Ховд аймгийн Мөст сумын засаг дарга Б.Сугарбат нь  тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ Булган стар” ХХК-ны захирал Н.А-аас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай В.Ц-р дамжуулан авсан байна. 

Энэ талаар В.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг боодол 20.000 төгрөгийн дэвсгэртийг машиндаа ганцаараа сууж байтал Н.А ирээд үүнийг даргадаа өгчих гэж хэлээд надад өгсөн. Засаг дарга Б.Сугарбатыг кемпийн гэрээс гэрч ирэхэд нь өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны хооронд гэж бодож байна. Тодорхой сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг

  • мөн гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас авсан 2.000.000 төгрөгийг яг юунд зарцуулсан юм бэ? 1.000.000 төгрөгийг хоол хүнс авахаар надад өгсөн. Г надаас 400.000 төгрөг зээлдэхээр нь нэмж 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Булган стар ХХК-иас өгсөн 1.000.000 төгрөгийг Засаг дарга Б.Сугарбат өөрөө зарцуулсан.” гэх мэдүүлэг
  • Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас 2.000.000 төгрөг авч тамгын газрын 10 хүн 2 өдөр “Буга боодог” гэдэг амралтын газар очиж амарсан.” гэх зэргээр хахуулийн баримт гэрчүүд цөөнгүй байгаа аж. 

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Тиймээс прокурор давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тодруулбал, прокурор эсэргүүцлээ дэмжиж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: "Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.Сугарбат, Н.А, гэрч В.Ц нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь зөрүүгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж тогтоосон гэж үзэж байна. Хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоохын тулд ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь тодорхойгүй байна.

Үйл явдал нь Н.А, В.Ц, Б.Сугарбат гэсэн 3 хүний хооронд болсон тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэсэн заалтаар буцаасан мөртлөө яллах дүгнэлтийн хавсралтыг яллагдагчид гардуулан өгөх, прокурорын 43 тоот яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хэргийн хавтас хуудас буруу тэмдэглэсэн алдааг залруулах гэсэн үндэслэлийг захирамжинд дурдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байхад захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг хангалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрхийг ноцтойгоор зөрчжээ. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч нь захирамжийг уншиж сонсгохдоо Б.Сугарбат нарт холбогдох хэргийг буцаах талаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоох, прокурорын 43 тоот яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хэргийн хавтас хуудас буруу тэмдэглэсэн алдааг залруулах гэсэн 2 үндэслэлээр буцаасан боловч шүүгчийн захирамжинд 3 дахь үндэслэл дурдсан нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүхийн шийдвэр гардуулсан шийдвэрээсээ зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү" гэв.