Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийн талаар Ардчилсан Нам(АН)-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. 

АН-ын дэд дарга П.Галиндэв: 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хууль нь хөрөнгө оруулалтыг татах бус гадаадын иргэдийг Монголд суурьшуулах зорилготой. Тухайн үед наадам байсан учраас иргэд мэдэхгүй өнгөрсөн.

Анх өргөн баригдсан өдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-д Ч.Хүрэлбаатарыг өгч байсан. Түүний өргөн барьсан хууль нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, Монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хуулийг эргүүлэн татсан юм гэж бодсон. Гэтэл дахин Улсын Их Хурал(УИХ)-аар хэлэлцэгдэхээр орж ирлээ. 

Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан гадаадын иргэн, аж ахуйн нэгж 100 мянган ам.доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө оруулагч болно гэсэн заалтыг авч хаясан байна. 100 төгрөг оруулахад л гадаадын иргэн хөрөнгө оруулагч болж хувирна.

Ингэснээр гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших эрх нээгдэнэ. Мөн гэр бүлээрээ байнга оршин суух эрх үүсэж байна. Дуртай аймаг, суманд очоод хөрөнгө оруулалт хийх эрхийг нээж өгсөн хууль юм. Дээрх зүйл заалтуудаас ажиглахад тус хууль нь хөрөнгө оруулалтынх биш гэдэг нь нотлогдож байгаа. 

Энэ хуулийн талаар АН-ын Улс төрийн зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардлага тавьсан. Үүний дагуу Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, АН-ын дарга Л.Гантөмөр хуралдааныг удирдсан. 

Тус хурлаар Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль хөрөнгө оруулалт татах зорилготой биш байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг АН дэмжихгүй, батлуулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьт хүрсэн. 

Түүнчлэн АН өөрийн гэсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах эсэхийг Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Тиймээс шинэчилсэн хувилбарыг боловсруулж, иргэд олон нийттэй ярилцана. 

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Ардын Нам(МАН) нэг ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй. Яагаад сонгуулийн өмнө энэ хуулийг батлах гэж чичрээд байгаа юм. 

Ер нь Монголын нийгэмд дэх бүх хулгай хуулийн хүрээнд явсан. Сүүлийн 30 жилд гарсан хамгийн том хуулийн хулгай бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл юм. 

Мөн Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир: АН бүх цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх талд байсан. 2012 онд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадаж байсныг та бүхэн санаж байгаа байх. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эдийн засаг дээр нээлттэй либерал бодлого баримтлах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг төр засагтайгаа нийлж дээрэмдэх, дагнасан шүүхээр хамгаалах гэсэн хуультай болох ёстой. 

Ч.Хүрэлбаатарын хуулиар гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тус хуулийн татварын бус урамшуулал хэсэгт газар гэж заасан. Газраа урамшуулал гэж өгдөг гадаадын улс орныг хэлээд өг, байхгүй. Тогтвортой хөрөнгө оруулалтын тухай хууль, шударга шүүх тогтолцоогоор дэмжих ёстой. 

Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын авлигаас зугтаж байна. Шат шатандаа жижиг авлигатай. 1993 оны хуульд газрын 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалттай. 1990 оны эхэн үед Монголын бүх сэхээтнүүд ганзагын наймаанд явж байлаа. Тэр үед Жефри Сакс л Монголын толгойг барьж байсан. 

2013 онд Оюутолгой шиг дараагийн төслүүдийг гаргаж ирэх, гадаад монгол хоёр хамт авч үзээд хөрөнгө оруулалтын тухай хууль болгосон. Гадаадын иргэн харьяат болон Газрын тухай хуулиар зохицуулагдаж буй асуудлыг яагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль руу чихээд байгаа юм. Үүнд гол хардлага байгаа. 

2015 оны дөрөвдүгээр сарын 5-нд З.Энхболд Тавантолгой ордыг Шинхуа компанид өгөхийг зогсоогоогүй бол Хятадынх болчих байлаа. Ч.Хүрэлбаатарын өргөн барьж буй хууль Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг руу халдаж байна.