У.ОРГИЛМАА

Уучлаарай, монголчууд аа. Ковидын цар тахлаар нэг хоногт дөрвөн иргэнээ алдаж энэ өвчний улмаас амиа алдсан иргэний тоо 17 болов. “Шинэ төрлийн коронавирус” гэгчийг дэлхийн хэмжээний цар тахал гэж ДЭМБ-аас зарласнаас хойш 397 хонож байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол Улс халдварын 13 батлагдсан тохиолдолтой байсан. Гэтэл энэ сарын 6-нд 831, 7-нд 575 хүнээс ковидын халдвар илэрч улсын хэмжээнд 12 мянга 226 тохиолдол бүртгэгдлээ. Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын үед ядаж л “Төмөр зам, “Энхсаран” сувилал, Хар хархан тоглолт үзсэн иргэн Д” гэхчлэн голомтоо нэрлээд байсан бол одоо энэ өвчний голомтыг хэн ч тоочиж чадахгүй боллоо. Сүүлчийн найдвар болоод байсан ХӨСҮТ өөрөө голомт болчихоод байна.

Яагаад. “2020 оны арваннэг[1]дүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн ариутгагчаар ажилладаг эмэгтэйгээс халдвар илэрч ХӨСҮТ-дээ хэвтэж эмчлүүлсэн. Тэр эмэгтэй одоо тэндээ ажиллаж байгаа болов уу. Дахин өвчилсөн бол яах вэ. Тэнд 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд хэвтэж эмчлүүлсэн иргэн У нэг өрөөнд нэмэгдэж орж ирсэн тэрхүү ХӨСҮТ-ийн ариутгагчаас “Намайг эмнэлгээс гарахад миний хэрэглэж байсан хөнжил, гудас, дэрийг ариутгах уу” гэж асуухад “Үгүй, манайд тийм ариутгалын пункер байдаггүй” гэсэн. 

Би маш их гайхсан” гэж ярьсан нь баримтаар бий. Энэ байдлаасаа болоод ХӨСҮТ өөрөө голомт болох нь маш тодорхой байсан. Нөгөөтэйгүүр, Дарханаас илэрсэн анхны тохиолдол буюу 2-7 насны хоёр хүүхдийнхээ хамт ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэйг санаж байна уу. Тэр эмэгтэй “Миний хоёр хүүхдийг ХӨСҮТ гэдэг коронавирусийн голомтод 23 хонуулсан. Үнэхээр коронавирусийн халдвар хавьтсан ойртсон бүхнээс тусдаг бол надтай хамт нэг оронд унтаж, нэг аяганаас шахам хооллож байгаа миний хоёр хүүхдээс яагаад илрэхгүй байгаа юм бэ. Миний хоёр хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэж өргөдөл гаргасан. 

Эмнэлгээс гармагцаа өмгөөлөгч аваад шүүхэд хандана гэж байсан. Тэдний араас хэн дахин хяналт тавьсан бэ. ХӨСҮТ-ийн шалгалтынхан болон дарга нарт үзүүлдэггүй хүйтэн өрөө, халуун хүйтэн усгүй, ус уухыг зөвлөдөг ч ус буцалгагчгүй, жорлон руугаа аягаар ус хутгаж бохирыг нь гүйлгэдэг, бохир гудастай тэр бүх байдал арилсан уу. Хэн шалгав. Арбидол гэдэг эмийг өдөрт гурван удаа, нэг удаа уухдаа хоёрыг давхарлаж уулгадаг, рентген зураг авахуулдаг, Lanavir өдөрт гурван удаа, витамин C өдөрт хоёр, витамин D өгдөг энэ жор өөрчлөгдсөн үү, эсвэл яг хэвээрээ юу. 

“Арбидол гэдэг эмийг google-ээс хайж үзэхэд Орост нэг хайрцаг нь 244 рублийн үнэтэй байдаг юм билээ” гэж өвчтөн ярьсан. Гэтэл өнөөдөр эмчлүүлж байгаа хүмүүс эдгээрээс өөр эмчилгээ хийлгэхгүй байгааг мэдээлж байна. Одоо юунд, хэнд найдах вэ. Энэ хооронд нялх биетэй ээжийг гэрийн шаахайтайгаар тусгаарлах байр руу зөөвөрлөсөн гэх асуудлаас үүдэн Засгийн газар огцорсон. Эрүүл мэндийн сайд гурав дахь удаагаа солигдсон ч нөхцөл байдал дордсоор байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 60 гаруй хонолоо. Хэдийгээр халдварын тохиолдол болон халдвар тээгч амиа алдах тохиолдол санаанд оромгүй, итгэхийн аргагүйгээр нэмэгдээд байгаа нь энэ өдрүүдэд болж байгаа боловч түүнээс өмнөх Засгийн газар юу хийв. 

Үр дүн, тусгал нь одоо харагдаж байх учиртай. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж үзлээ. Цар тахлын бүслэлтэд байж хориглон хамгаалах тулалдаан хийсэн. Одоо гардан тулалдаанд орж байна. Бидэнд вакцин алга. Ганц байгаа вакцин нь сахилга хариуцлага” гэхчлэн ярьж байснаа өнөөх вакцин буюу сахилга хариуцлагаа “аваад явчихсан”. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол хүн ковидын халдвараар амиа алдсанд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан юм шүү! Харин өнөөдөр 17 хүн амиа алдчихаад байхад уучлал гуйх байтугай шаардлага тавихаар “Хэн улстөржүүлээд байгааг мэдэж байгаа шүү” гэдэг УОК-ын даргатай боллоо. 

Түүнд олон нийтийн өмнө шаардлага тавих хүн хэн бэ. Яагаад АН-ыг эс тооцвол хэн ч хариуцлага нэхэхгүй байна вэ. Сөрөг хүчин болох Ардчилсан нам дөнгөж өчигдөр намын даргаа батламжиллаа. Улс төрийн маш “азгүй” нөхцөлд сахилга хариуцлагыг үл ярьдаг Засгийн газар, УОК-тойгоор өдөр бүр халдвар нэмэгдсэн том тоо, үхлийн статистиктай хий шогширсоор байна. Сайн тал нь вакцинтайгаа золголоо. Гэвч энэ нь цор ганц аврал биш. Ийнхүү энэ хавар ковидоор амиа алдсан 17 дахь үхлийн мэдээг хүлээн авч маргааш юу болохыг таашгүй дахин хөл хориондоо орохоор зэхэж байна даа. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН