Зургаан настангуудыг сургуулийн сурагч болгосон үеэс "үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ оны тавдугаар сараас эхлэн үдийн цайг "үдийн хоол" болгоно хэмээн чуулганы хуралдаанаараа алх цохисон. Эргэн сануулбал, 2019-05-30-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлав.

АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг байна. 2018 оны байдлаар, 169 орны 338 сая сурагч “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамруулж буй юм. Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа бөгөөд Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа юм.  Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр дээрх хуулийг боловсруулсан юм.

Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг баталсан тул өмнө нь хэрэгжүүлж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой заалтыг хүчингүй болголоо хэмээсэн. 

Гэвч өнөөдөр үдийн цай нь хоол болж амжаагүй байтал "хор" болсоор байгаа нь харамсалтай. Ирээдүй болсон үрсийн ходоодыг хордуулж байгаагаа хэзээ зогсоох вэ, БСШУЯ-ны сайд аа?

Хамгийн сүүлд гэхэд "Уудам Монгол" сургуулийн сурагчдын үдийн хоолноосоо хордож ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Тодруулбал, тус сургуулийн сурагчдад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний бүлгийн нян-Enterobacter spp, нийтийн хоолны 33,3 хувьд Citrobacter spp  илэрлээ.

Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаардаг гэнэ. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд бөөлжис, гүйлгэх, суулгах ходоод гэдэсний хямрал үүсгэдэг байна.

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн ахлах “А”, бэлтгэл “Б” бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд цусан суулга оноштойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтжээ. Шалгалтаар хэрэглээний халуун усгүй, ажилчдын гар угаах цэгт ариутгагч бодис байхгүй, цэвэр усны хоолойд шүүлтүүргүй, хүнс нийлүүлж буй газрын бичиг баримт дутуу, дотоод хяналтын журам мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн Улсын тэргүүний 84-р сургуулийн School Police хийж байсан нэгэн аав сошиалд сурагчдад үдийн цайнд өгдөг таргийг зориулалтын биш саванд савлаж түгээдэг болохыг нийтэлсэн юм. Тодруулбал, сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг  байсныг зургаар баримтжуулснаа оруулсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар  “Коко дисерт” ХХК барилгын материалын хортой саванд зөөдөг байсан нь нотлогджээ. Иймд үдийн цайнд сурагчдад өгч байсан зориулалтын биш савыг нь шинжилгээнд  хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэв.

Ийнхүү хор болж байгааг баталсан дээрх үйл явдлаас сургамж авч дахин хүүхдүүд хордохоос сэргийлж авч буй арга хэмжээг мэргэжлийн хяналтын албаныхан шалгалт хийсээр байна. Гэхдээ өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээлийг нь тооцлон өгдөг гэх зүйлс нь эцэг, эхчүүдийн бухимдлыг хүргээд байна. Тухайлбал, хярам хоёр ширхэг цайны печень өгдөг олон сургууль байгаа аж. Үүнээс хүүхэд ямар шим тэжээлийг авах вэ, холбогдох албан тушаалтнууд аа! Та бүхэн үдийн цайндаа уг зүйлсийг идэж ууж үзсэн үү. 

 

Холбоотой мэдээ: 

Хоёр ширхэг ч хуушуур авч хүрэлцэхгүй мөнгөөр багачууд маань хооллож байна

Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

Цэцэрлэгийн багачуудын хоол & Сурагчдын үдийн цайг анхаараач сайд аа!