Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрч, одоогоор дэлхийн бүх орныг хамарсан шинэ коронавирус “COVID-19” -ийн халдварыг ДЭМБ-аас гуравдугаар сарын 11-нд цар тахал гэж зарласан.

Тус байгууллага тахлыг гурван зэрэгт хувааж үздэг бөгөөд цар тахал нь эцсийн шат гэж ойлгож болно. “COVID-19” вирус нь шинэ зуун гарснаас хойших хамгийн хурдацтай дэгдэж, маш олон хүнийг хамарч байгаа өвчин гэдгээрээ дэлхий нийтийг цочоож, эдийн засгийн хувьд хүнд цохилт болж байна.

 

Дархлаа судлаач, анагаах ухааны доктор Д.Мандахнаран Цар тахлын талаар тайлбарлахдаа “Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчин дэлхийн олон улс оронд тэсвэртэй оршиж, “халдварын хоёрдогч давалгаа”-г хаасан үед ч хүн амын дунд тархсаар байгаа тохиолдолд уг халдварыг цар тахал буюу пандемийн хэмжээнд хүрсэн гэж зарладаг” гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирснийг тогтоосны дээр тав нь эмчлэгдсэн нь сайн мэдээ юм. Гэвч “хоёрдогч давалгаа” үүсэх, гаднаас зөөвөрлөгдөж ирэхгүй гэх баталгаа алга. Нөгөөтэйгүүр манай улс халдвар тархах хамгийн өндөр магадлалтай бүс нутаг хэвээр байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа билээ. Бас ЭМЯ-наас өдөр бүр өгч буй сэрэмжлүүлэг зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх нь бид өөрийгөө болон өрөөл бусдыг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд үндсэн гол арга гэдгийг мартах, сатаарах учиргүй юм.

УИХ-аар Цар тахлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ цар тахлын үед ард иргэдийг хэрхэн торгож шийтгэх тухай асуудал яригдаж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл түгээх нь тийм ч таатай санагдахгүй байх. Тиймээс аливаа цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар зохион байгуулалттай ажиллах, энэ хуулиар иргэдийн сахилга хариуцлагыг яаж дээшлүүлэх талаар илүү сурталчилж ойлгуулах нь чухал юм. Эд хөрөнгөө алдах нь хохиролтой ч эрүүл мэндээ хамгаалах нь хамгаас эрхэм билээ.

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин