• Дутуу төрсөн нярай хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд цус харвадаг. Мөн харааны сохрол үүсдэг гээд хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл олон
  • Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаас харахад манай улсын хэмжээнд 2019 онд нийт 4883 нярай дутуу төржээ. Тэдгээрийн 2955 нь Улаанбаатарт, 1928 нь орон нутагт бүртгэгдсэн байна
  • Дутуу төрсөн тохиолдолд ээжүүд хамгийн багадаа 14 хоног эмчлүүлж, даралтаа тогтворжуулах шаардлагатай. Үүний хажуугаар килограмм хүрэхгүй жинтэй төрсөн нярайг хүн болгох гэж эмч нар өдөр, шөнөгүй зүтгэнэ

Жирэмсэн ээжүүдийн хамгийн том айдас нь дутуу төрчих вий гэсэн болгоомжлол. Өрх, дүүргийн хяналтын эмч ч зүрхний ямар нэг эмгэгтэй, хожуу насандаа төрж буй эмэгтэйчүүдийг аль болох сайн хянахыг хичээдэг. Гэвч эмч нарын санаснаар тэр бүр болохгүй зөвхөн ЭХЭМҮТ-д бүртгэлээр жилд 1000 гаруй дутуу төрөлт бүртгэгдэж байна. Дутуу төрсөн нярайн эндэгдэл гарах эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ утгаараа нярайн эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлдэг юм байна. "Нярай бүрийн эсэн мэнд амьдруулах зорилго тээж ажилладаг ч яаж ийгээд эндэгдэл гарчих гээд байх юм" хэмээн тус эмнэлгийн эмч шүүрс алдаж билээ. Дутуу төрөлт хамгийн хүнд бас эмзэг сэдэв учраас тэр бүр хүмүүс өнгийж харахыг хүсдэггүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаас харахад манай улсын хэмжээнд 2019 онд нийт 4883 нярай дутуу төржээ. Тэдгээрийн 2955 нь Улаанбаатарт, 1928 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд нийт 272 амьгүй төрөлт бүртгэгдсэний 175 нь Улаанбаатарт, 97 нь орон нутагт бүртгэгджээ. ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасаг бол ээжүүдийн сэтгэлийн хатыг шалгасан газар. Байсхийгээд л хэн нэг ээжийн дуугаа хураан, нулимсаа арчих үзэгдэл зүрх шимшрүүлнэ. Нярайн эрчимт эмчилгээний тасаг руу орох бүрт хүүхдийн ор хоосон харагдвал сэтгэл эмзэглэнэ. Ийм зовлон тохиох бүрт эмч нар аргадаж тайтгаруулаад байх цаг зав хомс. Асрагч нар нь өдөр бүр хүүхэд эсэн мэнд байгаасай гэж сэтгэлдээ залбирч суудгаа нуудаггүй. Дутуу төрсөн тохиолдолд ээжүүд хамгийн багадаа 14 хоног эмчлүүлж, даралтаа тогтворжуулах шаардлагатай. Үүний хажуугаар килограмм хүрэхгүй жинтэй төрсөн нярайг хүн болгох гэж эмч нар өдөр, шөнөгүй зүтгэнэ. Бага жинтэй төрсөн нярай хамгийн удаан эмчлүүлдэг хүүхдийн тоонд ордог. Тэд багадаа гурван сарын турш эмчилгээ хийлгэнэ. Үргэлж зүүгээр шивүүлсэн нярайн хувьд судас бол шүүрэн шанага боллоо л гэсэн үг. Зөвхөн судас гэмтээд зогсохгүй хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд цус харвадаг. Мөн харааны сохрол үүсдэг гээд хөгжлийн бэрхшээлтэй болох олон эрсдэл байдаг учраас удаан хугацааны эмчилгээ шаарддаг байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд хамгийн их хохирол дагуулдаг аж. Дутуу төрсөн ээж, нярайг эмчлэхэд их мөнгө зарцуулдаг тухай ЭХЭМҮТ-ийн эмч нар хэлж байгаа юм. Иймээс эмэгтэйчүүд аль болох дутуу төрөхгүй байх шаардлагатай гэж ярьж байлаа. Дутуу төрөлтийн шалтгаан олон янз байдаг ч үүнээс сэргийлэх боломж бий. Манай улсад нэг үе эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт алдагдсан, гэр бүлээ зөв төлөвлөж чаддаггүй зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг аж. Иймээс дунд сургуулийн эрүүл мэндийн боловсролын чанарыг сайжруулж, хүүхэд бүрт ойлгомжтой, үр дүнтэй мэдлэг олгох цаашлаад оюутан залууст ч гэсэн эцэг, эх болоход бэлтгэх эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг шат дараатай өгч байх шаардлагатай эмч нар онцолж байгаа юм. Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд дутуу төрөлт харьцангуй буурчээ. Гэхдээ буурлаа гээд баярлах болоогүй. Цаашид бүрэн таслан зогсоох эрүүл мэндийн байгууллагын зорилго. Монгол Улсад 2010 оноос жирэмсний хугацааг 22 долоо хоног, ургийн жин 500 граммаас дээш байхыг дутуу төрөлтөд тооцож, ДЭМБ-ын удирдамжийн дагуу бүртгэж эхэлсэн байна. Тухайлбал, жирэмсний 22-37 долоо хоног хүртэлх хугацааг дутуу төрөлт гэнэ. Тэр дундаа хаврын улиралд дутуу төрөх үзэгдэл нэмэгддэг аж. Учир хуурайшилтаас үүдэн агаар дахь тоосонцрын хэмжээ эрс нэмэгддэг учраас дутуу төрөх эрсдэлтэй байдаг байна. Судалгаа сөхвөл Баянгол дүүргийн эхчүүдэд 1000 амьд төрөлтөд дутуу төрөлтийн эзлэх хувь 15.5 байжээ. Хаврын улиралд хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байдаг аж. Түүнчлэн амьгүй төрөлтөд ч агаарын тоосонцор нөлөөлж байна гэж судлаачид үзэж байгаа юм. Амьгүй төрөлтийг судлахад Сонгинохайрхан 24, Баянзүрх 23 тохиолдол бүртгэгдсэн байв. Хүхрийн давхар ислийн агууламж тээлтийн эхний, дунд, сүүлийн гурван сард 10 нэгжээр ихсэхэд ураг амьгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дутуу болон амьгүй төрөлтөд агаарын тоосонцор, хуурайшилт, ээжүүдийн архаг хууч эмгэг, гэр бүл төлөвлөлт, залуусын эрүүл мэндийн мэдлэг гээд олон хүчин зүйл нөлөөлж буй юм байна. 

Засгийн газрын мэдээ сонин