Эмээлтэд эр хонь 320 мянгад хүрчээ

“Би сая 320 мянган төгрөгөөр эр хонь авлаа. Цагийн сайханд энэ мөнгөөр бог мал авдаг байлаа шүү дээ. Одоо харин нэг “муу” хонь л ийм үнэтэй болчихсон байна. Арай ч дэндэж байна аа. Махны үнэ тэнгэрт хадаж, тансаг хэрэглээнд тооцогдоод хоёр жил өнгөрч байна. Жижиглэнгийн захаас авбал бүр ч дийлэх юм биш. Нэг кг нь 10 гаруй мянган төгрөг байсан. Арай хямд байгаа болов уу гээд энд ирлээ” хэмээн бухимдан халаглах хижээл насны эртэй “Эмээлт” захын үүдэнд таарлаа. Үнэхээр ч махны үнэ өсжээ. Эмээлтэд төлөг 150-160 мянга, эр хонь 270-320 мянган төгрөгийн ханштай байна. Харин одоогоос хоёр сарын өмнө тарга, тэвээрэг сайтай эр хонь хамгийн дээд тал нь 220 мянгад хүрч байсныг малчид, худалдан авагчид хэлж байлаа. 

"Мал худалдан авах бэлтэй хүн ховор байна" гэв

Нийслэлийн иргэдийг мал, мах, түүхий эдээр хангадаг “Эмээлт” захын ойр орчимд жилийн аль ч улиралд, өдрийн аль ч цагт түм түжигнэж, бум бужигнаж байдаг. Гэтэл өнөө жил хашсан малаа сахиж, худалдан авагч хүлээж буй борлуулагчдаас өөр хүн төдийлэн байсангүй. Борлуулалт тааруу байгаа нь үүнээс харагдаж байсан төдийгүй ченжүүд болон малчид ч мал авах хүн нүдний гэм болсныг хэлж байв. Худалдан авагчгүй шахам байгаа нь арга ч үгүй биз. Иргэд мөнгөгүй, орлогогүй болсон өнөө цагт 300 мянган төгрөгөөр хонь авах тэнхээтэй хүн цөөхөн. Үүний улмаас хотноосоо хонь ачиж ирээд хотод борлуулж буй малчид хүнд байдалд ороод буйгаа хэлж байлаа. Энэ талаар Увс аймгийн малчин (нэрээ нууцлахыг хүсэв) “Би нутгаасаа 100 хонь ачаад хотод ирсэн. Энд зогсоод тав хонож байна. Одоогоор 50-ийг нь ч борлуулж чадаагүй байна. Өдрийн турш зогсоод ганц хонь гаргаж дөнгөхгүй буух үе ч бий. Ингээд хашчихаар малын тарга улам л муудна. Зарим малаа уулын энгэрээр хариулаад, заримыг нь хашсан байдалтай сууна. Ер нь энд ирсэн малчид хэсэг зогсож байгаад л арга мухардахаараа ченжүүдэд ачиж ирсэн хэдээ хямд өгчихөөд нутаг буцдаг. Тэгэхээр нөгөө нөхөд мөнгө нэмээд л зарна даа” гэсэн юм.

Махны ченж, малчин хоёрын ам алд, дэлэм зөрж байлаа

Одоогоос хоёр жилийн өмнө нэг кг махны үнэ дунджаар 7000 төгрөгөөр борлуулагдаж байсан бол өнөө жил дээрх үнэ хоёр дахин өссөн байна. Үүний шалтгааныг ченжүүд тайлбарлахдаа “Малчид малаа үнэтэй өгөх сонирхолтой байна. Бид нэг малаас дээд тал нь 10 мянган төгрөгийн л ашиг хардаг болсон. Хүн ажиллуулж, хөдөлмөр зарцуулж байгаа юм чинь энэ зэргийн ашиг харах нь зүйн хэрэг биз дээ. 10 хониноос 100 мянган төгрөг унана. Үүгээрээ л амь зогооно доо. Уг нь малаа хямдхан авчихвал ченжүүд нэг их үнэ нэмээд байхгүй шүү дээ. Хотноосоо үнэтэй ирж байхад үүнээс хямд өгөх ямарч боломжгүй. Мал тарга суутал үнэ бууна гэж байхгүй ээ. Сайн эр хонь 400 мянга хүрвэл гайхаад байхааргүй цаг ирж мэдэхээр л байна” гэсэн юм. Харин “Эмээлт” захад малаа борлуулж буй малчид үүнээс өөр тайлбар хэлж байлаа. Төв аймгийн малчин Д.Галсансанж “Хотод ирж борлуулахгүй хотон дээрээсээ өгчихвөл биед амар л байна. Гэхдээ ченжүүд биднээс хэтэрхий хямд авах гээд байдаг юм. Голж шилнэ. Нэг мал дээр 100 мянган төгрөг нэмнэ шүү дээ. Тэгэхээр тэдэнд 100, 100-аар алдаж байхаар өөрсдөө хотод ирээд, өдрийн 10 мянган төгрөгийн түрээс төлөөд, энд зогссон нь дээр юм билээ. Ер нь нийслэлд борлуулагдаж байгаа махны үнийг малчид бус ченжүүд л тогтоодог. Бид энд ирж зарахдаа жишиг үнээр л зардаг. Нийслэлээс алс аймгийн малчид малаа бүр ч хямд үнэлдэг. Тэгэхээр холоос мал авчирдаг ченжүүд шаггүй ашиг олдог байж таарна” гэсэн юм.

Малчны хотонд буй хонь "Манай" хотод ирэхдээ хоёр дахин үнэтэй болдог

Махны үнийг малчид хөөрөгдөж байна уу, ченжүүд өсгөж байна уу гэдгийг тодруулахаар бид хэд, хэдэн аймгийн малчидтай холбогдож, малаа хэдэн төгрөгөөр үнэлж буйг асуусан юм. Баянхонгор аймагт нэг хонь дунджаар 120-180 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан бол Ховд аймагт 120-220 мянган төгрөгийн хооронд ханш хэлбэлзэж байлаа. Ховд аймгийн мал энэ жил тарга сайтай онд орсон учир бусад аймгийнхаас арай өндөр үнэтэй байгааг нутгийн малчид хэлэв. Харин Төв болон Өвөрхангай аймагт 150-200 мянган төгрөгөөр борлуулагдаж байлаа. “Эмээлт” зах дээр малаа борлуулж буй малчдын хэлсэнчлэн ченжүүд нэг хонин дээр дунджаар 70-100 мянган төгрөг нэмж худалдаалдаг аж. Хэдий малчдаас мал аваад, хотод ирж худалдаалахад хөдөлмөр шингэж байгаа ч махны үнийг хэт хөөрөгдөж, худалдаж авсан үнэ дээрээ 100 орчим мянган төгрөг нэмж худалдаалдаг нь нийслэлийн иргэдэд чанга байна.

"Махны үнийн өсөлтөд ноолуурын ханш нөлөөлсөн" гэв

Нийлүүлэлт их, эрэлт бага үед үнэ буудаг нь зах зээлийн бичигдээгүй дүрэм. Гэхдээ мал авах хүн байхгүй хэрнээ махны үнэ “тэнгэрт хадаж” байгаад малын тарга, тэвээрэг, малчин, ченжийн тогтоосон ханш зэрэг олон шалтгаан бий. Үүний нэг нь ноолуурын үнийн хэлбэлзэл аж. Ноолуур өндөр үнээр борлуулагдсан жил малчид малаасаа ашиг олох сонирхол бага байдаг учир малаа хямд худалдаалдаг аж. Харин өнөө жил түүхий эдийн ханш унаж, ноос, ноолуур төсөөлж, тооцоолсноос нь хямд байгаа болохоор банкны зээлд дарлуулахын эрхэнд малаа үнэтэй зарж байгаагаа учирласан юм. Энэ талаар Өвөрхангай аймгийн малчин М.Тишиг “Би энэ намар хаан банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан юм. Өмнө жил ноолуураасаа энэ хэмжээний мөнгө олсон болохоор хавар ямааныхаа нуруунаас өрөө дарчихна гэж тооцоолж байсан. Гэтэл энэ жил ноолуурын үнэ 50 мянга хүрэхтэй үгүйтэй л байна. Төрөөс мөнгө өгөх сураг сонсогдоод л таг.

Тэгэхээр бид малаа зарж л таван цаас босгоно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, энэ жил малын үнэ дориун байна. Гэхдээ хөдөө, хотгүй бэлэн мөнгөтэй хүн алга. Мал авч байгаа хүн тун ховор байна. Би өмнө жил энд 50 бодтой ирээд тав хоногт л зараад буцсан. Харин одоо тийм боломж үнэндээ алга. Авчирсан малаа хэрхэн борлуулаад, хэзээ гэрийн бараа харах юм, бүү мэд” гэсэн юм. Ийнхүү мөнгө хомсодсон малчид малаа үнэрхэж, үнэтэй авсан бог, бодынхоо ханшийг ченжүүд улам хөөрөгдсөнөөр нийслэлчүүд махны үнэ хүчирхээ байж, дайвар бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН