Хаан банк зээлийн нэмэгдүүлсэн хүүг илүү тооцсоноос болж, их хэмжээний хохирол хүлээсэн нэгэн ААН шүүхэд ханджээ. Үндэсний баялаг бүтээгч нэгэн томоохон компани барилгын санхүүжилтийн зорилгоор, 2007 онд Хаан банкнаас зээл авчээ.

Гэтэл зээл төлөлтийн явцад Хаан банк нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүүг илүү тооцож, их хэмжээний дүнг илүү суутгасан байжээ.

 Хуулинд нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо үндсэн хүүгийн 20%-иас хэтрүүлэхгүй байхаар зүйлчилж заасан байдаг. Гэтэл Хаан банк 20 биш 100 хувиар нэмэгдсэн хүүг тооцож таталт хийсээр байжээ. Тэр ч бүү хэл зөвхөн хүүгээс тооцох ёстой байсан нэмэгдсэн хүүг зээлийн нийт дүнгээс тооцдог байсан нь бүр ч их хохирол учруулсан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт

“Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно”

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйл. Зээлийн хүү

24.3  “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй  хэмжээний  нэмэгдүүлсэн  хүү төлнө” гэж заажээ.

Ганцхан жишээг дурьдахад,  компани графикийн дагуу хоёрдугаар сард төлөх байсан 50,000$-оо хугацаа хэтрүүлэн төлсөн байна. Гэтэл Хаан банк нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо, хүүгээс бодох ёстой байтал нийт зээлийн үлдэгдэл буюу 5,194,700$ -оос бодож хохирол учруулсан гэж үзэж байгаа аж. Энэ мэтээр хумсалж, илүү таталт хийсээр Зээлдэгч байгууллага төлөх ёсгүй  500 орчим сая  төгрөг илүү төлсөн гэж үзэн, шүүхэд хандаад байна . Гэвч маргаан шийдэгдэхгүй байсаар  долоо дахь жилийн нүүрийг үзжээ. Хаан банк дахин шинжээч томилуулах, бодолт хийлгэх зэрэг шалтгаанаар шүүх хурлын товыг хойшлуулдаг бол шүүхийн зүгээс энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй байсаар 2020 онтой  золгожээ.

Хэрэв иргэн та, эсвэл таны удирддаг байгууллага урьд өмнө нь Хаан банкнаас зээл авч байсан уу? Тэгвэл нэмэгдүүлсэн хүүгийн бодолтоо дахин нэг нягтлаад үзэхийг сануулья.

Эх сурвалж: shuurhai.mn