Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан.

Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилд дөрвөн жилийн ял оноогоод байгаа бөгөөд бид хавтаст хэргээс анхаарал татсан баримтыг хүргэж байна.

М.Сономил гэгч хэн бэ?

1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн командын инженер мэргэжилтэй, “....” ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин  суух хаягтай, ял шийтгэлгүй нэгэн.

М.Сономил ямар хэрэг үйлдэв?

М.Сономпил нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2013C4050 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /China machinery engineering corporation буюу CMEC/ нь Монгол Улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол Улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 219 дугаартай тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан мөн М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Хотгор зам” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Хайратын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.Пүрэвжав нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Энхцэлмэг, Б.Баттөмөр, Г.Туяахүү, Б.Өрнөхбаяр, Р.Дорж нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Хотгор зам” ХХК-ийн ерөнхий захирал А.Хайратаас

  • өөрийн хүү Сономпилийн Даян-Очирын эзэмшлийн Хаан банкин дахь 50850.... дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,
  • мөн С.Даян-Очирын эзэмшлийн Голомт банкин дахь 2105.....  дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,
  • өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043.... дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан байна.

Түүний энэхүү гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүний гэмт хэргийг хэрхэн зүйлчлэв?

Нийслэлийн прокурорын газраас: Эрчим хүчний сайд асан М.Сономпилын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хахуулийн хэрэг гэрчийн мэдүүлэг, баримтаар нотлогдов

  • гэрч Е.Ерболат: “...Тухайн үед гишүүдэд ярьж хуралтай гэж мэдэгдэхэд “ажилтай байна” гээд ирж оролцоогүй байх гэж бодож байна. Яг хэн хэн нь тэгснийг санахгүй байна. ... Шалгаруулах 6 дугаар хурал ирц хүрээгүйгээс болоод болоогүй байж, би одоо хурал болсон үгүйг сайн санахгүй байна. 4 хүн ирээгүй бол ирц хүрэхгүй тул хурал болоогүй л гэсэн үг. Пүрэвжав дарга надад “чи үнэлгээний тайлан, хурлын протоколуудыг бэлдээд хуралд ирээгүй гишүүдээр нөхөж гарын үсэг зуруул” гэж хэлж байсныг санаж байна. Түүний дагуу 6 дугаар хурлын тэмдэглэлийг би Дорж, Туяахүү нараар нөхөж гарын үсэг зуруулсан. Дорж гуай “Таван толгой”-н цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж дээр байхад нь очиж гарын үсэг зуруулсан. Туяахүү өөрөө дараа нь манай Хөгжлийн төв дээр ирж гарын үсэг зурсан. Өмнө нь Эрчим хүчний яаман дээр очиж хурлын тэмдэглэлд нөхөж Энхцэлмэг, Баттөмөр хоёрын нэгээр нь гарын үсэг зуруулсан, эсхүл хоёулангаар нь нөхөж зуруулсан уу гэдгээ санахгүй байна. ...” /10-р хавтаст хэргийн 48-р хуудас/
  • гэрч П.Энхцэлмэг: “... Би Пүрэвжав даргын өрөөнд хуралд суугаагүй. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй, суусан бол санана. Би Туяахүүтэй хамт нэг хуралд суугаагүй. Дорж гэдэг хүнийг санахгүй байна. Хурлын ирц бүрдэхгүй болоод Туяахүүг хуралд сууснаар тооцоод ирц бүрдүүлж байсан. ... Ерболат “тендерт “Хотгор зам” ХХК шалгарсан” гээд ирж надаар гарын үсэг зуруулсан. ... Пүрэвжав даргыг Сономпил сайдын компанид ажиллаж байсан гэж сонсож байсан. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй. ...” /10-р хавтаст хэргийн 68-69-р хуудас/,
  • гэрч Б.Баттөмөр: “... Би Үнэлгээний хороонд ажилласан. Нэг хуралд Энхцэлмэг эгчийн хамт суусан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулах хуралд би суугаагүй. Сүүлд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ерболат надтай уулзаад “энэ компани шалгарсан, гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь “яаж шалгарсан юм” гэхэд “... бусдаасаа бага үнэтэй байсан тул үнээр нь шалгаруулсан” гээд тендерт оролцогч нарын гаргасан үнийн жагсаалтыг үзүүлсэн. Тэрүүгээр “Хотгор зам” ХХК бага үнэтэй байсан. Тэгээд ... энэ талаар тодруулахгүйгээр гарын үсэг зураад явуулсан. ... Би Пүрэвжав даргын өрөөнд орж байгаагүй. ... Пүрэвжав дарга Сономпил сайдыг сайд болсны дараа дагаж ирж Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга болж байсныг мэдэж байна. Ямар холбоотойг мэдэхгүй. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй. ...” /10-р хавтаст хэргийн 70-71-р хуудас/,
  • гэрч Г.Туяахүүгийн: “... 3 дахь хурал нь тендерийг үнэлэх хурал байсан. Тэр хуралд дарга Пүрэвжав, нарийн бичгийн дарга нар оролцсон хурал байсан. Би хуралд ороод “Хотгор зам” ХХК-ийг дэмжсэн. Учир нь, компнанийн техникийн үзүүлэлт, ажил хийж гүйцэтгэх хугацааг нь хараад дэмжээд гарын үсгээ зураад гарсан. ... Пүрэвжав даргын өрөөнд хийсэн хуралд суусан эсэхээ санахгүй байна. “Хотгор зам” ХХК-ийг сонсоо ч үгүй компани байсан. ...“Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ёстой мэдэхгүй, сонсоогүй юм байна. ...” /10-р хавтаст хэргийн 72-73-р хуудас/,
  • гэрч Б.Өрнөхбаяр: “...Би Пүрэвжавын даргын өрөөнд хуралд сууж байгаагүй. ... Дээрх хүмүүстэй хамт тендерийн баримт бичиг боловсруулах хуралд сууснаа санахгүй байна. Би ерөөсөө баримтыг авч байгаагүй. “Хотгор зам” ХХК шалгарсан гэж сонсож байсан. “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулсан хуралд сууснаа санахгүй байна. Тухайн үед материалтай нь танилцаж байсныгаа санаад байна. ... Сономпил, Пүрэвжав хоёрыг найзууд гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. ...“Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ...хараад гайхаж байна. Арай хэтэрхий байна, арай дэндүү байна. ...” /10-р хавтаст хэргийн 77-78-р хуудас/,
  • гэрч Р.Дорж: “...Би зөвхөн тендер нээх хуралд суусан. Би тендерийн баримт бичиг боловсруулах хуралд суугаагүй тул ямар ямар шаардлага тавьсан талаар мэдэхгүй. Миний хувьд нэг удаагийн хуралд материал нээхэд нь оролцоод явсан. Өөрөө хуралд ороогүй. Би “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулаагүй тул мэдэхгүй байна. ... Нэг мэдэхэд л Пүрэвжав дарга болчихсон байсан. ... “Залуу Монгол” ХХК, “Хотгор зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Түншлэлийн гэрээ”-г ... анх удаа харж байна. Тендерийн үнэлгээний хуралд бүрэн суугаагүй. ...” /10-р хавтаст хэргийн 80-81-р хуудас/,
  • гэрч Я.Пүрэвжав: “...Намайг албаар захиалгаар үнэлгээний хорооны даргаар тавьсан талаар анх бол мэдээгүй. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайд М.С нар надад тендерт "Хотгор зам" гэж компани орж байгаа, анхаарч үзээд дэмжээрэй гэж хэлсэн. Тэгээд худалдан авах ажиллагаа явагдсан, гэхдээ би энд хурлыг зохион байгуулж явахаас биш, тэрнийг дэмж, үүнийг дэмж гэж чиглэл өгөөгүй. Би Ерболатад төрийн нарийн, сайд нар энэ тендерт Хотгор зам ХХК-ийг захисан шүү, тэгэхээр хууль журмынхаа дагуу асуудлаа хараарай гэж хэлсэн. Түүнээс биш чи Хотгор зам ХХК-ийг шалгаруул, би чамд тэдэн төгрөг өгнө гэдэг ч юм уу, ийм хуулиас гадуур чиглэл өгч байгаагүй. ...” /10-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/,
  • гэрч С.Даян-Очир: “...Түншлэлийн гэрээг өмнө нь үзэж байгаагүй. Миний гарын үсэг мөн байна. Гарын үсгийн дарц байдаг. Манай байгууллага Дархан ямар нэг ажил хийгээгүй. Юун үнсэн сан барих, тийм үйл ажиллагаа ч явуулж байгаагүй. ... Дардас нарийн бичигт байдаг. Тэр болгон гарын үсэг зураад байдаггүй. Намайг байсан байгаагүй дардаг. Энэ гэрээг надаас асуугаагүй. Би анх удаа харж байна. Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих тендерт оролцоогүй. Хайрат гэх хүнийг танихгүй, Хотгор зам ХХК сайн мэдэхгүй. Хайрат болон Хотгор Зам ХХК-иас мөнгө авсан асуудал байхгүй. Энэ гүйлгээний талаар мэдэхгүй. Гэрээний дагуу авсан мөнгө биш. Намайг байхгүй үед гэрээ хийсэн байх. 100.000.000 төгрөгөөс дотогш мөнгийг би шийддэг. Түүнээс дээш бол аав /Сономпил/ шийддэг. Хотгор Зам ХХК-иас 60.000.000 төгрөг шилжсэн нь ...зээл л байна. Зээлийг ер нь компанидаа авдаг. 260 сая төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Хуулга харж байж мэдэх байх. Мөнгө буцаад Хотгор Зам ХХК-д орсон байх, 2 сая, 4 сая төгрөгийг мэдэхгүй. ...” /10-р хавтаст хэргийн 135-136-р хуудас/
  • А.Хайратын яллагдагчаар өгсөн: "...Миний хувьд Дарханы цахилгаан станцын хаягдал үнсэн сан шинэээр барих ажлын тендерт шалгаруулсны төлөө Эрчим хүчний сайд М.Сонопилын хүү Даян-Очирын данс руу 66 сая төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд С.Даян-Очирыг огт танихгүй, одоо ч харвал танихгүй, миний төрсөн ах Мурат Даян-Очирын дансыг манай нябо Буджавт өгч уг 66 сая төгрөгийг шилжүүлсэн, үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Харин Залуу Монгол ХХК-ийн данс руу шилжүүлсэн 200 сая төгрөг бол тендертэй хамааралгүй, ковшны үнэ. Манай компани М.Сээс ковшийг 2013 онд бил үү, 200 сая төгрөгөөр худалдан авсан, ковш худалдаж авах асуудлыг ах Мурат Сономпилтэй ярьж худалдаж авсан, түүнээс худалдаж авсан ковшны мөнгө болох 200 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн..." /13-р хавтаст хэргийн 93-р хуудас /, "...Хотгор зам ХХК нь Сономпилийн хүү Даян-Очирын Залуу Монгол ХХК-тай байгуулсан тендер зуучлалын гэрээний дагуу Эрчим хүчний сайд М.С манай компанийг Дарханы дулааны станцын үнсэн сангийн тендерт ялуулсны төлөө 266 сая төгрөгийг Залуу Монгол ХХК-руу болон Даян-Очирын данс руу шилжүүлсэн нь үнэн. ..." /14-р хавтаст хэргийн 13-14-р хуудас /
  • “Хотгор зам” ХХК-иас С.Даян-Очирын Хаан банкин дахь 5085...  тоот дансанд 60.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /10-р хавтаст хэргийн 223-р хуудас /,
  • “Хотгор зам” ХХК-иас “Залуу Монгол” ХХК-ийн Хаан банкин дахь 5043023012 тоот дансанд 200.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /10-р хавтаст хэргийн 226-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сономпилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.Сономпилд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Борлууд овогт Мишигийн Сономпилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Мишигийн Сономпилийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономпилд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономпилын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сономпилоос 266,000,000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай тогтоолоор М.Сийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-22....  дугаартай амины орон сууцнаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Палас ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар гудамжинд байрлалтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн Р00000314 дугаартай Мишигийн Сономпилын албаны гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Залуу Монгол" ХХК болон "Хотгор зам" ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01/05 дугаартай "Түншлэлийн гэрээ"-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Сономпил энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Сономпилд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.