш эрх мэдэлтэй сайд нарын зөвлөл болж хувирдаг юм. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдлыг устгадаг, алдагдуулдаг юм.

Нэгэнт угаасаа олонхыг бүрдүүлж байгаа фракцын боссууд хөшигний ард сайнаар бол зөвшилцөн муугаар бол эвсэн хуйвалдан тохиролцож бүтэц, бүрэлдэхүүнээ тогтоодог Монголын парламентын засаглалд Үндсэн хуулийн дээрх Ерөнхий сайд, сайд нарыг “УИХ хүн бүрээр хэлэлцэж томилох” заалт нь нэгэнт шийдэгдчихсэн зүйлийг ёсчилж байгаа, илүүдсэн, ажил удсан зан үйл мэт харагдаж болох. Гэвч чухам энэ заалт нь засгийг байгуулах, сайдыг томилох эрх мэдлийг олонход, дор хаяхад 39 гишүүнд өгдөг учир УИХ- ыг парламентын засаглалын парламентаас бүрмөсөн ялгадаг бөгөөд энэ УИХ-ыг зөвлөлийн засаглалын, Монголын парламентын засаглалыг зөвлөлийн засаглал болгож байгаа гол эрх мэдэл. Институцийн төвшинд чухам уг заалт нь УИХ-ыг засгийн газрын дээр тавих төдийгүй Засгийн газрыг УИХ-ын хариуцлага хүлээж, тайлагнадаг буюу хараат болгож зөвлөлийн засаглалыг тогтоож байгаа юм. Гэхдээ УИХ ба Засгийн газрын, эсвэл УИХ-ын дарга ба Ерөнхий сайд хоёрын хэн нь эцсийн шийдвэр гаргах, улмаар УИХ ба Засгийн газар хоёрын хэн нь засаглах нь намын дарга нь хэн нь байгаагаас шалтгаалах.

Намын дарга нь Энхболд шиг УИХ-ын дарга болбол түүний засаглал тогтож засгийн Ерөнхий сайд нь Эрдэнэбат шиг утсан хүүхэлдэй болох. Харин намын дарга нь Энхбаяр шиг Ерөнхий сайд байвал хурал нь засгийн “ёсчлогч” болох. Гэхдээ засаг ноёлох чадвар нь мөн л УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнээс хамаарах. Хүчтэй сөрөг хүчин байвал засгийн чадал төдий хэмжээгээр хазаарлагдах. Гэхдээ уг заалт нэг намын, нэг удирдагчийн дарангуйлал ноёлсон зөвлөлийн засаглалын АИХ-д биш, харин олон намын өрсөлдөөнт сонгуулиар сонгогдсон УИХ-ын орчинд УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнээс хамааралгүй эерэг, сөрөг үр дагаврыг бий болгох.

 

Эерэг тал нь уг заалтын ардчилсан, нааштай үр дагавар. Учир нь чухам энэ заалт нь эрх мэдлийг намын, эсвэл фракцын цөөн тооны боссуудаас олонход, дор хаяхад 39 гишүүнд шилжүүлдэг “ардчилсан” заалт. Чухам уг заалтын ачаар хөшигний арын тохиролцоон, хуйвалдааныг УИХ-ын танхимд хэлэлцэж, цөөнх болон бялуу хуваахад дутуу хүртсэн гишүүд байр сууриа илэрхийлж хөшигний арын хуйвалдааныг зогсоож чаддаггүй юм гэхэд ард түмэнд дэлгэдэг, илчилдэг юм. Чухам тийм учир энэ заалт нь хөшигний ард тохиролцогчид, хуйвалдагчид засгийг өөрсдийн дураар болгохоос, хөндлөнгийн эрх ашгийг хамгаалагчдаас бүрдэхээс ч тодорхой хэмжээгээр сэргийлдэг юм. Тэр ч байтугай энэ заалт нь Ерөнхий сайдад ч, олонход ч хөшигний арын дарамт шахалтын эсрэг УИХ-аа урдаа барьж “бултах”, “булзаарах”, “нуугдах” хамгаалалт ч болж өгөх. Мөн Энхболд мэтийн этгээдүүд засгийг Уяачдын холбоо, найз, нөхөд, гар хөл, танил талаараа дүүргэхэд саад болдоггүй юм гэхэд ядаж илчилж, дэлгэх.

Гэхдээ сөрөг тал нь гүн гүнзгий төдийгүй хор уршигтай. Чухам уг заалт нь 1.) Ерөнхий сайдыг ч, Засгийн газрыг ч дор хаяхад 39 эзний албат, 39 ноёны зарц, 39 амны идэш болгодог төдийгүй, 2.) Засгийн газрыг нам, эсвэл фракцуудын төлөөллийн эвсэл болгож улмаар 3.) парламентын доторх ижил тэгш эрхтнүүдийн хооронд үүсдэг захирах захирагдах бус харин арилжих, солилцох, тохиролцох буюу хамтрах, харилцах, эсвэл талцах, тэмцэлдэх, дайтах харилцааг (transactional relationship) Засгийн газрын бүрэлдэхүүнд суулгаж өгдөг юм. Мөн уг заалт нь УИХ ба Засгийн газрын хооронд тохиролцооны харилцааг тогтоож, УИХ ба Засгийн газрыг харилцан бие биедээ, үндсэндээ өөрөө өөрсдөдөө үйлчилдэг байгууллага болгодог юм. Энэ нь ялангуяа олонхыг бүрдүүлэгч 39 дэх гишүүн болгон ба Засгийн газар хоёрын хооронд тохиролцооны харилцааг тогтоож, 39 дэх гишүүн болгоныг Засгийн газартай харилцагч тал болгож түүнийг Засгийн газрыг байгуулах, буулгах хэмээх бизнесийн түнш, томоохон бизнес эрхлэгч болгож хувиргадаг юм. Учир нь 39 дэх гишүүний дэмжлэггүйгээр ерөнхий сайд ч  “төрөхгүй”, засгийн газар ч бүрдэхгүй, “төрсний”, бүрдсэний дараа ч мөн 39 дэх гишүүний дэмжлэггүйгээр өсөж, өндийж, бойжих ч боломжгүй.

Чухам тийм учраас л 65 суудалтай ч, 39-ийн дэмжлэгийг хангаж чадаагүй Энхболд-Эрдэнэбатын засаг амаараа шороо үмхсэн хэрэг. Мэдээж МАН-ын 32:33-ын хуваагдал нь 39 дэх гишүүн болгоны бизнесийг цэцэглүүлсэн төдийгүй тэдний үнэ цэнэ, эрх мэдлийг ч тэнгэрт хадаасан нь илт. Тиймээс ч Хүрэлсүхийн засгийн 39-ийн дэмжлэгийг хангах аргынх нь тоонд гишүүн бүрд тойрогт нь нэртэй 8 тэрбумыг хуваарилах төдийгүй, Эрдэнэбатын үед банкаар бус шууд олгохоор болгож, хүүг нь 3 хувь болгож бууруулан бэлтгэсэн ЖДҮ-ийн зээл байсныг үйл явцын өрнөл, хэмнэл, шийдэл, хэв маяг харуулах мэт.

 

Үнэндээ энэ байдал аль эрт Элбэгдорж-Энхсайханы дажинд илэрч Энхбаярын нэг саяар “хуульчлагдсан” худалдан авалт болж, засгийн орших арга (modus vivendi) ч, ажиллах арга (modus operandi) ч болж хувирсан юм. Гэвч тэмцэл хурцдах тутам ханш өссөөр эдүгээгийн байдалд хүрсэн хэрэг. Мэдээж, сонгогчдын саналыг худалдан авдаг, хөрөнгө зарж тойрог эзэмшдэг гишүүдтэй төдийгүй төр, захиргааны албан тушаалуудыг үнэлэн борлуулж хөрөнгө мөнгө босгох схем, төлөвлөгөө, тактик боловсруулан даргынхаа төвшинд хэлэлцдэг намтай улс төрд ийм замаар олонхын дэмжлэгийг хангах нь гайхах хэрэг огт бус мэт. Санал худалдаж авдаг гишүүд саналаа худалдахгүй бол яаж ч орших билээ.

Гэхдээ эцсийн эцэст Засгийн газрыг УИХ байгуулдаггүй харин намын “төв байгууллага” байгуулдаг бөгөөд энэ “төгөлдөршилийг” Элбэгдорж-Энхбаяртан нар тогтоосон юм. Уг нь Ерөнхий сайдын томилгоог санаачлах эрх нь Ерөнхийлөгчид байсан юм. Тиймээс 1992 оны Үндсэн хуулиар Ерөнхийлөгч “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал” оруулах ёстой байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн уг эрхийг Н. Багабанди олонход алдсан төдийгүй, улмаар Элбэгдорж- Энхбаяртан устган олонх болсон нам, эвсэл нэр дэвшүүлж түүнийг нь Ерөнхийлөгч “5 хоногийн дотор УИХ-д оруулах” үүрэгтэй болгосноор томилгоог санаачлах бүрэн эрхийг УИХ, олонх, нам булааж аваад зогсохгүй Ерөнхийлөгчийг УИХ-ын эсвэл намын зарц болгочихсон юм. Түүгээр ч барахгүй томилгоо гэгчийгээ Элбэгдорж-Энхбаяртан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар (6-р бүлэг) яг УИХ-ын даргын сонгуультай ижил “ил санал хураалт явуулж” (37.2) томилох, мөн “илээр санал хураалт явуулж” (38.2) огцруулах болгосон юм. Үүний улмаас сонгууль, томилгоо хоёрын утга учир, зааг ялгаа ч баларсан. Гэхдээ хамгийн гол нь энэ томилгоо гэгчийг “ил санал хураалт явуулж” хийх болсон тул УИХ мөн л УИХ-ын даргын “сонгуулийн” адил батламжлах эсвэл ёсчлох үүрэгтэй болсон юм. Тиймээс Ерөнхий сайдыг ч, сайд нарыг ч УИХ зөвхөн батламжилдаг, ёсчилдог юм. Мөн л ард түмний өмнөөс төр барьж буй УИХ-ын гишүүд, УИХ буюу төрийн байгууллага Засгийн газрыг байгуулах онц эрхээ (prerogative) алдсан хэрэг. Мөн л ард түмний, УИХ-ын, төрийн онц эрхийг Элбэгдорж-Энхбаяртаны хууль намын “төв байгууллага” (НТ 13.7) гэгч цөөн эрхтэн-олигархын мэдэлд зувчуулсан хэрэг. Чухам ингэж Монголд зөвлөлийн төдийгүй олигархын засаглал тогтсон юм.

Гэхдээ энэ байдлаар байгуулагдсан засгийг Үндсэн хуулийн бус гэхэд учир дутагдалтай. Учир нь хэдийгээр Элбэгдорж-Энхбаяр-Баяртанууд сонгууль, томилгоо хоёрыг ялгадаггүй боловч Үндсэн хуульд Засгийг газрыг байгуулахад сонгох гэдэг үгийг бус харин томилох гэдэг үгийг хэрэглэсэн бөгөөд томилгооны тухай сонгуулийнх шиг яруу тод  тодорхойлолт, процедур байхгүй мэт. Нөгөө талаар Үндсэн хууль нь өөрөө 1992 онд “олонх суудал авсан нам,...намууд” гээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эрхийг УИХ-д бус харин намд өгчихсөн байсан юм. Тиймээс засгийг байгуулах тухайд “төрийн эрх барих дээд байгууллага” нь угаасаа УИХ биш нам байсан юм. Энэ нь мэдээж эл Үндсэн хуулийг бүтээгчдийн сэтгэлгээний нэг “гайхамшиг”. “Улсын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч...нам” гэгч үзэл санааны үлдэц, эсвэл Үндсэн хуулийг бүтээгчдийн сурах бичгийн сэтгэлгээний тусгалын аль нь байсныг бүү мэд.

Ямар ч байсан УИХ хэмээх улсын “төрийн эрх барих дээд байгууллага” байгуулахын утга учир нь юунд байсныг ойлгохын аргагүй. Ямар ч байсан эрхэм бүтээгч-эцэгс, Элбэгдорж-Энхбаяр-Баяртаны “ачаар” бүгд найрамдах улсын засгийг байгуулах эрх намын “төв байгууллага” хэмээх олигархуудын онцгой эрх мэдэл (prerogative) болж хувирсан юм. Мэдээж бүгд найрамдах байгуулал, ардчиллын үзэл санаанд харш юм. Бүгд найрамдах улс гэгч бүгдээрээ оролцож, бүгдийн төлөө, бүгдийн байгуулсан улс болохоос намаараа оролцож, намын төлөө, намын байгуулсан улс биш, ардчилал гэгч ардын-иргэний эрхт ёс болохоос намчлал, намын эрхт ёс биш.

Гэхдээ энэ бүхний эх сурвалж нь Монголын хурлын-зөвлөлийн засаглал өөрөө.

 

Монголын парламент-зөвлөл өөрөө төдийгүй өөрөөсөө засгаа байгуулдаг учир гишүүд нь сайдын суудал булаалдах, талцах, хуваагдах. Нэгэнт парламент-зөвлөл нь өөрөө өөрөөсөө Засгийн газрыг шууд байгуулах учир өөрийн доторх талцал, хуваагдлыг Засгийн газарт шууд суулгаж, Засгийн газрыг өөрийг нь улс төрийн байгууллага болгон задалж ингэснээр хууль хэрэгжүүлэх, сахиулах эрх мэдлийн нэгдмэл, шийдвэртэй, тууштай, шуурхай байдлыг устгаж, хуваагдмал, хариуцлагагүй, туйлбаргүй, тогтворгүй болгох. Мөн энэ нь УИХ ба Засгийн газар, УИХ ба олонхыг бүрдүүлэгч 39 дэх гишүүн болгоны хооронд тохиролцооны харилцаа тогтоож, талуудыг харилцан бие биедээ үйлчлэх болгодог төдийгүй Засгийн газрыг байгуулах хэргийг бизнес болгож хувиргах. Энэ нь мэдээж хяналт, хариуцлага, тайлагналын тогтолцоог эвдэх нь ойлгомжтой. Ийнхүү гүйцэтгэх эрх мэдэл олон эх сурвалжтай байх нь захирах захирагдах ёсыг устгаж, гүйцэтгэх засаглалыг самууруулж, хариуцлагагүй, тогтворгүй болгодог төдийгүй хуулийн нэгдмэл, тэгш хэрэгжилтийг ч эвдэж, улмаар нийгэм, улс орныг ч хагарал, задрал, хуваагдалд хүргэх. Энэ нь Монгол улсын гүйцэтгэх засаг байгуулах бизнес.

 

Засаг унагах бизнес

 

Парламентын засаглал гэж парламент нь засгийн газраа огцруулах эрхтэй тогтолцоог хэлдэг. Өөрөөр хэлбэл засгийг газрыг огцруулах эрх мэдэл нь парламентын засаглалыг тодорхойлдог эрх мэдэл. Гэхдээ энэ эрх мэдэл зөвхөн парламентын онц эрхэнд (prerogative) байхыг хэлдэг. Тиймээс Английн болон бусад улсын хаад ч, парламентын засаглалт улс орнуудын ерөнхийлөгч нарт ч засгийг огцруулах эрх байхгүй. Гэхдээ парламент зөвхөн итгэл үл үзүүлэх замаар л засгийг огцруулдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн ялагдлыг эс тооцвол парламентын засаглалын системүүдэд засгийн газрыг гаднаас нь огцруулах цорын ганц зам нь парламент түүнд итгэл үл үзүүлэх явдал гэсэн үг.

Харин парламентын энэ эрх нь засгийн газрыг хэзээ ч огцрох эрсдэлд байлгадаг төдийгүй засгийн газрыг ойр ойрхон огцруулж улс орны амьдралыг бусниулах төдийгүй улс төрийн хямралт байдалд хүргэдэг. Чухам эл системийн улмаас Италид фашист,Германд нацист дэглэм тогтсон төдийгүй Францын 4-р бүгд найрамдах улс 11 жилийн дотор 21 засаг сольж эцэст нь 1958 онд супер-ерөнхийлөгчийн дэглэмтэй болсон юм. Анхны, мөн хамгийн урт настай Английн хувьд ч асуудал амар байгаагүй. 1721 оноос хойш нийт 76 ерөнхий сайдын засаг байснаас 19 нь нэг жил хүрэлгүй (хамгийн богино нь 23 хоног), 11 нь 2 жил хүрэлгүй, 15 нь 4 жил хүрэлгүй огцорч байв. Дөнгөж 31 ерөнхий сайд л 4-өөс дээш жил засагласны дотор Роберт Уолпол 20 жил, Уильям Питт 17, Роберт Женкинсон 14, Фредерик Норд 12, Маргарет Тетчер 11, Хенри Пелхэм 10, Тони Блейр зэргийн 10-аас дээш жил засагласан 7 ерөнхий сайд байх. Япон 1945 оноос хойш 36 ерөнхий сайд сольсноос хамгийн удаан засагласан нь Шигерү Ёшида 6 жил, засгийн газрын нас дундачаар 2 жил. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал хуулийн засаглалд ч, улс орны амьдралд ч, ялангуяа хаангүй улс орны хувьд улс төрийн тогтвортой байдалд чухал учир холбогдолтой учир засгийн газрын тогтвортой байдлыг хангах томоохон асуудал. Тийм ч учир Герман зэрэг улс оронд ерөнхий сайдыг огцруулахын тулд дараагийн ерөнхий сайдыг олонхоороо дэмжсэн байх “итгэл үл хүлээлгэх конструктив санал хураалтын” (constructive vote of no confidence) аргыг ч хэрэглэх. Энэ арга нь оршин байгаа засгийг хамгаалахдаа зартай бөгөөд Германы түүхэнд дөнгөж хоёр удаа ийм оролдлого хийгдсэнээс нэг нь л амжилттай болсон байдаг. 1972 онд Вилли Брандтийг огцруулах оролдлого хийхэд дөнгөж 10 эсрэг, 3 түдгэлзсэн санал өгөгдөж, 236 гишүүн оролцоогүй буюу хүчингүй санал өгснөөр Брандт 2 саналын давуугаар огцролгүй үлдсэн юм. Гэхдээ Брандтийн намын аравхан гишүүн л түүнийг дэмжсэн санал өгч 239 нь илт дэмжихээс татгалзсан юм. Энэ нь түүний Засгийн газар нам дотроо ч хэчнээн дэмжлэг муутай байсныг харуулж байгаа юм. Гэсэн ч намын боссууд нь гишүүдээ хатуу, хянаж шахсанаар Брандтийн засгийн газар огцролгүй үлдсэн юм.

 

Харин Монгол улсын Үндсэн хуулийн ёсоор Засгийн газрыг огцруулах бүхэл бүтэн 8 зам байх.

 

Ерөнхий сайд Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл (43.1.), Ерөнхий сайд огцорвол (43.2.), эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол (43.2.) Засгийн газар шууд огцрох ба мөн Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэх эсэхийг (44.) асуугаад дэмжлэг авахгүй бол мөн огцрох нь ойлгомжтой. Харин гадна талаас УИХ өөрөө Засгийн газрыг огцруулахыг санаачилбал (43.3.), Ерөнхийлөгч санал гаргавал (43.3.), УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь санал тавивал (43.4.) Засгийн газар огцрох эрсдэл тулгарна. Эцэст нь ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж үзвэл (66.4.) мөн Засгийн газар огцрох нь ойлгомжтой. Дөрөв нь Засгийн газрыг шууд огцруулах бол дөрөв нь огцрох эрсдэлд оруулах. Хоёр нь Ерөнхий сайдын шийдлээс хамаарах бол 2 нь түүний танхимын гишүүдийн шийдлээс хамаарах. Бусад нь Засгийн газрын гадна талаас ирэх заналхийлэл. Ийнхүү Монгол улсын Үндсэн хууль нь Засгийн газрыг огцруулах, эсвэл огцруулахаар сүрдүүлэх, дарамтлах эрхийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ (хэн эсвэл хэдэн гишүүн төлөөлөх нь тодорхойгүй), УИХ-ын гишүүд, болон ҮХЦ зэрэг олон тооны тоглогчдод, олон хувилбараар олгосон байх. Аливаа бусад систем, түүний дотор парламентын засаглалтай улс орнуудтай харьцуулбал засгийн газрыг огцруулах талын ч хувьд, замын ч хувьд энэ асар өндөр үзүүлэлт. Энэ өнцгөөс харвал энэ Үндсэн хуулийг Монгол улсын Засгийн газрын эсрэг, Монгол улсын Засгийн газрыг аль болох огцруулах, эсвэл огцруулах дарамт, нуман тулгуурт оруулж байх зорилготой бүтээсэн гэж үзэж болно.  

Ерөнхийлөгч, эсвэл 19-өөс дээш гишүүнтэй сөрөг хүчин засгийн газрыг байнга огцрох эрсдэлд оруулж болох. Ерөнхийлөгч энэ эрх мэдлээ хэрэгжүүлсэн нь ховор ч, Алтанхуягийн засгийн газар МАН-ын зүгээс байнгын ийм дарамтад байсныг тэмдэглэхэд илүүц. Эдгээр заналхийлэл нь олонхын 39 гишүүний бизнесийг улам бүр цэцэглүүлж, тэдний үнэ цэнийг хөөрөгддөг нь ойлгомжтой. Компанийн, эсвэл тойргийн “эзэн” гишүүд ч илэрхий “эрх дураараа” байх нь жишиг. Энэ бүхэн нь Засгийн газрыг УИХ-ын гишүүдэд үйлчлэх байдлыг улам нэмэгдүүлэх. Хэрвээ олонх шийдвэрлэх санал дутах байдалд орвол О. Дашбалбар агсан шиг нэг гишүүн ч засгийн хувь заяаг шийдэх. Хэрвээ Засгийн газар эвслийнх байвал засаг улам эмзэг болж эвслийн цөөнх тал нь засгийн бодлого, хувь заяаг барьцаалах. Үгүй бол 2004-2008, 2012-2016 он шиг байдал. Мэдээж Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намаас сонгогддог бөгөөд ихэвчлэн УИХ-д өөрийн “нөхөдтэй” байх учир Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй, мөн Ерөнхийлөгчийн “нөхөдтэй” тун эвтэй байх учиртай. Үгүй бол Алтанхуягийн хувь заяаг давтах осолтой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын байнга огцрох аюул дор оршдог учир Засгийн газрын хувьд үндсэн асуудал нь иргэний дайнтай, дажинтай улс орнуудынх шиг оршин тогтнох явдал болж хувирдгийг Ерөнхий сайд хийсэн хэн бүхэн мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.

 

Бүр гайхалтай нь сайд нарын “тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол” (43.2.) засгийн газар огцрохоор Үндсэн хуулиар тогтоосон явдал. Энэ нь хэрэг дээрээ кабинетын дотор Ерөнхий сайдын эсрэг бүтцийг байгуулан Засгийн газрыг хуулийн дагуу хоёр тал болгон хуваасан хэрэг.

 

Эл хуваалт нь кабинетыг хоёр Ерөнхий сайдтай буюу, улмаар тэдний талцал, өрсөлдөөний логик нь бүх сайд бүрийг тус тусдаа тал болох, улмаар сайд бүрийг яам, салбартаа “ерөнхий сайд” болон хувирах нөхцөлийг бүрдүүлэх. Тиймээс уг заалт нь засгийг бүрмөсөн задалж, түүний нэгдмэл байдлыг эргэлт буцалтгүй устгасан хэрэг. Нөгөө талаар уг бүтэц нь Ерөнхий сайд, сайд нарын харилцааг бүрэн дүүрэн улс төрийн, арилжааны, солилцооны буюу тохиролцооны харилцаа болгож, кабинетыг ижил тэнцүү эрхтэй сайд нарын тохиролцооны клуб болгож хувиргасан байна. Мэдээж тохиролцооны харилцаа тохиролцоогоор барьцаалах харилцаа. Энэ нь мэдээж захирах захирагдах ёс, захиргааны шаталсан тогтолцоог халах учир Ерөнхий сайд сайд нараа өмнөө тайлагнуулах, хариуцлага тооцох суурь боломж үгүйсгэгдэх. Ерөнхий сайд хэн нэгэн сайдад хариуцлага тооцох гэдэг нь түүний фракцын эрх ашгийг хөндөх, төдийгүй сайд нарын бүлэглэлийнхээ тэнцвэрийг эрсдэлд оруулах алхам. Тиймээс сайд нар л өөрөө өөрсдийгөө гарцаагүй огцруулах байдалд оруулахгүй л бол Ерөнхий сайд тэднийг огцруулах боломжгүй. Үүний улмаас Монгол улсын Засгийн газар нэгдмэл хууль хэрэгжүүлэх, сахиулах байгууллага байх Үндсэн хуулийн үндэсгүй болсон байна.

Засгийн энэ бүтцийг төрийн тогтолцоонд гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч, УИХ-ын даргын “засгийн газартай” уялдуулан харьцуулан харвал Монгол улсад гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх гурван үндсэн бүлэг бүтэц байгаагаас Засгийн газар нь хамгийн задархай бүтэц нь болж байгаа юм. Сайд болгон нь салбартаа, яамандаа “ерөнхий сайд” болох энэ байдал үе үеийн Засгийн газрууд дээр тод харагддаг бөгөөд Хүрэлсүхийн засгийн газар дээр бүр ч хурц ажиглагддаг. Ерөнхий сайд нь сайд нарынхаа барьцаа, заналхийлэл дор орших нь хэвийн үзэгдэл бөгөөд, уг бүтэц Наранцацралтын засгийн газар дээр эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн бол Алтанхуягийн кабинетад ч мөн ажиглагдсан. Хүрэлсүхийн Засгийн газарт ч давтагдах магадлалтай.  

Засгийн газрыг байгуулах зүйл, заалтууд нь дээрх байдлаар УИХ, УИХ-ын олонх, эсвэл дор хаяхад 39 гишүүнийг онц эрх мэдэлтэй, үнэтэй цайтай эзэд болгосон бол Үндсэн хуулийн Засгийн газрыг огцруулах заалтууд нь түүнийг байнгын огцруулах сүрдүүлэг, дарамт, заналхийлэл дор орших болгосон байна.

 

 

Огцруулах дарамт нь олонхыг бүрдүүлж байгаа 39-ийн үнэ цэнэ, эрх мэдлийг улам бүр бэхжүүлэн, улам бүр нэмэгдүүлэх. Энэ нь мэдээж төдий хэмжээгээр Монгол улсын гүйцэтгэх эрх мэдлийг, Засгийн газрыг задалж, хариуцлагагүй, тогтворгүй болгосон нь ойлгомжтой. Засгийн газар унах нь кабинетын гадна байгаа этгээдүүдэд кабинетад орох боломж учир ашигтай, аятай нөхцөл бүрдвэл тэд засгийг унагах дуртай байх нь ойлгомжтой. Нөгөө талаар засгийг унагах эсэх асуудал нь дан ганц парламентын дотоод асуудал огт биш. Засгийн газрын бодлогоос шалтгаалаад түүнийг унагах сонирхолтой хөндлөнгийн эрх ашиг ч хаа сайгүй байх. Тэдний эрх ашиг мэдээж сөрөг хүчин, хоосон хоцорсон хорсогчдын эрх ашигтай тохирох нь ойлгомжтой. Тиймээс сөрөг хүчин, хоосон хоцрогчид засгийг дарамтлаад зогсохгүй, хөндлөнгийн эрх ашигт саналаа үнэлэх нь ч ойлгомжтой. Тиймээс Монгол улсын засгийн газрыг унагах нь нэг ёсны эрх мэдэл, давуу тал, ашиг орлого олох бизнес. Энэ бүхэн нь Засгийн газрыг тогтворгүй болгохын дээр хөндлөнгийн нөлөөнд эмзэг, автамтгай болгох нь ойлгомжтой. Засгийн газар нэгэнт тогтворгүй учир тогтвортой, тууштай бодлого явуулах боломжгүй төдийгүй, сайд нар нь битгий хэл Ерөнхий сайд нь ч тогтвортой тууштай ажиллах, зүтгэх ч боломжгүй болох. Нэгэнт хөндлөнгийн нөлөөнд эмзэг учир улс орны, нийтийн эрх ашигт харш Эрдэнэт, оффшор гэх мэт томоохон асуудлуудаас ч зайлсхийх. Тэр ч байтугай чухам хөндлөнгийн нөлөөнд эмзэг учир сайд нар нь төдийгүй, Ерөнхий сайд нь хүртэл нийтийн, улс үндэсний эрх ашгийг хаяж өөрийн хувийн ашиг хонжоо хайж хөндлөнгийн эрх ашигт илт үйлчилсэн тохиолдол Эрдэнэт болон уул уурхайн салбараас эхлээд цөөнгүй тохиолдох болсныг бид бүгдээрээ харцгаасан.

Тиймээс Засгийн газрыг байгуулах энэ арга зам, бүтэц тогтолцоо нь өнөөгийн Монголын хариуцлагагүй, тогтворгүй төдийгүй авлигажсан тогтолцооны нэг гол сурвалж. Мэдээж тохиролцооны харилцаатай олон тал, толгойтой учир харилцан бие биедээ тохиролцоогоороо барьцаалагдах учир хариуцлага, тайлагналын тогтолцоо бүхэлдээ үгүйсгэгдэх. Нэгэнт олон тал, толгойтой учир тал, толгой болгон өөр өөрийн эрх мэдэл, ашиг сонирхлын хүрээтэй, өөр өөрийн ашиг сонирхолдоо үйлчлэх төдийгүй өөр өөрийн салбартаа эзэн байх учир улс орон даяар нэгдмэл удирдлага, хариуцлага хүлээх эзэн мөн л үгүйсгэгдэх нь ойлгомжтой. Мэдээж олон тал, толгой нь алдаа эндэгдлийг төдийгүй авлига, хээл хахуулийг нуух, халхлах төдийгүй, талууд тохирох, хуйвалдах, харилцан барьцаалах, харилцан бие биеэ хамгаалах байдлыг ч бүрдүүлж байгаа юм. Чухам энэ байдлын улмаас хариуцлага алдсан, эсвэл эрх мэдлээ урвуулан ашигласан этгээдэд хариуцлага тооцох боломж ч үгүйсгэгдэж байгаа юм. Олон талт, толгойт тохиролцооны торны өмнө ард олон эсэргүүцэл, дургүйцэл, буруушаалт хад мөргөх мэт замхрах. Учир нь тэдний дургүйцэл зэвүүцэл нь хэн нэгэн дээр төвлөрөн буухгүй сарних, буусан ч талууд нэг нэгэндээ буруу өгөх, эсвэл эрх мэдэлгүй, хүчгүйгээ заах замаар сарниулах учир үр дүнгүй. Тийм ч учраас эрх баригчид нийтийн дургүйцэл, буруушаалаас хуяглагдсан, тиймээс ч үл ойшоох нь түгээмэл. Энэ бүхэн нь бүгдийн төлөө, бүгдээрээгийн оролцоотой, бүгдийн төр засаг байх бүгд найрамдах байгууллын үзэл санааг үгүйсгэсэн төдийгүй улс  

орныг ч задрал, хуваагдалд хөтөлсөн байна. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулийн бүтээсэн гүйцэтгэх засаглал.

 

Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ

 

 

Өгүүллийн өмнөх хэсгээс дараах линкүүдээс уншина уу!

 

http://www.sonin.mn/news/politics-fb-bot/104889

http://www.sonin.mn/news/politics-fb-bot/104960