Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг "Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан нэлээдгүй шаардлага энэ хуульд туссан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн байгаа. Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг.

Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог энэ хуулиар бүрдүүлж байна.

Сонгуулийн дараа ч юмуу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагыг ярих юм.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулж байна.

Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг торгох ялаас хаслаа.

Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан.

Маш их хэмжээний авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгууллаа гэдэг зүйл иргэдийн дунд гардаг. Энэ асуудалд хариулт өгөх үүднээс торгох ялыг хассан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах заалтуудыг оруулж байна.

УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж АТГ шалгахаар Авлигын эсрэг хуульд оруулж байна" хэмээн тайлбарлалаа.

Нийтийн албан тушаалтан өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгөтэй, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байх чиглэлийг Засгийн газраас өгсөн гэдгийг тэрбээр хэлэв.

Энэ үеэр нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хэдэн жилийн ял оногдуулах вэ. Авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ямар хариуцлага оногдуулдаг талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр хариуллаа. 

Энэ талаар "Би шүүхийн өмнөөс хариулт өгөх бололцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн этгээдийг яллагдагчаар татвал хэд хэдэн зүйлчлэл ч байж болно. Хахууль авах, эрх мэдлээ урвуулан ашиглах, зарим тохиолдолд ямар гэмт хэргүүдийг хавсарч үйлдсэн гэдгээс шалтгаалж прокурор яллах дүгнэлт үйлдэнэ. Гэм бурууг нь шүүх дэнсэлж тогтоосон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг тогтооно.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар үндсэн бүрэлдэхүүн 1-5 жилийн хорих ялтай бол хүндрүүлэх бүрэлдэхүүн 2-8 жилийн хорих ялтай. Харин онц хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдсон бол 5-12 жилийн ял онооно.

Энэхүү ялын интервал дотор шүүх тодорхой хэмжээний ял хариуцлагыг оногдуулах байх. Түүнчлэн эрх хасах ялыг нэлээд өндөр түвшинд аваачсан. Тодруулбал, 20 жил эсхүл төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа" гэсэн юм.