Дэлхий дахиныг чичрүүлж буй цар тахал COVID-19-ийн хорио цээрийн үед олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагааг хориглосон. Токиогийн олимпын их наадмаас эхлээд, Монголын уламжлалт Цагаан сарын баярыг хүртэл тэмдэглэн өнгөрүүлэхийг бүтэн жилээр хойшлуулсан.

Улсын онцгой комиссоос тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 30-ны өдөр дуусна.  COVID-19-ийн халдвар авагчдын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ийм цаг үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах, үгүй нь одоогоор тодорхой бус. Гэтэл хуулийг гууль болгодог улстөрчид сонгууль явуулж, наадам хийнэ гэж зүтгэх болов. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд Улсын онцгой комиссын хорио цээрийн дэглэмийн дүрэм журам утга учраа алдчихлаа.

Найр ч болно, наадам ч болно гэсэн шиг бөхчүүд наадмын галдаа гарахаар бэлтгэж байгаа бололтой. Хүннү гүрний тулгар төрийн  2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Энэ жилийн улсын их баяр наадам уламжлалт, тогтсон дэг ёсоор явагдахгүй нь тодорхой болсон. Анх удаа үзэгчгүй, 512 бөх барилдуулах шийдвэр гарсан. Харин үүнийг эсэргүүцэх хүмүүс  байна. “Наадан, цэнгэх яах вэ. Гол нь эрүүл саруул, энх тунх байвал ирэх жилийн наадмыг үзэж болно. Наадмаа хойшлуулах нь зөв” гэсэн байр сууриа илэрхийлсээр. Дөргүй бух шиг төр засгийн эрхэм дарга нар тэдний үгийг тоож байгаа  шинж алга.  Сонгууль, наадам хоёроо хийнэ гэсэн бол хийнэ гээд зөрүүдлэн сууна.

Өмнөх жилийн наадмын түрүү бөхийн допинг хэрэглэсэн үгүйг тогтоож чадахгүй бүтэн жил маргалдсан хэвээр. Асуудлыг шүүхээр эцэслэн шийдэж  чадахгүй, энэ жилийн наадамтай золгож байна. Үндэсний бөхийн холбоо,  Монгол бөхийн өргөөг булаацалдсан хоёр талын маргааныг  мөн л шүүх эцэслэн шийдээгүй байгаа. Уг нь сэргээш хэрэглэсэн гэх түрүү бөхтэй, даваа үнэлэн зардаг цолны найраатай наадмын барилдааныг явуулахгүй өнжихөд болохгүй зүйлгүй. Гэхдээ шударга барилддаг бөхчүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй гэж хамгаалах хүмүүс бий. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг монгол бөхийн нэр хүндийг дээрх зүйлүүд хөсөр унагасан. 

Ард түмэн бид үндэсний бөхчүүдээ эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж, хүндлэн шүтдэг байсан. Харин тэд олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даагаагүй. Болохгүй муу бүхэн бөхчүүдээс гардаг болсон. Хүүхэд, залууст үлгэр дуурайлал болох ёстой байтал муу бүхний туйл  бөхчүүд болох нь холгүй байна. Монголчуудын өв уламжлал, соёлыг тээгч болсон бөхчүүд маань нэг л биш ээ. Гүндүүгүй монгол эрчүүдийн төлөөлөл болсон бөхчүүд хэрүүл тэмцэл, зодоон цохион, допинг, сэргээш, цолны найраа хийх болсон нь монгол бөхийн нэр хүндийг унагаж, үзэгч, сонирхогчгүй болгох аюултай байна.

Үзэгчдээ хүндэтгэж хурдан шаламгай, хурц  дайчин, уран гоё барилдаан үзүүлдэг байсан бөхчүүд жин массаар тулж зогсдог, унтаа, уйтгартай барилдаан хийж шахааны барьц хүлээдэг болов. Масс жингээ нэмэхийн тулд уураг, амин дэм, хориотой эм бэлдмэлийг хэрэглэж, хөөсөн мантуу шиг хэлбэр галбиргүй эрчүүд болж хувирсан. “Даахгүй нохой булуу цуглуулна” гэгчээр олны хүндэтгэл хүлээсэн аваргууд маань улстөрч болон УИХ-д суудал бөглөн, нойрмоглон суух нь эмгэнэлтэй.

Эр хүний хийморь малгай, бүсэндээ гэдэг. Харин манай энэ цагийн бөхчүүдийн хийморь эмэгтэй хүн харахаар гундаж, доройтдог болж. Тэд эх хүнээс төрөөгүй, эхнэргүй, гоонь эрчүүд шиг аяглах юм. Наадам ойртохоор бөхийн галд эмэгтэй хүн очиж болохгүй. Эмэгтэй сэтгүүлчдэд яриа өгөхгүй гээд эмэгтэй хүнийг бузар муухайгийн жишээ болгон хандах нь хачин. Бөхчүүд цэгээн чулуунаас дэлгэрч, цэцэгнээс дэлбээлсэн юм шиг уян туяхан, эмзэг дэлбээнүүд болчихжээ. Юм л бол хэл амаа билүүдэж, хэрүүл тэмцэл хийж, эр бяраа харуулах гээд байдаг зантай болчихож.  Охид, эмэгтэйчүүдийг харахаар онгон сүлд нь бузартаж, хийморь лундаа уначихдаг гэнэ дээ.  Халхын ханагар сайхан эрчүүд минь уламжлалаа сэргээж, ухаан бодлоо цэгцэл, уур омогоо дарж, ууж, идэхээ зохицуулж, улс төрөөс хол яваарай даа. Дараа жилийн наадам хол биш ээ, ойрхон. Эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэх л болно. Цар тахлын хорио цээр тогтоосон үед заавал барилдах гэж муйхарлах хэрэг байна уу.

СЭРГЭЭШТЭЙ АВАРГА ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМЫГ САМАРСАН

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга болсон билээ. Гэвч баяр наадамд түрүүлсэн шинэхэн аварга допинг хэрэглэсэн гэх таагүй асуудалд нэр холбогдсон. Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд  Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон эм, бэлдмэлийн жагсаалт 2019”-д багтсан  S-1. 1 A бүлгийн станзол, S-4 бүлгийн мелдониум, S-5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан.

Улмаар Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн. Э.Оюунболд харин, үүнийг үгүйсгэж “Миний шээсэнд хэн нэгэн хориотой бодис хольсон байна” гэж шүүхэд гомдол гаргаж, өнөөдрийг хүрч байна. Мөн тэрбээр АТГ-т хандаж, сэргээшийн шинжилгээ солигдсон гэх гомдлыг гарган, өнгөрсөн жилийн улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах, Ажлын хэсэгт багтсан зарим албан тушаалтныг шалгуулж эхэлсэн. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аварга Э.Оюунболдын Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн юм. Допингийн шинжилгээ гардаж хийдэг гэх Допингийн эсрэг үндэсний төвийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулдаг, шинжилгээний хариуг өөрчилж, бөхөөс мөнгө нэхдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр нэр бүхий хүмүүст хэрэг нээсэн. Түүний гомдлыг эцэслэн шийдэх шүүх хурал тавдугаар сарын 23-ны өдөр болох байв. Гэтэл Э.Оюунболд өмгөөлөгчөө сольж, шүүх хурлыг хойшлуулсан. Түүний шинээр сонгогдсон өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж амжаагүй, гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулаад байгаа билээ.

БӨХИЙН ХОЛБОО БОЛОН АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛСАН ДОПИНГ

Өнгөрсөн жилийн наадам будилаантай болчихлоо. Бөхийн холбоо, Бөхийн өргөөг булаацалдаж буй нэг тал нь аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн гэж түүний цол, бүх шагналаа хураалгахыг шаардсан мэдэгдэл гаргав. Бөхийн хорхойтон байтугай монгол хүн бүр допингтой эвлэрэхгүй. Энэ асуудлын учрыг олох баталгаатай мэдээ одоо хүртэл алга. Монголын үндэсний бөхийн холбоо хамгийн ихээр бөхийн жудаг, ёс дэг ярьдаг мөртлөө хамгийн жудаггүй занг түрүүлж гаргадаг болоод байгаа. Допингийн гэх энэ хэрэг цаашдаа үндэсний бөхийн сэвтсэн нэр хүндэд нэрмээс болж, жалга дов, тойрсон талцал, хагаралд хүч нэмэхээс цаашгүй байна. Бөхийн өргөөг булаацалдсан талцалд сэргээшийн асуудал нэрмээс болж “Муу дээр нь муу, муухай дээр улцан” гэгч болон хувирлаа. Асуудлыг  шийдэхгүй сунжирч, цаг хожиж байгаа явдал нь бөхчүүдийн нэр хүндийг улам бүр үнэ цэнгүй болгож байна.

Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь аваргыг даян аварга болох ёстой гэж  Монгол үндэсний бөхийн холбоо, Монгол бөхийн өргөөг булаацалдаж буй нэг талынхан шаардах болсон. Гэтэл  маргалдагч эсрэг талынхан үүнийг овжин ашиглан сөрөг мэдэгдэл цацаж эхэлсэн. Ийнхүү хоёр талын маргаан даамжирч, бөх сонирхогчдыг Увс, Хэнтийгээр нь хувааж, талцуулах  болсон билээ. Хэрвээ шинжилгээгээр Э.Оюунболдоос допинг илэрсэн нь тогтоогдвол маргаад байх ямар ч шаардлага байхгүй. Хуульд заасан бүх хариуцлагыг Э.Оюунболд хүлээх үүрэгтэй.

ХАРИН ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМААР ТҮҮНД УНАСАН БӨХЧҮҮДИЙН ЦОЛ АХИХ НЬ ТОДОРХОЙ БУС.  ХУУЛЬ НЬ Ч ТИЙМ. ХАРАМСАЛТАЙ НЬ, ЭНЭ БҮХНИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХИЙГ  МАРГАЛДАГЧ ТАЛУУД ХҮСЭХГҮЙ БАЙНА. ХУУЛЬ ДҮРМЭЭ БАРИВАЛ ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИС ИЛЭРСЭН ГЭХ БӨХ “В” СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭГЭЭ ДАХИН ШИНЖЛҮҮЛТЭЛ ТҮҮНИЙ НЭРИЙГ ЗАРЛАХ ЭРХГҮЙ. ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙН НЭРИЙГ МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО БОЛОН ТАЛЦАН МАРГАЖ БАЙГАА ТАЛУУД Ч БИШ. БАЯР НААДМЫН КОМИССООС ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ. ГАГЦХҮҮ  НААДМЫН КОМИСС БАТАЛГААТАЙ ЭХ СУРВАЛЖ НЬ БОЛДОГ. АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН, ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭХ МАРГААН ШҮҮХИЙН ШАТАНД ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭР ЭНЭ ЖИЛИЙН НААДАМТАЙ ЗОЛГОЖ БАЙНА.

УЛСЫН ЦОЛОНД ОЙРХОН БӨХЧҮҮД

Өнгөрсөн жилийн баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван бөх тав давсан билээ. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням нар улсын начин болсон. 

Аймгийн арслан Б.Цэдэнсодном, улсын харцага Х.Гантулгаар, аймгийн арслан Н.Баярбаатар, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давсан. Тавын даваанд аймгийн арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Ц.Сандагдорж нар тунаж, энэ барилдаанд Б.Орхонбаяр давсан. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням, улсын харцага М.Бадарчаар тав давж, шинэхэн улсын начин болж байлаа.

Харин өнгөрсөн жилийн баяр наадамд  улсын начин цолд ойрхон очиж, дөрөв даван тавын даваанд унасан бөх гэвэл цэргийн заан О.Батжаргал, аймгийн арслан П.Мөнхбат, аймгийн арслан Д.Бадамгарав, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Б.Тайван, аймгийн арслан Б.Бат-Амгалан, аймгийн арслан Ц.Сандагдорж нар. Тавын даваанд цэргийн заан О.Батжаргал, улсын аварга Ч.Санжаадамбад, аймгийн арслан П.Мөнхбат, улсын аварга С.Мөнхбатад, аймгийн арслан Д.Бадамгарав, улсын арслан П.Бүрэнтөгсөд, аймгийн арслан Н.Мустафа, сэргээш хэрэглэсэн гэх улсын аварга Э.Оюунболдод, аймгийн арслан Б.Тайван, улсын харцага Б.Бат-Өлзийд, аймгийн арслан Ц.Сандагдорж,  улсын начин Б.Орхонбаярт унасан билээ. Тэгэхээр энэ жилийн үзэгчгүй баяр наадмаар улсын цолд хүрэх бөхчүүдээр түрүү жилийн наадамд дөрөв давсан бөхчүүдийг хамгийн түрүүнд нэрлэх байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН