УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэх талаар санал хураах ёстой байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц бүрэн бус учраас санал хураалтыг хойшлууллаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэрлэсэн. 

Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалтын босготой холбоотой асуудлаар Засгийн газрын хоёр сайдын хороонд мэтгэлцээн үүссэнийг хүргэж байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Хөрөнгө оруулалтын тухай хууль учир дутагдалтай байна. Аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ улс орнууд босгыг зааж өгсөн байдаг. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл яригдаж байхад 100 мянган ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагч гэж нэрлэнэ. Тэр үед 50 мянган ам.доллар болгох талаар бөөн маргаан болж 100 мянган ам.доллароор нь үлдсэн. 

Гэтэл энэ удаагийн хуульд 100 мянган ам.долларын босго байхгүй байгаа нь аюул дагуулна. Хөрөнгө оруулагчийн нэрээр цагаач иргэд нөмрөх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. 

Монгол Улсад нэг сая төгрөг хүрэхгүй дүрмийн сантай компани, барилга барьж, машин худалдаж аваад хөрөнгө оруулагч болох юм байна. Барилга байшин, машин бол хүний хэрэглээний зүйл.

Үүнийг хөрөнгө оруулагч гэж хэлж болохгүй. Энэ байдлаар 40,50 жилийн дараа бус 10 жилийн дараа монгол үндэстэн энэ газар нутаг дээрээ цөөнх болохыг үгүйсгэх аргагүй. 

Тогтворжуулах гэрчилгээг олгох журам байдаг. 10 тэрбум төгрөг хөрөнгө оруулахад 10 жилийн татварын тогтворжуулалт хэрэглэнэ. Түүнээс дээш бол 20 хүртэл тогтворжуулалт хэрэглэнэ гэж байна.

10 тэрбумын ажил үйлчилгээ бизнес гэдэг бол бага. Гадаадынх гээд монгол хүнээс илүү татварын тогтворжуулалт, хөнгөлөлт эдлээд байх нь зохисгүй. 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулж байвал тогтворжуулалтын гэрчилгээг бичиж болох юм. 

Татвар гэдэг нийгмийн хөгжил, цаг үетэйгээ тохируулга болгон хэрэглэгддэг зүйл. Аравхан тэрбум оруулсны төлөө хатуу байлгаж болохгүй. Улс орныг зэвсгийн хүчээр эзлэхээ больсон. Хуулиар нь дамжуулж улс орны хохирооно, баялаг булаах, хараат болгодог. 

Би энэ хөрөнгө оруулалтын тухай хуулиас иймэрхүү болгоомжлолыг харж байна. Тиймээс ийм байдалтай орж ирж буй хөрөнгө оруулалтын хуулийг дэмжихгүй. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Дэлхийн бүх орон өндөр босготой, гоё яваад байна гэж ярилаа. Бүгдээрээ цээжний бангаараа яримааргүй байна. Дургүй зүйлээ үлгэр зохиогоод ярьчихдаг. Бодит байдлаа харж яримаар байна Х.Болорчулуун сайд аа. 

НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлын хөрөнгө оруулалтын орчны мэдээллийн санд байгаа 134 орноос 24 улс л хөрөнгө оруулалтын босготой. Конго, Уганда, Венесуэл, Монгол гэх мэт.

Энэ улс орныг хөгжүүлмээр байна Х.Болорчулуун сайд аа. Таны хариуцаж буй салбар өнгөрсөн жил 8-9 хувиар буурсан. Гаднын цагаач иргэд орж ирэх хууль хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдэгдэхгүй. Холбогдох хуулиараа шийдэгдээд явна. Тэр хуулиар та бүгдийн хорь, болно. 

Та заавал хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэх ямар шаардлагатай юм, зөндөө л тайлбарласан. Та бид хоёр нэг Засгийн газарт хамт сууж байгаа. Тогтворжуулалтын гэрчилгээ одоогийн хуульд байгаа. Түүнийг цахимаар илүү олгодог болъё гэж байгаа юм. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Монгол хоёр том улсын дунд хавчуулагдсан, жижиг хүн амтай. Тэр хэмжээгээр дархлаа бага гэсэн үг. Тэгэхээр монгол гэсэн дархлаагаа авч байхын тулд бүх зүйлийг дэлгээд хаяж болохгүй байх. Хамгийн гол нь босгогүй байна гэдэг нь аюул дагуулж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Компани нээх гэхээр 100 мянган ам.доллар байршуул гэж шаарддаг. Тэр мөнгийг нь шилжүүлэх гэхээр банкууд данс нээж өгдөггүй. Өмнө нь түр данс гэдэг зүйл нээж байсан. Гэтэл тэрийг нь мөнгө угаах, авлигатай тэмцэх арга хэмжээний хүрээнд авлига терроризм болон мөнгө угаахтай тэмцэж буй хуулиар түр дансыг бүр мөсөн хаасан. 

Тэгэхээр компани байгуулаагүй болохоор тэр хүмүүс яаж мөнгө шилжүүлэх юм. Үндсэндээ ийм зүйлээр Монгол Улсад орж ирэх бүх хөрөнгө оруулалтыг хаачихсан. Тэр босгыг л авч хаясан.

Үүнийг хийхдээ бодож суугаад, дээшээ харж хэвтэж байгаа оруулаагүй. Удаа дараагийн хэлэлцүүлэг хийсэн. Хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд яг энэ босгоноос болж хүндрэл учирч байна гэсэн зүйлийг ярьсан. 

Бид хөрөнгө оруулалтыг өрсөлдөж авч ирэх ёстой. Босго тогтоосноос хойш 5,500 гаруй аж ахуйн нэгж Монголоос гарч явсан.