-БААВГАЙ БЭЛЭН БАЙГАА МАХЫГ ОЙШООДОГГҮЙ. ӨӨРӨӨ БАРЬСАН БОЛ ТЭР АНГАА ИДЭХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ-

Баавгай айлын хот руу орох тохиолдол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг ч гараад байгаа. Баавгай яагаад хүнд ойртох болсон шалтгаан, энэ амьтны идэш тэжээлийн талаар тодрууллаа.


Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Хөхтний экологийн лабораторийн мэргэжилтэн Д.Дэлгэрчимэг “Баавгай бол холимог тэжээлт амьтан. Мах ч иднэ, ургамал ч иднэ. Монголд хоёр төрлийн баавгай бий. Нэг нь ойн хүрэн баавгай, нөгөөх нь мазаалай. Хүрэн баавгайн хүнс тэжээл нь ихэвчлэн жимс, үр, самар. Мөн ан гөрөө хийж махаа олж иддэг. Энэ жилийн хувьд бидний таамгаар самар ургахгүй өнжчихсөн. Ер нь жимсний гарц муу байгаа. Тиймээс идэш тэжээл хайж өөрсдийн бүс нутгаас нь хоол олдохгүй учир тал хээр рүү гарч хоол тэжээл хайж эхэлсэн байх гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Энэ жил хавар нь сэрүүхэн хур тунадас ихтэй болохоор жимс, самар арвин гараагүй. Тэгэхээр идэш тэжээлийн дутагдалд ороод идшээ хайгаад хоолны үнэрээр юм уу айлуудын махны үнэрийг дагаж айлын гэр рүү халдах тохиолдол гарсан байх магадлалтай. Өмнө нь баавгай айлын хот руу дайрсан тохиолдол маш бага тохиолддог байсан. 1970-аад оны үед бас самар жимсний гарц муутай жил таарч айлын хот руу орж мал барьсан тохиолдол гарсан. Баавгай ичээндээ орохын өмнө тарга тэвээргээ авах ёстой. Гол идэш нь самар. Самарнаас тарга тэвээргээ ихээхэн хуримтлуулдаг. Хүмүүс баавгайд хоол тэжээл тавихад болохгүй зүйл байхгүй л дээ. Гэхдээ баавгай бэлэн байгаа махыг нэг их ойшоодоггүй. Өөрөө барьсан ангаа иддэг. Бид мазаалайд малд өгдөг нэмэлт тэжээлийн багсармалыг цэг байгуулан өгч үзсэн. Ойн баавгайд бас иймэрхүү төрлийн арга хэмжээ авч болно гэж бодож байна. Мөн багсармал тэжээл, тухайн орчинд нь ургадаг жимс жимсгэнэ, самар зэргийг нэмэлтээр тавьж өгч болох байх. Малчны хотонд оруулахгүйн тулд ингэж болох юм. Түүнээс биш хүний гараас хоол идэхгүй” гэв.

ИЧЭЭНД ОРОХЫНХОО ӨМНӨ ТИЙМ ЗҮЙЛ ИДДЭГ ГЭСЭН ОНЦЛОХ ЮМ БАЙХГҮЙ

Баавгайн идэш тэжээлийн талаар амьтан судлаач Ц.Одбаяртай ярилцлаа.


-Хүрэн баавгай ичээнд орохынхоо өмнө юу иддэг юм бол оо?

-Баавгай холимог тэжээлт амьтан. Яг ичээнд орохынхоо өмнө тийм зүйл иддэг гэсэн онцлох юм байхгүй. Хавар ичээнээс гарахаас эхлээд тааралдсанаа идээд зуны турш жимс самар, махаар хооллодог. Идсэн хоол хүнснийхээ шим тэжээлээр тарга авах ёстой. Тарга тэвээргээ сайн авч чадахгүй бол ичээндээ ороод хавар нь сэрж чаддаггүй. Жишээлбэл, 2002-2003 оны үед Батхаан ууланд ган болоод жимс жимсгэнэ юу ч ургаагүй. Гэтэл тэндхийн тарваганууд ичээндээ ороод хавар нь гарч ирээгүй. Яагаад тэгсэн гэхээр нөөцөлсөн өөх байхгүй. Ямар ч ичдэг амьтан идэш тэжээлээрээ өөхөө нөөцөлдөг. Жирх, зурам, тарвага, алаг даага, баавгай гээд ичдэг амьтад бүгд ичихийнхээ өмнө нөөцөө цуглуулж өөхний зузаан давхарга бий болгож байж ичдэг. Энэ жилийн хувьд бороо хуртай байсан ч гэсэн жимс самар гараагүй. Өнгөрсөн бүтэн сайнд манай танилууд ойд зугаалгаар явсан байна лээ. Нэг амны хоёр салаанд хоёр баавгайн мөртэй таарч. Баавгай ичээндээ орох гэхээр ичих нөөц чадал байхгүй учраас ийм явдал болоод байна.

-Тэгэхээр баавгай хоол тэжээлээ хайгаад хэсүүчлээд яваа гэсэн үг үү?

-Хоол тэжээлээ хайгаад хэсүүчлээд явна. Унтах гэхээр нөөц байхгүй. Идэш тэжээлээ авч чадаагүй, хоол хайгаад тэнүүчлээд яваа баавгай хамгийн аюултай байдаг. Хүйтрээд ирэхээр тайвшраад унтаж байх ёстой. Гэтэл идэш тэжээлийнхээ нөөцийг авч чадаагүй болохоор ичээндээ орж чадахгүй байна. Энэ үед хоол олж идэхийн тулд юу л бол юу л хийнэ. Хот орчмоор эргэлдээд байна гэдэг чинь хамгийн аюултай үе дээрээ ирсэн байна гэсэн үг. Суурин газар мал барихад амархан. Тэр дундаа хүн бол хамгийн амархан ан. Баавгай уг нь хүнээс айдаг амьтан. Дандаа хүнээс зугатаж дайжиж амьдардаг. Яалт ч үгүй болсон үедээ л хүн рүү дайрсан байх. Ер нь нэг л хүн рүү дайраад хүн идсэн ямар ч махчин амьтан хамгийн аюултай. Дахиад хүний мах идэх гээд байдаг.

-Дэлхийд баавгай хүн рүү дайрсан тохиолдол олон уу?

-Ганцхан Монголд ч биш дэлхий даяар тохиолдож байсан зүйл л дээ. Дээр үед Энэхэгт бар 30-аад хүн барьж идсэн тохиолдол бий. Сүүлд агнасных нь дараа шүдийг нь үзэхэд нэг соёо нь хугарчихсан байж. Махчин амьтан ангаа зуураад бариад авахаар шүдээ бүтэн зуух ёстой болдог. Гэтэл тэр хугархай соёотой бар зэрлэг ангаа шүдээрээ зууж барьж чадахгүй болохоор хүн рүү дайрч эхэлсэн хэрэг л дээ. Хүн бол сэрэмжгүй, сонсгол муутай хамгийн амархан ан шүү дээ. Африкт ах дүү хоёр арслан нийлж хүн барьдаг байж байгаад буудуулсан. 2005-2006 оны үед байна уу даа Канадад маш том баавгай байж. Тэр баавгай 3-4 хүн идсэн. Түүнийг нэг анчин буудаад карбин бууных нь сум дуусаад алж чадаагүй. Сүүлдээ гар буугаараа буудаж байж унагасан. Тэр баавгай дөрвөн хөллөхөд 170 см өндөр хүний нүдний харцтай тулж байсан гэдэг. Хоёр хөл дээрээ босоод зогсоход хоёр давхар байшингийн цонхоор чөлөөтэй харахаар тийм асар том биетэй баавгай байсан. Анчнаас агнасан баавгайг нь Канадын Засгийн газар худалдаж аваад Олон улсын онгоцны буудал дээрээ чихмэл хийгээд тавьчихсан.

-Баавгайн талаар сошиалд идэвхтэй бичих болжээ. Үүнийг юу гэж бодож байна?

-Манайхан сошиалаар үлгэрийн юмнууд бичээд байна. Баавгайг тэжээгээд нөгөөх нь хүний гараас хоол идээд таргалаад таргалангуутаа ичээндээ орно гэх жишээний юм бичиж байна. Олон улсын практикт, амьтан судлаачийн хувьд зэрлэг баавгайг тэжээгээд, тэжээсэн баавгай нь ичээндээ орно гэсэн тийм үлгэрийг би л лав сонсоогүй. Одоо хүйтрээд эхэллээ. Баавгай тарга тэвээргээ авч, арван хуруу зузаан өөх хуримтлуулахын тулд хэд хоног хэрэгтэй. Өдөр шөнөгүй юм идэж байж л таргалах байх. Хичнээн тонн хоол хүнс орохыг төсөөлөхгүй байна. Юу өгч тэр амьтныг таргалуулах гээд байгаа юм бүү мэд.

-Хүн рүү дайрсан тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүн рүү дайрч л байгаа бол устгах ёстой. Нэг дайрсан л бол хоёр дахиа дайрна. Тэр амьтан мянга ховор байсан ч гэсэн хүн рүү дайрч л байгаа бол шууд устгах ёстой. Бар бол бүр ховор. Дэлхийд шүү дээ. Тэгэхэд тэр амьтныг хүн рүү дайрсан тохиолдолд дэлхий даяар устгаж байхад Монголд яагаад хүн рүү дайрч байгаа баавгайг хайрлах ёстой юм. Хүн рүү дайрч байгаа бол устгах нь зүйтэй. Өөр арга зам байхгүй.

-Хүн амьдардаг бүс нутагт баавгайг оруулахгүйн тулд өөрсдийнх нь амьдардаг газарт идэш тэжээл тавьж болох уу. Тавилаа гэхэд ямар хоол хүнс тавих вэ?

-Хамгийн амархан хооллох арга нь мазаалайг хооллоод байгаа тэр идэш тэжээлийг тавих байх л даа. Мазаалай байдаг газар өөр махчин амьтан байхгүй болохоор булаацалдаад байх нь бага, тэдэнд тэжээл өгч болоод байх шиг байна. Гэтэл ойд бол өөр шүү дээ. Түүнийг чинь хуваалцах амьтан нэг биш байгаа. Үнэг, чоно, нохой зээх, хирс гээд олон амьтан бий. Тэр бүгдийг ялгаж, салгаж ганцхан баавгайд зориулсан хүнс юу байж болох вэ гэдгийг олж тавина гэдэг хэцүү л байх л даа.

-Олон улсад муурнаас том махан идэшт амьтныг тэжээхийг хориглодог гэсэн. Баавгайд идэш тэжээлийг нь тавьж өгөөд байвал хүнд дасах уу. Баавгайн дасан зохицох чадвар хэр вэ?

-Баавгай бол дасан зохицохдоо сайн амьтан. Идэш тэжээлийн хувьд юу ч хамаагүй иднэ. Ургамал, жимс жимсгэнэ, мах, шавьж гээд юу л бол юу иддэг. Манайхан самрыг нь түүснээс болоод баавгай өлсчихлөө гэж яриад байдаг. Самар жил бүр гардаггүй. Хэдэн жилийн давтамжтай гардаг. Тэгвэл самар гараагүй жил өөр зүйл идээд амьдрах чадвартай. Баавгай өөрийн гэсэн эзэмшил газартай. Самар ургаагүй жил бусад зүйлээр хооллоод амьдраад байж болдог. Гэтэл энэ жил самар ургаагүй учир өлсөөд хүн рүү дайраад байна гээд байгаа. Гэтэл самар ургаагүй өмнөх жилүүдэд юу идээд амьдраад байсан юм. Өөр юм идээд амьдраад болоод байсан болохоор л байж байгаа шүү дээ. Гэтэл энэ жил яагаад олон тохиолдлоор хүн рүү дайраад байна гэхээр самар жимс аль нь ч ургаагүй. Самар нь Хөвсгөл, Увс аймагт л жаахан гарсан юм шиг байна лээ. Сибирээс баавгай орж ирсэн гээд байгаа. Гэтэл тэр түймэр нь хилийн цаана өчнөөн км-ийн алсад гарсан. Хил дамнасан гал биш. Тэгэхээр баавгай орж ирнэ гэж байхгүй. Монголд байсан л баавгай байж таарна. Гэнэт зэрлэг амьтан хүнд дасна гэж байхгүй л дээ. Багаас нь бамбарууш байхаас нь тэжээгээд өсгөөд дасгаж болох л байх. Гэхдээ зэрлэг амтан л юм чинь амьтны хуулиараа л явна шүү дээ.

-Зарим амьтан судлаачид байгалийн шалгарлаараа амьдрах чадваргүй амьтдаа байгаль өөрөө цэвэрлэж байна гэх. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Тэгж хэлж бас болно. Гэхдээ тэр олон өөр газар байгаа баавгай гэнэт нэг жил бүгдээрээ амьдрах чадваргүй болчихсон гэж хэлж болохгүй. Зүгээр л байгаль энэ жил их хатуу байна. Түүнээс болоод зарим амьтад өлсөөд байгаа. Яг 100 хувь байгалийн шалгарал гэж хэлж бас болохгүй.