АН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдсан нь энэ нам шинэчлэгдээгүйг бэлхнээ харууллаа. Тэд уг нь Монголын улс төрийн намууд дундаас анх удаа гишүүдээсээ даргаа тодруулж, сунгаа явуулж, шинэчлэлийг тод томруунаар хийлээ хэмээн өнгөрсөн дөрвөн жилд сайрхан ярьж байсан ч энэ нь өнгөц зүйл байсныг найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн дүн хэлж өгөв.

Тэгвэл АН улс төрийн томоохон намын хувьд өндийж босч ирэх, шинэчлэгдэх, дотоод ардчилалтай байж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин  бэлтгэх, зөв менежментээр намаа удирдах шаардлага үүслээ. Тиймдээ ч дөрвөн жил тус намыг удирдсан С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, ажлаа өгөөд байна. Одоо АН шинэ даргаа тодруулж, ирэх аравдугаар сарын орон нутгийн сонгуульд байгаагаа дэнчинд тавьж оролцох хариуцлагатай ажил хүлээж буй. Үүний дараачаас намаа шинэчлэх, бодлогын нам болгох, гишүүдээ бэлтгэх, боловсон хүчнээ зузаатгах гээд толгой өндийх завгүй ажиллах дөрвөн жил шинэ намын даргад ногдож байна.  

Намынхаа даргад горилж буй АН-ын залуу, дунд үеийн төлөөлөл нэлээд хэд байгаа аж. Тэдний зарим нь намын даргад өрсөлдөхөө зарлаж, бүртгүүлээд байгаа юм. Ардчилсан нам Үндсэн дүрмийнхээ 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намынхаа X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулахаар болжээ. 

Тус хуралдаанаар Ардчилсан намын бүх  гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Энэ тухай тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байна. Долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших  хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана.

Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна” гэсэн.

Тус намын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, гишүүн асан Ц.Оюунгэрэл, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг, Б.Отгонбат, Ц.Баатархүү, А.Цэрэнбат нарын 10 гаруй хүн бүртгүүлээд байгаа юм. 

Тухайлбал, намын даргад горилогч О.Цогтгэрэл ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч. Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Увс аймагт АН-аас нэр дэвшин ялагдаж байсан. Энэ удаагийн сонгуулиар даагаа нэхэж, ялалт байгуулж, хууль тогтоох байгууллагын гишүүн болоод буй юм. Түүний хувьд шинэчлэлийн Засгийн газарт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрд шинэ, нутгийн ах Н.Алтанхуягийнхаа нөмөр нөөлөгт багтаж, улс төрд орж ирсэн гэдэг.

О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнбуян ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад “Эрдэнэ Монгол” ХК-ийн захирлаар ажиллаж байсан билээ. Нэг ёсондоо О.Цогтгэрэл АН-д хүчтэй нөлөөтэй байсан “Алтангадас” фракцынх. Гэвч улс төрд хөтөлж оруулж ирсэн Н.Алтанхуягтайгаа таарамжгүй харилцаатай болж, өнгөрсөн гурван жилд АН-д багийн бус хувийн тоглолт хийж байсан нэгэн. Тэрбээр хууль тогтоох байгууллагын гишүүн болсон доо эрдсэн үү ямартай ч АН-ын даргын тамгыг атгах өрсөлдөөнд хүч үзэх эр зоригтой байна. 

Дараагийн хүн бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин. Маш товчоор хэлбэл, тэр бизнесмэн л хүн. Улс төрийн арвин туршлагагүй, УИХ-д 2016 онд анх удаа нэр дэвшиж, төрөлх нутагт Булганаасаа сонгогдож чадаагүй Ж.Бат-Эрдэнэд ялагдаж байсан юм. Үүнээс өөрөөр улс төрийн хүрээ рүү ороогүй, өнгөрсөн хугацаанд өөрийн байгуулсан UFC групээ удирдаж, хөл дээр нь босгохоор ажиллаж байсан нэгэн билээ. Саяхнаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж, ялалт байгуулж, танхимыг тэргүүлж буй. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар төрөлх нутаг Булгандаа нэр дэвших сонирхолтой байсан ч намын дарга С.Эрдэнээсээ “виз” авч чадаагүй. Нэгэнт нам нь ялагдсан учир АН-ын даргад өрсөлдөхөөр зориг шулуудаад байгаа нь энэ. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэх тодотгол улс төрийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо МоАХ фракцад харьяалагдаж, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хувь нэмэр оруулахын тулд намын даргын өрсөлдөөнд оролцож, нэлээд хүч хаяж буй гэсэн. 

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөө хамгийн түрүүнд илэрхийлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа “АН-ын даргыг ард түмэн огцруулсан тул би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Манай намд эмэгтэй дарга өмнө нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц зохион байгуулалт хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намдаа төлөх 100 сая төгрөгийн дэнчинг зөвшөөрөөгүйгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй гэдгээ хэлж байсан. Ц.Оюунгэрэл өмнө нь МоАХ фракцад харьяалагддаг байв. Соёл, спорт аялал жуулчлалын сайдаар томилогдоход МоАХ фракцын квотоор болж байсан гэдэг. Одоо тэр аль нэг фракцад харьяалагдаагүй байгаа аж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэх тодотгол ч түүнийг дагадаг билээ. Тэр мөн зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. 

Мөн АН-д нэг хэсэг хүчээ авч байсан МОАН фракцын төлөөлөл Б.Отгонбат нэр дэвшихээ мэдэгджээ. Тэрбээр “Нэг Ардчилал” фракцад байсан ч МОАН руу орж, амжилт олоогүй учир энэ удаагийн сонгуулиар УИХ-д нэр дэвших эрх авч чадаагүй юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан О.Чулуунбилэг АН-ын даргын сунгаанд хүч үзнэ. Тэрбээр “АН-ын шинэчлэл бүх зүйл дүрмийн дагуу явж байгаа гэж байсан ч нэр дэвшигчдийг сонгох эцсийн мөчид шийдвэрийг “Шонхор” фракц дангаараа гаргачихсан. Өнгөрсөн хугацаанд дүрмийн шинэчлэл маш сайн болсон ч нэг алдаа нь улс төрийн нам фракцгүй байх ёстой юм байна гээд ихэнх фракцууд тарчихсан. Харин “Шонхор” фракц л үлдсэн байж. Тус фракц нэр дэвшилтийг дангаараа шийдсэн нь Ардчилсан намын гишүүдийн сонгуульд ажиллах урам зоригт мэдээж сөргөөр нөлөөлсөн. Би хэрэв намын дарга болвол АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина” хэмээгээд байгаа юм. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Энэ мэтээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөх 10 гаруй хүн байна. Сунгааг зохион байгуулах, ирэх сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан хариуцаж ажиллаж байгаа аж. Хэдийгээр Ц.Туваан “Шонхор” фракцынх энэ удаагийн АН-ын дарга МоАХ-аас тодрохоор харагдаж байна. Хэн хүчтэй байна түүнд эрх мэдэл төвлөрдөг жамаар энэ удаагийн өрсөлдөөн ч  өрнөх нь ээ.