Дэлхий даяар худалдаа өргөжин тэлж байгаагийн цаад талыг сөхөж үзвэл олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний нүүдэл эрчимтэй нэмэгдэж ирснийг олж харах болно.

Энэ нь эдийн засгийн даяаршил, олон улсын эдийн засгийн нэгдэл гэж нэрлэхүйц үзэгдэл бөгөөд үйлдвэрлэгч ба хэрэглэгчээр бүс болж хуваагдсан олон улсын хөдөлмөр, худалдааны эрх чөлөө, тээвэрлэлтийн зардал, хил гаалийн хорио цээр, мэргэжлийн хяналтын үүрэг роль улам бүр даяаршиж ирснийг илтгэж байгаа юм. Энэ бүхэн 1990 оны сүүлийн хагасаас мэдээллийн технологийн хөгжлөөс үүдэлтэйгээр олон улсын хөдөлмөрийн хуваарийн хэлбэрүүд өөрчлөгдөж эхэлж, аж үйлдвэрлэл янз бүрийн шат дамжлагаа хөдөлмөрийн хөлс багатай газар оронд хөрөнгө оруулах маягаар шийдэж, GVC (Global Value Chain) олон улсын аж үйлдвэрийн сүлжээнд шийдвэрлэх үүрэгтэй болж ирснээс тэр юм. Энэ бүхэн дэлхийн худалдааны үйл явцыг түргэсгэсэн.

 

1995 онд ДХБ байгуулагдаж, улмаар чөлөөт худалдааны олон улсын бүтцүүд эрчимжиж, дэлхийн янз бүрийн газар оронд чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж худалдааны үйл ажиллагаа улам бүр эрчимжиж ирсэн билээ.  АНУ-ын Засгийн газар Мексик, Канадын хооронд өдий хүртэл байгуулж ирсэн NAF-ТА (хойт америкийн чөлөөт худалдааны гэрээ) дахин хэлэлцэж 2018 оны 11-р сард Америк, Мексик, Канад 3 улсын хооронд шинээр гэрээ USMCA (United State-Mexico-Canada Agreement) байгуулагдаж, EPA-эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, ТРР (TransPacific Partnership), RCEP (Reginal Comprehensive Economic Partnership) зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрүүд эрчимтэй байгуулагдаж байгаагаас бүс нутгуудын хүрээнд худалдааны эрх чөлөө, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэж, хамтын дүрэм журам, нэгдсэн ойлголт, хамтын ажиллагаа улам бүр эрчимжих болов. Худалдааны хамтын ажиллагаа өрнөснөөр эдийн засгийн харилцаа улам харилцаа улам бүр тэлж байна. Зөвхөн худалдаа эргэлдэх биш татварын бодлогын уян хатан байдал, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чөлөөт байдал, оюуны үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, бирж зэрэг олон салбарт гэрээнд хамрагдсан улс орнуудын нөхцөл байдал тэгш сайжирч байгаа юм.

 

ТРР-11 улс орон Япон, Канад, Мексик, Перу, Чили, Вьетнам, Бруней, Малайз, Сингапур, Австрали, Шинэ Зеланд үүн дээр Англи хэлэлцээрийн явцад байгаа ба, Тайвань, Хятад улсууд элсэх хүсэлтээ гаргаад буй. Алсдаа Тайланд БНСУ сонирхол өндөр байна. Эндээс харахад ази номхон далайн бүс нутгийн хүн амын хэмжээний худалдааны орчинд эргэлдэнэ гэсэн үг юм. Эдгээр 11 улс орны GDP хэдийнээ 10 триллон доллар давжээ.Харилцан татваргүй, хөрөнгө оруулалтын дүрэм тодорхой, тунгалаг байснаар худалдаа хөрөнгө оруулалт идэвхижиж байна. Мэдээллийн харилцаа эв дүйд орсноор, мэдээллээ харьцангуй чөлөөтэй солилцдог болсноор, хөрөнгө оруулалтын хатуу муйхар дүрэм журмыг харилцан ашигтайгаар зөөлрүүлснээр, ложистик харилцаа хурдан шуурхай болсноор, холбогдох хууль эрхийн орчныг харилцан сайжруулснаар, бичиг хэрэг цахимжсанаар, улс төрийн харилцан ойлголцол идэвхижснээр худалдаа, хөрөнгө оруулалт илүү хурдацтай урагшилж байна. Жишээ нь ажиллах хүчний өртөг зардал хямд зүүн өмнөд азиас тоног төхөөрөмж аваад Мексикт угсраад Канад руу экспортлоход татвараас чөлөөлөгдөх жишээтэй. Сервис болон хөрөнгө оруулалтын чөлөөт байдал чухал юм.

 

Нөгөө талаар ДХБ-ын үйл ажиллагаа эрс шинэчлэгдэж, чөлөөт худалдааны орчин улам бүр сайжирч, дижитал эдийн засгийн дэг журам бий болж байна.

 

2019 оны 6-р сард G20 Японы Осака хотод болсон саммитаар чухал санаачилга гаргасан билээ. Үүнд чөлөөтэй, нээлттэй, ялгаварлан гадуурхлаас ангид, тунгалаг, төсөөлөх боломжтой, өсөлттэй, инновацлаг, тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, зах зээлээ чөлөөтэй хадгалахад хамтрах, ДХБ-ын гүйцэтгэх үүргийг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын гэрээнд тодорхой үүрэгтэйгээр оролцож байх, дижитал датагхарилцан ил тод, ёс зүйтэй ашиглах, дижитал эдийн засгийн үр өгөөжийг бүх улс орон жигд хүртэхийн чухлыг онцолсон юм. Японы санаачилгаар DFFT(Data free Flow with Trust) буюу итгэлцэл бүхий чөлөөт дата солилцоог бий болгох санаачилга хэрэгжиж байна. Ийнхүү улс орнууд чөлөөтэй, нээлттэй, хамтын дүрэм журам дээр үндэслэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бий болгож, аж үйлдвэрлэлийг эрчимжүүлж, худалдааг дэлгэрүүлж эдийн засгаа өөд татаж цар тахлын хүндрэлийг даван туулж байна.

 

Манайх яах вэ.

 

Миний бодлоор худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг сайжруулах замаар олон улсын зах зээлд итгэх итгэлээ юуны өмнө нэмэгдүүлэх шаардлагатай. Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээ ямар явцтай хэрэгжиж байна, одоо байгуулахаар зэхэж байгаа чөлөөт худалдааны гэрээ байгуулах үйл явцаас итгэлцэл харагдах юм.

 

 

Ил тод мэдээллийн бааз нь үндэсний худалдааны бодлогын арга хэмжээ, худалдааны эргэлтээ хадгалахад, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал суурь болох учиртай.

 

 

 

Мөн цар тахлын үед ч дараа ч эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, мэдээлэл технологийн салбарын бүтээгдэхүүн, батлан хамгаалах, үндэсний стратрегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн сүлжээг саадгүй ажиллуулах бэлтгэлтэй байх ёстой юм. Худалдаачид, бэлтгэн нийлүүлэлтийн ил тод байдлыг сайжруулснаар үнэ хөөрөгдөх үйл ажиллагааг хянах боломж бүрдэх юм.

 

 

 

Гаалийн журмыг хялбаршуулах замаар холбогдох зардлуудыг бууруулах, гадаад худалдааны бодлогын тодорхойгүй байдлыг халахгүйгээр гадаад худалдаа, шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Худалдааны дэд бүтцэд тулгамдаж байгаа гол саадуудыг арилгах, зохицуулалтын институцийг тодорхой болгох, бэхжүүлэх, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулах нь чухал байна.

 

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Япон лугаа хөгжье’’ сэдвийн доор цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байгаа билээ. Уг хэлэлцүүлэгт дурьдсанаар Япон улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам нь 2021 оны байдлаар Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын газар, Худалдааны бодлогын газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Аж үйлдвэрийн технологи, байгаль орчны газар, Боловсруулах үйлдвэрийн газар, Худалдаа мэдээллийн бодлогын газар, Байгалийн нөөц, эрчим хүчний газар, Патентын ерөнхий газар, ЖДҮ-ийн ерөнхий газар гэсэн бүтцээс бүрдэж байна. Үүнээс гадна Худалдааны удирдлагын газар, Худалдаа зохион байгуулалтын, худалдаа үйлчилгээний групп, аж үйлдвэрийн аюулгүй байдлын групп, бүсийн эдийн засаг, аж үйлдвэрийн групп зэрэг бүтэцтэй байна. Эндээс харахад худалдаа, аж үйлдвэрийн бодлого бүтэцтэйгээ нарийн уялдаатай байгааг, төрөөс үе шаттай бодпого боловсруулж, түүнд чиглэсэн бүтцээр бодлогоо хэрэгжүүлж ирснийг харж болно.

 

Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Эзэн Чингис Хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсан цагаасаа эхлэн дорно өрнийг холбосон худалдааны их замыг дэлгэрүүлж, үүгээрээ даян дэлхийд Торгоны зам нэрээрээ алдаршсан их холболтын түүхэнд Монгол хэмээх үндэстнийг дархалсан, бид худалдааны өнө эртний түүхтэй улс билээ.

Тэр цагаас хойш хэдэн зууны дараа 1727 оны Буурын гэрээ, Хиагтын гэрээгээр Манж Оросын хязгаар нийлэх Халхын хойт хилийг зааглан тогтоосноор Хиагт (Маймаачин) хот байгуулагдах явцыг түргэсгэн худалдааны томоохон хот суурин үүсэх зам нээгдсэн түүхтэй.

 

 

 

Орос-Хятад-Монголын худалдааны гол төв “Цайны худалдаа” төдийгүй Прежвальскийн тэмдэглэснээр “...жилд тээвэрлэгдэх цайны хэмжээ өссөөр Хаалган-Хүрээ-Хиагтын замаар нэг сая пүү хүрсэн, Монгол жинчид цай тээвэрлэсэн ацаг хөлсөндөө хоёр сая шахам рубль авч байсан” гэж тэмдэглэсэн байдаг.

 

 

 

1921 онд Ардын хувьсгал ялсаны дараагаар Монголын худалдааны анхны байгууллага болох Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтэсийг Сангийн яамны харьяанд байгуулсанаар орчин цагийн худалдааны салбар үүссэн билээ. БНМАУ-ЗХУ-ын Засгийн газар хооронд Худалдааны анхны хэлэлцээрийг 1923 онд байгуулж, хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй оруулж, гаргах, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн юм.

Засгийн газар 1930 оны 12-р сард тогтоол гаргаж үндэсний худалдаа, үйлдвэрийг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, гадаад худалдааны онц эрхийг тогтоон явуулах асуудлыг Худалдаа, Аж үйлдвэрийн Яаманд хариуцуулжээ.Засгийн газраас хүн амын барааны хангамжийг сайжруулах, экспорт, импортын үйл ажиллагаа, хилийн болон комиссын худалдаа, бараа солилцоог шуурхай зохион байгуулах зорилгоор 1934 онд Худалдаа, аж үйдвэрийн яамны харъяанд Улсын худалдааны газрыг байгуулсан билээ.1940 онд Худалдааны яам дагнаж байгуулсан юм. Манай Улс 1950 оноос БНХАУ, 1956 оноос Европын социалист болон Вьетнам, Куба, БНАСАУ зэрэг улсуудтай гадаад худалдааны хамтын ажиллагааг эхлүүлж, өргөжүүлсэн байна.Социалист төвлөрсөн худалдааны түүх ч арвин юм.

 

Монгол Улсад эдийн засаг, нийгэм соёлын үндсэн өөрчлөлтүүд гарч улс ардын аж ахуйн бүх салбарт гадаад, дотоод худалдаа дэлгэрч, хүнсний ногоо тариа буудай, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо ханган нийлүүлэх болов.

 

Гадаад худалдааны хувьд 1960 оноос Швейцарь, Австри, Бельги, Голланд, Англи, Швед, Япон, Финлянд, Америк зэрэг улс оронтой худалдаа хийж, харилцан ашигтай ажиллаж байжээ. Улсын хэмжээнд 1980 он гэхэд дотоодод нийт 100 шахам мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 1800 гаруй дэлгүүр, мухлаг ажиллаж, орон нутагт 1800 гаруй агент, 300 гаруй авто-мухлаг үйл ажиллагаа явуулж байсан бол 1990 он гэхэд гадаадын 27 оронтой худалдаа хийдэг болсон байв.1997 онд ДХБ-д элслээ.

Өнөөдөр манай улсын худалдааны салбар 2020 оны байдлаар ДНБ-ний 17%-ийг эзэлж, нийт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 39.6%-ийг бүрдүүлж, 200 гаруй мянган хүн ажиллаж буй эдийн засгийн чухал салбар болж хөгжсөн байна.

Гэвч монголчууд өөрсдөө хийж чадаж байсан олон бүтээгдэхүүнийг импортоор авч, түлш, эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хангамж гадаад зах зээлээс, нэг орноос хэт хараат болсон гашуун түүх бас бий.Аж үйлдвэрлэл худалдаа хоёрын амин харилцаа алдагджээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, зах зээлээ хамгаалах болон худалдааны салбарын, ложистик тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ахиц дэвшил олж чадахгүй байна. Нэг алхам урагшилж, хоёр алхам ухрав уу.

 

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор