Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан  Х.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Бугат суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 03 дугаар 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Булбулын нэр дээр бүртгэлтэй “Ахжибек” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон байна. 

Мөн Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Тэрбээр хувийн хэрэгцээндээ ашигласан бүхнээ төсвийн мөнгөнд ийнхүү ашигласан байгаа юм. Тодруулбал, НИК ХК-аас удаа дараа  шатахуун авсан бөгөөд үүний нийт үнийн дүн нь 2,775,904 төгрөг болсон. Энэхүү мөнгийг гаргахын тулд Бугат сумын засаг даргаар ажиллаж байхдаа сураггүй болсон Ү.О-ыг эрэн хайх, Дэлүүн сумаас өвс тэжээл татах, ангийн бүсэд өвс тэжээл тавих, Ү.О-ы ар гэрт нь тусламж өгөх зэрэгт 2 сая төгрөгийн санхүүжилтийг “Ахжибек” ХХК-ны данс руу шилжүүлж авсан байгаа юм.

Түүний үйлдсэн дээрх хоёр гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтуудар нотлогдсон байдаг.  

Тухайлбал төсвийн мөнгийг хувьдаа ашигласан нь гэрч А.Жын өгсөн“...Х.Х нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна. Чи өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Х.З өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих. Би дараа нь чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь сумын засаг дарга тэгж хэлж байгаа юм чинь өгөхөөс өөр аргагүй болж өөрөө хувиасаа Х.Хын өмгөөллийн хөлсийг төлөх болсон. Тэгээд би өмгөөлөгч Х.Зд 2017 оны 09 дүгээр сард 200,000 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 200,000 төгрөг нь бэлнээр олдохгүй болохоор хувиасаа нэг эр хонийг 2017 оны 11 дүгээр сард Х.Зд өгсөн. Тэгээд Х.Хаас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000 төгрөгөө нэхэхэд хариуд нь “Чи түр тэсээд байж бай. Би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн уг мөнгөнөөс Х.Х өмгөөлөгчийн хөлсөө ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэх утгаар 400,000 төгрөгийг гаргаж авсан.” Гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Хн өгсөн: “... “Ахжибек” ХХК нь Х.Х даргын эхнэрийн компани юм. Өмнө нь Х.Х дарга уг компанийн захирал хийж байсан юм байна. 2 сая төгрөгийг аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс манай сумын засаг даргын нөөц хөрөнгө рүү шилжүүлж өгсөн. Нөөц хөрөнгийг ямар зүйлд зарцуулах талаар хуульд зааж өгсөн байдаг. Засаг дарга Х.Х нь тухайн 2 сая төгрөгийн санхүүжилтийг данснаас гаргахыг зөвшөөрсөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай захирамж баталж өгсөн. Түүний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Ямар зүйлд зарцуулсныг мэдэхгүй байна. Х.Х нь өөрөө болохоор НИК ХК-аас 2 сая төгрөгөөр бензин авсан гэсэн баримт гаргаж өгсөн боловч НИК ХК-аас тийм шатахуун аваагүй байсан. Тухайн 2 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан гэсэн.” Гэх мэдүүлэг.

Мөн  2 сая төгрөгийг сумын албаны хэрэгцээнд зарцуулсан мэт болгож хуурамчаар бичсэн Ахжибек ХХК-ийн нэхэмжлэлийн хуулбар зэрэг олон баримтаар нотлогдож байгаа аж.

Тиймээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019-10-14-ны өдөр У овогт Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн.

Эн ялыг эзс засаг дарга болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

Ингэснээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.