Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй байх зохицуулалт туссан. Үүнээс үүдэн улстөржилт ихээр өрнөж, одоо ч үргэлжилсээр байна. Нэмэлт, өөрчлөлт хийх үед энэ асуудлыг анзаараагүй юу?

-Тийм зохицуулалт туссан. Туссан гэдэг нь бараг бүх өөрчлөлтийг түүний дотор Ерөнхийлөгчийг “30.2 ...зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан. Харин өөрч-лөлтийн “191.2 Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг олон улсын мэргэжлийн байгууллагаас эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсэн учир төгсгөлийн хэлэлцүүлгийн үед 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. “Бараг” гэсний учир энэ. 2019 онд УИХ-д оруулсан ҮХНӨ оруулах хамгийн сүүлчийн төсөлд 30.2 заалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөсөн байсан. Тухайн үед танай сонинд өгсөн ярилцлагадаа би “ҮХНӨ хэн нэгнийг эрх-лүүлэхэд зориулагдах ёсгүй” гэж хэлж байсан. Ний нуугүй үнэнээ хэлэхэд, 30.2 заалтыг 2020 оноос дагаж мөрдөнө гэснийг МАН-ын бүлэг дангаар оруулчихлаа хэмээн төөрөгдөөд, ҮХНӨ-ийг Ерөнхийлөгч батламжлах ёслолыг бага боловч түгшүүртэй ажиглаж байсан билээ. Гэтэл ТББХ-ны 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн, ЕТГ-ын дарга оролцсон хуралдаанаар энэ хугацаан дээр тохирсон байсныг тус хуралдааны дүрс бичлэгээс хожим олж мэдсэн юм. Ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцүүлэг бүр дээр “үүдэнд” суун оролцдог байсан боловч миний бие энэ хуралдааныг тасалсан байж таарчээ.

-Чухам яагаад ийм зохицуулалт тусах болов?

-Дахин хэлье, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэн нэгнийг эрхлүүлэхэд зориулагдах ёсгүй. Хуулийг хохироох байдлаар хэрэглэж болохгүй тухай эрүүгийн хэрэгт баримталдаг НҮБ-ын Пактуудын зарчим энд хамаарахгүй. Улиран сонгогдохоор дахин нэр дэвшихгүй болсноор Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга нар хохирч сүйдсэн юу байна. Цаана чинь ганц ч удаа нэр дэвшиж үзээгүй 3.5 сая иргэн байна. Харьцуулж хараад үз. Ард түмнээс дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон Ерөнхийлөгчийн хугацааг хоёр жилээр сунгая гэх зэрэг нь Үндсэн хуулийн “3.1 Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь зарчимд хэр нийцэх бол. ҮХНӨ оруулах төслийг боловсруулах, хэлэлцэн батлах урт хугацааны үйл ажиллагааг ойроос ажиж, бага боловч оролцоотой байсан хүний хувиар хэлэхэд, АН ч тэр, Ерөнхийлөгч ч мөн адил энэ хугацаанд гэнэдүүлэх, дэгээдэж унагах зорилготой улс төрийн олон ажиллагаа явуулахын оронд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж сайтар боловсруулсан нэгдмэл байр суурьтай оролцох байсан юм. Хийх ёстой олон зүйлийг хийхэд оролцохгүй, цаг алдсан. Эцэст нь хамгийн гол шалтгааныг хэлье. Парламентын засгийг сонгосон манай улсын хувьд гүйцэтгэх засаг маань хоёр толгойтой мэт зохицуулагдсан явдлыг засах шаардлага 1996 оноос эхлэн тодоор ажиглагдах болж энэ чиглэлд 2016 оныг дуустал УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлэг идэвхтэй ажиллаж ирсэн түүхтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой маргаан эцэстээ өлсгөлөн зарлах хэмжээнд хүрч хурцадлаа. Та энэ нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?

-1990 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл Монголд болсон улс төрийн олон өлсгөлөнг харлаа, эхний нэлээд хэдийг өлсөгч тал нэр төртэйгөөр өлсгөлөнгөөс хагацахад нь тусалсан удаатай. Хамгийн анхныхаас бусад нь ямар ч амжилтад хүрч байгаагүйг гэрчилнэ. Ийм байтал шоронд эрх нь ер бусын байдлаар зөрчигдсөн хоригдол шиг өлсгөлөн зарладаг хүмүүсийг би гайхдаг. Жасрайн Засгийн газрын үед болсон нэгэн өлсгөлөн Экс Ерөнхий сайд, Д.Бямбасүрэн,УБХ-ын гишүүн П.Улаанхүү хоёр өлсөгчдийн тойрог дээр очин өлсгөлөнг наадам хүртэл өртөөлөн үргэлжлүүлнэ хэмээн уриалж байхад өлсгөлөнд сууж байсан Н.Алтанхуяг “Эндээс амьд гардаг юм бол Улаанхүү чамайг ална даа” гэж байсан юм. Маргааш Хятадын дарга Ли Пэн ирэх тул өлсөгчид “улсаа бодон мэдэгдэл хийж” өлсгөлөнгөө зогсоов.Маргааш өглөө нь ГХ-ны сайд Ц.Гомбосүрэн ордны зүүн хойд хаалган дээр тааралдаад надад баяр хүргэж байсан билээ. Улс төр хийхийн тулд дүрмээр тоглож сурах хэрэгтэй. Дүрэм таалагдахгүй байж болно. Өөрийн дүрмийг тогтоохын тулд өрсөлдөгчөө өрсөлдөгчийн зохиосон дүрмээр ялах хэрэгтэй болдог. АН-ыг хагаралд хүргэсэн шалтгаан нь юун түрүүн АН-ын дүрэмд, тухайлбал “УИХ-ын сонгуульд ялагдвал намын дарга 14 хоногийн дотор эрх мэдлээ шилжүүлж намаа төлөөлөх эрхгүй болно” гэсэн утгатай АН-ын дүрмийн 3.10.2.1 заалт бололтой. Дараагийн хүн албан ёсоор сонгогдох буюу томилогдох хүртэл өмнөх нь үүргээ гүйцэтгэж байх тасралтгүйн зарчим алдагдсан байна. Цэцийн гишүүн хугацаа нь дуусахаар огцроод байдаг хуультай байсан бол манайх аль хэдийнэ Үндсэн хуулийн манаачгүй болох байлаа. МАН-ыг сонгомооргүй байсан ч АН-ынхан иймэрхүү сул дорой байдаг болохоор МАН-ыг сонгоход хүрдэг сонгогчдын хувь хэмжээг социологийн судалгаагаар тогтоовол сонин байхсан.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх ёстой байсан, С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн нь буруу гэж буй. СЕХ нэгэнт нэр дэвшигчээ тодруулчихсан байхад тэдний хүслээр өөрчлөх боломжтой юу?

-2020 оны УИХ-ын сонгуулийн дүн ёсоор АН-аас нэг нэр дэвшигчийг бүртгэх Үндсэн хуулийн заалттай. Хэнийгээ дэвшүүлэх нь тухайн намын дүрмээр шийдэгдэнэ. Дүрэм Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцсэн байх ёстой. Энэ оны Монголд болж буй үнэгүй жүжгүүдээс ажихад СЕХ урьд өмнө хэзээ ч байгаагүй хашир няхуур ажиллаж байгаа болов уу. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа ийм хашир нягт байхад эергээр нөлөөлж байгаа нь эргэлзээгүй. Сонгуулийн процесс явагддаг журмаараа тасралтгүй үргэлжлэх байх.

-Ардчилсан намын гишүүд Монгол Улс нэг намын дарангуйлалд орчихжээ, төрийн байгууллагууд бүгд МАН-ын талд ажиллаж, АН-ыг бусниулж байна гэж яриад байгаа. Энэ хэр бодитой бол?

-Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн энэ талаар санаа зовдог. МАН-ын хангалттай өндөр албан тушаалын хүн ердийн нөхцөлд аминчлан надад “Манайх Хятадын замаар явах байсан юм” гэхэд нь би “Яваагүй зам бүхэн сайхан” гэхэд тэр “За за больё” гэж билээ. Энэ бол тэр хүний чин сэтгэлийн үг байсан байх. Энэ яахав гэхэд АНУ-ын сенатор Монголд болж буй өнөөдрийн асуудлаар буруу мэдээлэлтэй боловч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хятадад айлчлах үедээ Хятадтай адил замаар хөгжинө гэж албан ёсоор мэдэгдсэн гэсэн байна. Хэрэв энэ үнэн бол санаа зовох хангалттай шалтгаан. Би Хятадын сонгосон замыг буруутгах гэсэндээ биш, 1992 онд Монголын ард түмний нэгэнт сонгосон хүний эрхийг хамгаалах ардчиллын замыг бэхжүүлэх сонирхлын үүднээс үүнийг хэлж байна. АН-ыг бол бусниулаад байх шаардлага алга, өөрөө бусниад байна шүү дээ. Харин энэ удаан үргэлжилж буй "Ковид-19" хөл хорионы явцад манай хүчний байгууллагуудын тархи толгой ямар программаар ажилладаг, хэнийг дуурайх дуртай зэргийг хангалттай ажиглаж болохоор байлаа. УИХ ч энэ асуудал дээр маш хайнга, юу хийхээ мэдэхгүй байна.

-Өлсгөлөн, суулт зэргээс шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгууль хойшлох уу. Ямар тохиолдолд тус сонгууль хойшлох вэ?

-"Ковид-19" онцгой нөхцөлд сонгуулиуд хойшлохгүй байгаа юм чинь баргийн юмыг ажрахгүй явагдах байх. Гэхдээ зарим өндөр албан тушаалтны сэвэлт, өдөөн хатгалга, санхүүжилтээр нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, хууль бусаар цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхдээ хүрэхээс болгоомжлох хэрэгтэй.

-Хэрэв сонгууль хойшлогдвол намууд дахин нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болох уу?

-Бараг тохиолдохгүй алсын юмыг таамаглаж ярих шаардлагагүй юм биш үү.

-Ер нь сонгууль угтсан улс төрийн хямрал болж байгаа нь юутай холбоотой вэ. Ийм нөхцөл бүрдүүлж байгаа гол шалтгаан нь юу бол?

-Юун түрүүн улс төрийн хямрал болоогүй байна. Өндөр албан тушаалтнуудын өдөөн хатгалтаар хууль зүйн үндэслэлгүй, ард түмнийг мэдээллээр төөрөгдүүлж улс төрийн хямралд хүргэх зорилготой үйл ажиллагаа бол явагдаж байна. Эдгээр албан тушаалтан итгэл үнэмшил гэхээсээ илүү мэргэжлийн хашир зөвлөхүүдийн хомсдолоос улбаатай төөрөгдөлд автсан байх өндөр магадлалтай.