Хэнтий аймгийн Бор ­Өндөр суманд уул уур­хайтай холилдсон ашиг сонирхлын зөрчил хэрээс хэтэрч буйн нэгэн жишээ. “Монголросцветмет”-ийн харьяа Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн тус­гай зөвшөөрөлтэй /тал­бай 8 А/ дээр “Алтайн цаст уулс” хэмээх хотын нэгэн компани “Гаалийн хяналтын бүс” нэрийн дор торон хашаа татаж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Ингэснээр тус талбайд ачилтын үйл ажиллагаа явуулж, өөрсдийн олборлосон эцсийн бүтээгдэхүүн болох баяжмалаа экспортлодог 10-аад аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдсөн гэнэ. Иймээс асуудлын мөрөөр орж, холбогдох албан тушаалтан, ажил олгогчидтой уулзаж байр суурийг нь сонсож тодрууллаа. Анх уг талбайг УБҮ-ийн эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй, хуучин үйлдвэрийн төмрийн хаягдалтай, хэн ч тоож харахааргүй байхад нь 2005 оноос дээрх 10-аад аж ахуйн нэгж өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэн ашиглажээ. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-аас “Манай талбай” гэснээр 2006 оноос өнөөг хүртэл тухайн аж ахуйн нэгжүүдээс татвар татсаар ирсэн байна. Гэтэл тус талбайд шинэ эзэмшигч буюу “Алтайн цаст уулс” ХХК нь ГЕГ, УБҮ, УБТЗ-тай хийсэн гэрээгээр Гаалийн хяналтын бүсийг байгуулжээ. Орон нутгийн захиргаанаас энэхүү үйл ажиллагааг хууль зөрчсөн хэмээн үзэж ажлаа зогсоохыг удаа дараа шаардсан ч Гаалийн улсын байцаагч н.Жаргалсайхан “Манайх босоо удирдлагатай байгууллага, орон нутгийн ямар ч дарга, мяндагтан ирсэн бидэнд ийм шаардлага үйлчлэхгүй” гэснээр ажил үргэлжилжээ.

Ачилтын талбайд Төмөр замын тав, хувийн хэвшлийн долоо нийт 12 зам бий. Үүний наагуур нь “Алтайн цаст уулс” ХХК-ийнхан торон хашаа татаж, тухайн аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг хяналтын бүсэд нэвтрүүлэхгүй, өөрсдийн тоног төхөөрөмжөө оруулна гэж зөрүүдэлдэг байна. Түүнчлэн “Хэрэв техникээ оруулбал ашгийнхаа 50 хувийг өг” хэмээн тулган шаарддаг гэнэ. Ямартаа л хувийн хэвшлээс хяналтын бүсэд арайхийн орж техникээрээ үйлчилсэн “Булган Өлзий орд” ХХК-ийн авах ёстой үйлчилгээний хөлсийг “Алтайн цаст уулс”-ынхан үйлчлүүлэгчид нь шахалт үзүүлэх байдлаар өөрийн дансандаа авсан баримт бий аж. Анх энэ ажлыг эхлүүлэхдээ “Та нараас ямар ч татвар авахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Гагцхүү захиалгат гаалийн бүрдүүлэлтийн ажлыг зүй зохистой болгохоор энэхүү ажил хийгдэж байгаа юм” хэмээн амалсан нь талаар болсон гэдгийг ажил олгогчид ярьж байна. Зарчмын хувьд мэдүүлэгчийн захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг компаниудыг эмх цэгцэнд оруулж Гаалийн хяналтын бүс барьж байгуулах нь зүйн хэрэг ч ГЕГ яагаад энэхүү ёс зүйгүй, дур зоргоороо авирлагч “Алтайн цаст уулс” ХХК-тай гэрээ байгуулан давуу эрх олгож, дундын харилцаа үүсгэсэн нь ойгомжгүй. Иймээс Шандын гаалийн харьяа Бор-Өндөр дэх Гаалийн салбарын дарга М.Мөнгөнбаганатай Хэнтий аймгийн болон тус сумын ажил олгогч эздийн холбооны тэргүүн, мөн сумын ИТХ-ын төлөөлөгч н.Энх-Эрдэнэ, ажил олгогчдын төлөөлөл нарын хамт уулзаж асуудлыг тодрууллаа.

М.Мөнгөнбагана: Тус компанийн тусгай зөвшөөрөлтэй эсэхийг надаас асуух шаардлагагүй

Гаалийн ерөнхий газраас Хяналтын бүс байгуулах эрх авч, хөрөнгө зарсан тэр байгууллага нь өөрөө ашгийн байгууллага учраас тус бүсэд үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тэр бүсэд үйл ажиллагаа явуулж буй бусад компани ч орох эрхтэй. Орохдоо зохих ёсны гарцаар тусгай зөвшөөрөлтэй байх журамтай. Харин “Алтайн цаст уулс” ХХК-ийн тухайд тусгай зөвшрөөлтэй юу, үгүй юү гэдгийг надаас асуух шаардлагагүй. Шаардлагатай бол Шандын гаалийн газарт эсвэл ГЕГ-т бичгээр хандаж болно. Хяналтын бүс нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу ГЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан. Гаалийн байгууллагад хяналтын бүс байгуулах хөрөнгө байхгүй. Тиймээс өөрсдийн хөрөнгөөр хяналтын бүс байгуулсан аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эрхлээд явна. Давуу тал нь Гаалийн байгууллага Хяналтын бүс дотор хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Ийн хариулт өгсөн Бор-Өндөр дэх гаалийн салбарын дарга М.Мөнгөнбагана тус сумын Засаг даргын “Ирээд уулз” гэсэн шаардлагыг үл ойшоосоор өнөөг хүрчээ. Гаалийн байгууллагатай дундын харилцаа үүсгэсэн гэх “Алтайн цаст уулс” ХХК-ийн эрх мэдэл дор 29 компани үйлчлүүлэхээр болж, бүгд энэ компанийн түрээс төлөгчид болжээ. Яг л хар захын түрээслэгчидтэй ижил. Ялгаа нь тус захын удирдлагууд түрээслэгчдийнхээ үгийг сонсдог бол энд тийм зарчим үйлчилдэггүй. Учир нь тус гаалийн салбарын дарга өмнө нь компаниудаар очиж үйлчилгээ хийдэг байсан ч энэ удаа нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгаанаар татгалзжээ. Түүнчлэн хувийн хэвшлийн хашаануудаар очиж хийдэг захиалгат үйлчилгээгээ “Хүсвэл хийнэ, эс хүсвэл хийхгүй” хэмээжээ. Үүнд ажил олгогчид эмзэглэж “Гааль бол төрийн үйлчилгээний байгууллага. Хэдийгээр энд гаалийн бүс байгуулсан ч бусад компанид үйлчлэх боломжийг судлах хэрэгтэй. Түүнээс биш ганц компанид үйлчлэх ёсгүй” гэв.

ГЕГ-ын даргын 2009 оны 158 дугаар тушаалын 2-р хавсралтын дагуу Чөлөөт бүсийн захирагч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагатай хийх гэрээнд Гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх, чөлөөт бүсийн журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх заалтыг тусгажээ. Түүгээр ч барахгүй Гаалийн байгууллага нь “Итгэл” хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журамтай. Журмаар гадаад худалдааг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, хүнд суртлыг багасгах, зорилгоор гаалийн байгууллагын итгэл хүлээсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийн шуурхай байдлыг ханган ажиллах үйл ажиллагааг зохицуулах учиртай. Шалгарсан аж ахуйн нэгжид “Итгэлийн гэрчилгээ” олгож, зөрчил гаргасан тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгож, гурван жил дахин шалгаруулалтад оролцох эрхгүй болгодог байна.

УБҮ-ийн удирдлага “Алтайн цаст уулс” ХХК-тай гэрээ байгуулсан нь нөхцөл байдлыг хурцатгасан хэмээн үзэж, тус үйлдвэрийн захирлаас тодруулга авсан юм.

С.Ичинноров: Миний хувьд гэрээг цуцлахад цааргалах юмгүй

“Алтайн цаст уулс” ХХК нь Төмөр зам болон Гаалийн байгууллагатай зөвшилцөөд хяналтын чөлөөт бүс байгуулах зөвшөөрөл авсан гэж ойлгож байгаа. Намайг Шандын гаалийн байгууллагатай харилцахад гаальтай зөвшилцөлд хүрсэн компани учир танайх яаралтай хяналтын бүстэй болох ёстой, төмөр замтайгаа холилдоод байж болохгүй гэсний дагуу 2012 оны долоодугаар сард гэрээ хийсэн. Төлбөр мөнгөө төлөөгүй байсан гэрээг дахин шинэчилж, 2013 оны долоодугаар сард байгуулснаар тухайн компани төлбөрөө төлөөд явж байна. Энэ талаар Төмөр замын Чингис даргатай ярихад мөн ялгаагүй “Энэ бол УБТЗ-тай зөвшилцсөн компани” гэсэн. Засаг дарга Ганхуягтай ярихад “Манайхтай наад компани чинь яриагүй” гэж байсан. Гэвч намайг ирэхээс өмнө буюу 2012 оны долоодугаар сард гэрээ хийгдсэн байдаг. Би өнгөрөгч оны тавдугаар сард энэ албанд ирсэн. Тэр компани чөлөөт бүсэд буй бүх юмыг жигдрүүлээд, тодорхой үйлчилгээ үзүүлнэ гэж бодсон. Тэр компанийн үйлчилгээний үнэ тариф таалагдахгүй бол надад мэдэх юм алга. “Алтайн цаст уулс” ХХК-ийг буруу, зөрүү ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй. Ер нь “Алтайн цаст уулс” ХХК-ийн гэрээний хоёр сая төгрөг үнэндээ юу ч биш. Тэрэнтэй, тэрэнгүй үйл ажиллагаа явж л байсан. Тиймээс орон нутагтайгаа учраа ол. Гэрээг цуцлахад цааргалах зүйлгүй. Төмөр замын татварын тухайд тусгай зөвшөөрөлтэй газар нь татвар авах ёстой бол татварыг нь манайх авах байх. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь манайд бий. Энэхүү тайлбарыг Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирал С.Ичинноров хэлсэн.

Тухайн талбай УБҮ-ийнх гэдэг нь тодорхой боллоо. Гэтэл энэхүү газар дээр 3-4 эзэмшигч гарч ирсэн нь Газрын тухай хуультай зөрчилдөх аж. Төрөөс тухайн газрыг УБҮ-т эзэмшүүлэхээр тусгай зөвшөөрөл олгосон, “Алтайн цаст уулс” ХХК болохоор УБҮ-тэй түрээсийн гэрээ байгуулж эзэмшигч болсон, дээрээс нь УБТЗ-аас “Манай газар” гээд “Алтайн цаст уулс” ХХК-тай мөн гэрээ байгуулсан. Асуудал үүсэнгүүт сумын захиргаанаас “Алтайн цаст уулс” ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзээд үйл ажиллагаагаа зогсоож, тухайн газрыг чөлөөлөхийг шаардсан байдаг. Зүй нь газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй УБҮ нь 2012 оны долоодугаар сард тухайн орон нутагтай зөвшилцсөн эсэх нь тодорхойгүйгээр өөрийн эзэмшилд буй газрыг бусдад түрээслүүлсэн нь харагддаг.

Газрын тухай хуульд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Газрыг давхцуулан олгохгүй байхыг заасан. Мөн Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад буй газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглуулж болно. Энэ заалтуудыг тухайн орон нутгаас зөрчсөн хэмээж “Алтайн цаст уулс” ХХК-нд шаардлага өгчээ. 2013 оны наймдугаар сарын 9-нд өгсөн шаардлагын хариуд “Манайх УБҮ-тэй байгуулсан гэрээний дагуу ГЕГ болон УБТЗ-тай зөвшилцөж, холбогдох гэрээг албан ёсоор байгуулсан тул хууль зөрчөөгүй” гэжээ. Гэвч анх хувийн хэвшлийнхэн тухайн газрын хог хаягдлыг цэвэрлээгүй бол магадгүй өнөөдөр тэрхүү газрыг “мөнгөний нүд”-ээр харагсад энэ хэртэй асуудал үүсгэх байсан уу, үгүй юү.

Эдийн засгийн талаас нь харвал сард ачигдах вагоны тоо 1500 орчим. Эдгээрийн 70-80 хувь нь үүгээр дамжина. Нэг вагонаас тус компанийн тооцоогоор 50-60 мянган төгрөг, өөр талбайгаас бас мөнгө татна. Үүнийг техникийн тоогоор авч үзвэл хэдэн тэрбумаар тоологдох мөнгө яригдана. Үүнийг зах зээлийн “овжин нүд”-ээр харсан “Алтайн цаст уулс” хэмээх хотын компани орон нутагт ямар нэгэн татвар татаас төлөхгүйгээр их мөнгийг “залгих”-аар тооцоолсон гэж ажил олгогчид үзэж буй юм. Мөн тэд ард нь ГЕГ-ын ямар нэгэн ашиг сонирхол байгааг үгүйсгэхгүй, тиймээс энэ газрыг орон нутагтаа ашигтайгаар авч үлдэх гэнэ.

Үргэлжлэл нь: Дараагийн дугаарт

Ш.ОДОНТУЯА