Өнөөдөр Улаанбаатарчуудын тал хувь нь гэр хороололд аж төрдөг.  Тэдгээр иргэд суурьшлын талбайн 79 хувь буюу 22 мянган га газрыг эзэмшдэг гэнэ.

Гэр хорооллын айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь хөдөө орон нутгаас нийслэлд оршин суухаар ирж буй айл өрхийн тоо нэмэгдэж буйтай холбоотой аж. Нийслэлийн захын хорооллын айл өрхүүд ихэнх нь хөдөө орон нутгаас ирж суурьшиж буй айлууд байгаа юм. Тиймээс тэдгээр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах талаар ярьж байгаа ч доривтой ажил хийгдэхгүй байгаа юм. Угтаа бол гэр хорооллын орон сууцжуулсанаар шүдний өвчин болсон агаарын бохирдлоос салах давуу талтай.

 

    Гэвч өнөөдөр орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон байгаа ч тэр болгон шууд бэлэн мөнгөөр байр худалдан авч чадахгүй байгаа юм. Гэхдээ орон сууцтай болох нэг боломж бий болоод байгаа. Энэ нь ипотекийн буюу орон сууцны зээл юм. Уг зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөгөөд байгаа билээ. Зээлийн журмаар орон сууцтай болох боломжтой ба энэхүү зээл нь гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрт ихээхэн ач холбогдол үзүүлнэ. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ба энэ сарын 15-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17786 зээлдэгчийн нийт 507.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

 

    Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 17867 иргэнд 999.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн эрэлт их байгаа бөгөөд барилгын ажлын сезон аль хэдийн эхлээд буй. Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд амьдардаг гэсэн судалгаа байдаг байна.

 

 

   Иргэд хуульд заасны дагуу 0,07 га газрыг эзэмшдэг байна. Түүнчлэн гэр хороололд цэвэр бохир усны шугам татаагүй бөгөөд автомашин, явган хүн зорчих зам тавих асуудал өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа. Үүнээс гадна гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр доривтой ажил хийгдэхгүй байгаа нь иргэдийн хувьд үлгэр мэт яриа болж өнгөрөх нь хэмээж байсан. Гэхдээ энэхүү төслийн хэрэгжилт зөвхөн улсаас бус иргэдээс шалтгаалах юм байна. Тодруулбал: төсөлд газар эзэмшигчид олуулаа нэгдэх тусам нөөц газрын хэмжээ ихсэн тухайн төслийг хэрэгцүүлэх боломж төдий чинээ өсөх юм байна. Өнөөдрийн байдлаар 30 мянган иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ.

 

   “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨГҮГ-аас давхардсан тоогоор 239 удаа бүлгийн уулзалт зохион байгуулж, 5000 иргэн хамрагдсан байна. Одоогийн байдлаар 230 бүлэг 40 иргэдийн түр зөвлөл байгуулагдаад төслийн ажлыг сонирхон судалж зарим нь ажил хэрэг болгож байгаа аж. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨГҮГ нь гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэдийн газар өмчлөх эрхийг хүндэтгэн, тэдний оролцоонд тулгуурлан гэр хорооллын бүсэд орчин цагийн тохилог, аюулгүй орчинг бий болгох зарчим баримталж байгаа юм байна. Энэ мэтчилэн иргэд төсөлд хамтран ажиллах буюу төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх  хэрэгтэй байгаа юм.

 

    Энэхүү гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжисэнээр олон давуу талууд бий болно. Жишээлбэл: Гэр хороолол бус орон сууц ар араасаа сүндрэлэх нь улс орны Нийслэлийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх ба өнөөх толгойн өьчин болсон агаарын бохирдол утааны асуудал бүр мөсөн алга болох боломжтой ажээ. Орон сууцтай болохыг хүсэхгүй байгаа хүн гэж байхгүй хамгийн гол нь эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэл үүсээд байгаа нь ийн гэр хороолол өнөөдрийг хүртэл байсаар байна. Тиймээс иргэдээ орон сууцтай болох боломж нөхцөлийг нь бага ч атугай бүрдүүлж өгөн барилга байгууламжыг чанартай бөгөөд хурдан хугацаанд барих хэрэгтэй болоод байна.

 

Ч.Гэрэлтуяа