Нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлуудыг хянан шалгах УИХ-ын түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт болон бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг хэлэлцэж байна.  

Шинжээчийн танилцуулга:

Тус компани 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж, 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Энэ компани 2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009.01.14-ний өдрийн хуралдааны тогтоолоор орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа тухайн тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг томилсон байна.  Ингээд 2009.01.16-ны өдөр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар сонгосон байна. Түүнийг 2011.12.28-нд өөрийнх нь хүсэлтээр орон нутгийн өмчийн төлөөлөгч болон ТУЗ-ийн даргаас чөлөөлжээ.

Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчсөн байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 2009.05.01-ний өдрөөс 49 хувийг эзэмшигч тал шийдвэрлэж ирсэн байна.

ТУЗ-ийн даргаар

Д.Бат-Эрдэнэ -2009.05.01-2011.12.13 хүртэл

Б.Түвшинбаяр /Д.Бат-Эрдэнийн үеэл/-2012.04.30-2016.11.23

Б.Түвшинбаяр /Д.Бат-Эрдэнийн үеэл/-2021.03.04-2023.03.01

Гүйцэтгэх захирлаар

Ч.Цэцэг-Өлзий /Д.Бат-Эрдэнийн үеэл/ -2013

Р.Сэддорж/Д.Бат-Эрдэнийн туслах/-2014-2020 ажилласан байна. 

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн компани болох Ажнай корпораци 19.78 хувийг эзэмшдэг байна.

ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Тухайлбал, 2009 онд Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөг олгожээ. Мөн 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатар Ланд-105 машин, 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр Lexus-570 машиныг урамшуулалд авчээ.  

2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 2019-2022 оны ТУЗ-ийн тэмдэглэл байхгүй. 1995-2010 оны Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 оны хөрс хуулалтын ажлын гэрээ байхгүй. 1995-2004 онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй.

Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш гурван удаа солигдсон зэрэг асуудалтай.

Архивын сан хөмрөгийн талаар бүртгэл иж бүрэн бус. Тооллого хийхэд дугааргүй 386 боть байсан. Нэмэлтээр жагсаалт үйлдүүлсэн. 1893 боть бүртгэлтэй байхаас 1821 нь хадгалагдаж байсан. Дутуу 72 ботийн хувьд зарим албан тушаалтнууд хуулийн байгууллагууд шалгагдаж байгаатай холбогдуулан татаж авсан байсан.

Гэрчээр өнөөдөр:

  • Г.Алтансүх, АМГТГ даргаар ажиллаж байсан
  • Д.Артаг, Гүйцэтгэх захирал
  • Ц.Батсайхан, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал
  • Болд-Эрдэнэ, уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн захирал, ерөнхий инженер
  • Н.Лхагвадорж, маркшейдерийн инженер. ИРЭЭГҮЙ
  • П.Мөнхтуул, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал
  • Н.Сугар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга
  • Х.Түмэнбаяр
  • Г.Шүрэнхишиг, удирдлагын багт ажиллаж байсан.
  • Н.Энхбат, НИТХ-ын төлөөлөгч
  • Ц.Доржсүрэн нар иржээ.