“Батци” уран нугаралт, йогийн студийн багш, дасгалжуулагч Н.Батцэцэгтэй ярилцлаа.


-Йог хийх нь ямар ач тустай вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- Йог хийх нь мэдээж маш олон талын ач тустай. Хүмүүс иогоор хичээллэнэ гэхээр турах уу гэж их асуудаг л даа. Энэ нь хурдан хугацаанд биш аажмаар галбиржиж турна гэсэн үг. Зөвхөн турахын хажуугаар хүний бие маш гоё эрүүлждэг. Йогийн дасгалууд маань амьсгалын дасгалуудтай хосолж хийгддэг учраас зүрх судасны үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж биеийг бүхэлд нь эрүүлжүүлдэг. Маш олон хүн стресстээд нойргүйдлээ гэж ирдэг. Ингээд йогоор хичээллэснээс хойш сайхан унтдаг боллоо гэдэг дээ. Миний хувьд йогийн дасгалууд заагаад гурван жил болж байна. Энэ хугацаанд таван наснаас дээш насны бүх хүмүүст хичээлээ заасан. Багачууд маань илүү уян хатан, төлөвшлийн хувьд ч тэр аядуу зөөлөн, амгалан болдог. Харин ахмадууд болон залуучуудын хувьд стресс, нойргүйдлийн өвчнөөс салах гээд ач тусыг гаргасан.

-Йогийн төрлүүдийн талаар ярихгүй юу. Та яг аль төрлөөр нь хичээл ордог вэ?

-Миний хувьд хатха болон аштанга гэсэн хоёр төрлөөр хичээл ордог. Хатха йог нь 15 дугаар зууны үед Энэтхэгт үүссэн. Энэ йог нь удаан, тайван бөгөөд гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг. Ер нь анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой. Хатха йог нь иогийн төрлүүдийн үндэс гэж үздэг л дээ. Тиймээс урьд өмнө нь йогийг хийж үзээгүй бол эхлээд нэгээс хоёр сарын хатха йогийн ангид хамрагдах нь танд йогийн талаарх ойлголт, мэдрэмжүүдийг алдалгүй хүргэнэ гэсэн үг. Үүнээс цаашлаад өөрийн бие болоод сонирхолд нийцэх йогийн төрлийг сонгон авч үргэлжлүүлэн хичээллэх боломжтой. Онцлог нь өөрийн биеийг илүү хөнгөн шингэн, тайван, уян хатан болсныг мэдрэхээс гадна үргэлжлүүлэн хийх хүсэл төрдөг. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх йогийн студи, төвүүд хатха иогийн ангиудтай байдаг шүү.

-Аштанга йогийн тухайд дэлгэрүүлэхгүй юү?

Аштанга йог нь хатха болон виньяса йогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг. Нэг ялгаатай тал нь аштанга иогийн дасгалууд нэгэн хэвийн. Өөрөөр хэлбэл, бүх дасгалуудыг эхнээс нь дуустал ижил дэс дараалалтай хийдгээрээ онцлогтой. Энэ йогийг ихэвчлэн наранд мөргөх дасгалаар (Sun Salu­tation) эхэлдэг. Үүнээс гадна энэ йогоор хичээллэхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшлуулахын зэрэгцээ турааж биеийг чангалдаг онцлогтой.

-Одоогоор цахим сургалт явуулж байгаа юу?

-Хараахан цахим сургалт хийхгүй байна. Одоогоор юнивишний гэрийн багц хөтөлбөрт йогийн хичээл зааж байгаа. Энэ хичээлдээ бид эмчилгээний, ахисан, сунгалт болон даралт ихтэй хүмүүст зориулсан, төрөлтийн дараахь гээд олон төрлийн дасгалуудаа хамруулж ажиллаж байна.

-Хөл хорионд байгаа хүмүүс хөдөлгөөнөөр маш их дутагдаж байна шүү дээ. Ер нь интернэтээс йогийн дасгалуудыг сурах боломжтой юу. Хэр үр дүнтэй бол?

-Боломжтой л доо. Гэхдээ студи юмуу зааланд дасгалаа хийвэл багш хараад буруу зөвийг нь хэлээд өгчихдөг. Гараа хойшлуулах, хөлөө дээшлүүлэх хэрэгтэй шүү гээд дэмнээд өгнө гэсэн үг. Хүмүүс дасгалдаа хэтэрхий улайрахаараа амьсгалаа түгжчихдэг тал байдаг. Амьсгалаа түгжиж огт болохгүй. Ер нь багштай хийх нь илүү давуу талтай. Гэхдээ энэ хөл хорионы үеэр өөрөө хичээгээд дасгалуудаа сураад хийж болно.

-Анх йогоор хичээллэх гэж байгаа хүн юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Йог гэдэг бол өөрийгөө, дотоод хүнээ олох нэг аялал шүү дээ. Дасгал хийж байхдаа өөр зүйл бодохгүй зөвхөн өөрийнхөө амьсгалын зөв систем дээр анхаараад эхлэхээр өөрийгөө ойлгож дотоод хүнээ сонсдог. Монголчуудын хувьд хэтэрхий өөрийгөө хүчлэх гээд байдаг тал ажиглагддаг. “Энэ хүн турчихаад байхад би турах ёстой” гэсэн хандлага харагдаад байдаг. Уг нь бол өөр зүйл бодохгүй өөр зорилго тээхгүй, аль болох өөрийгөө мэдэрч хийвэл ялна шүү дээ. Хүчлэхгүйгээр бага багаар өөртөө дасгаад ирэхээр булчин санамжиндаа аваад бие бэлтгэгдээд эхэлдэг. Ер нь аажимдаа, алгуурхан сайжруулахыг л бодвол их сайн.

-Йогаар хичээллэхийн хажуугаар бидэнд эрүүл хооллолт маш их дутагддаг шүү дээ?

-Йогт хоолыг эрүүл, амттай, хортой гэж гурав ангилдаг. Муу гэдэг нь түргэн хоол болоод хэтэрхий тостой, амттай хоолнууд орно. Эрүүл хооллолт гэдэг бол шинэ хүнс ногоог түлхүү хэрэглэх явдал. Үүний хажуугаар махнаасаа уургаа аваад явахад эрүүл хооллолтын зарчим руугаа дөхөөд л байгаа хэрэг.

-Йогоор хичээллэн дархлаагаа сайжруулж бие махбодио эрүүлжүүлж буй олон хүн бий. Ер нь йогийн дасгал хөдөлгөөн бусад дасгалаас ялгарах онцлогийн талаар дурдахгүй юу?

-Йог гэдэг танхимд ороод дасгал хийхээс гадна сэтгэл санааны хувьд ч тэр бүү худлаа ярь, зэрэг зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхийг санал болгож байдаг. Улмаар өдөр тутмын амьдрал илүү гэгээлэг болно. Монголчууд их стресстэй байна, коронавирусийн энэ үеэр айдастай байна. Тэгэхээр бид дасгалаар дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Жишээ нь, эхнэр нь гэртээ амар амгалан бол нөхөр нь ажил дээрээ илүү цог золбоотой байгаад зогсохгүй гэр бүлийн уур амьсгал ч эерэг болно. Хүн болгон амгалан тайван бол улс хөгжихөд тустай гэж боддог доо.

С.ЛХАМСҮРЭН