МИАТ-ын хэрэг анх илэрч байхад УЕП Д.Дорлигжав болон ХЗ-н сайд Х.Тэмүүжин нар хэвлэлээр мэдээлэл хийж "энэ хэрэг бол түр саатуулагдаад байгаа /одоо ялаа авсан/ хүмүүсээс илүү олон хүмүүс холбоотой бөгөөд тэднийг шалгаж тогтооход маш их хугацаа хэрэгтэй хэмээн зарлаж байсан.

Олон нийт ч одоо л нэг шударгаар шийдвэр гаргах нь хэмээн хүлээж байв. Хэвлэл мэдээллээр энэ хэрэгт холбогдсон Ц.Орхон "Миний эхнэрийг суллах юм бол энэ хэрэгт холбоотой 20 улс төрчийг зарлая" гэсэн албан бус ярианы дагуу буруутны эрэлд гарсан. Олны үг ортой гэдэг. 

Энэ хэрэгт хамгийн түрүүнд МАН-ын залуу гишүүн, “МАК”-ын Н.Номтойбаяр шалгуулах болсон гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь мөнгө угаахад ашигласан гэх “Монголиан Эйрлайнес" компанийг анх байгуулахад тэрбээр хувьцаа эзэмшигч “МАК” компанийн өмнөөс тууз хайчилж байжээ. МИАТ-ын ноёнтнууд “Монголиан Эйрлайнес"-аар дамжуулан  яг мөнгө угааж эхэлсэн гэх тэр он цагт Н.Номтойбаяр дэд захирлаар нь ажиллаж байв. Хувьцаа эзэмшдэг компанид нь ийм их хэмжээний мөнгө угааж байхад түүнийг мэдээгүй, сэжиг төрж байгаагүй гэхэд гайхах хүн олон. Тэрбээр энэ хэрэгт гар бие оролцоогүй байлаа ч хувь эзэмшигч байсан гэдэг утгаараа шалгуулах нь гарцаагүй байсан. Харин түүний дараа бичигдэх хүн нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж. Үүнийг эх сурвалжууд баталж чадахгүй байгаа ч тэрбээр хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан хэрэгт холбогдож магадгүй байсан. Учир нь одоогийн Зам тээврийн сайд А.Гансүх тухайн үед МИАТ-д сэжигтэй үйлдэл гараад байгаа талаар мэдээлж байжээ. Гэсэн ч хуулийнхан үүнийг шалгаагүй.

Мөн МИАТ-ын хэрэг ҮХААЯ-ны сайд Х.Баттулгын нэр яригдсаар байна. Х.Баттулга “Монголиан Эйрлайнес”-д орон нутагт нисэх зөвшөөрөл өгч, тууз хайчилж байсан, “Монголиан Эйрлайнес” гэж ямар компани вэ гэдгийг хэнээс ч сайн мэдэх хүн. МИАТ-ын экс дарга нарын мөнгө угаасан хэрэгт эдгээр эрхмүүдийн нэрс дуулдсаар байсан. Мөн л “Монголиан Эйрлайнес”-д хувьцаа эзэмшдэг “Бодь групп”-ын УИХ-д суудаг төлөөллүүд болох УИХ-ын гишүүн, ГХ-ын сайд Л.БОлд энэ хэрэгт холбоотой гэж зарим хэвлэлүүд бичиж байсан. 

Ц.Орхоны эхнэр суллагдан гарсан ч МИАТ-ын хэрэгт холбоотой 20 улстөрч нэрлэгдсэнгүй төдийгүй дээр дурдагдсан хувьцаа эзэмшигч, тууз хайчлагчдын тухай юу ч яригдсангүй. 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тухай үед хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар "Одоогоор цагдан хоригдоод шалгагдаж байгаа найман хүн байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн хүрээ бол түүнээсээ арай өргөн. Эрэн сурвалжлагдаж, олдохгүй байсан хоёр хүнээ бариад хийчихсэн. Одоогоор хэргийн нарийн деталийг ярих боломжгүй. Цаашид асуудалтай холбоотой зарим нэг хүмүүсийн шалгаж тодруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ төрлийн хэргийг хэргийг шалгана, илрүүлнэ гэдэг бусдад нь ч гэсэн дохио өгч байна гэсэн үг" гэжээ. Сайд маань АНУ-д явахдаа ажиллаж сурч байгаа Монголчуудтай уулзахдаа энэ талаараа ярьж авлигачдыг цээрлүүлэх ажил нэгэнт эхэлсэн хэмээн ярьж явсан.

МИАТ-ын хэргийн талаар УЕП Д.Дорлигжав "Энэ хэрэг маш олон сэжигтэнтэй. Төрийн алба, хуулийн байгууллагын зарим хүн ч энэ хэрэгт холбоотой байж магадгүй. Иймээс хэргийг мөрдөн байцаах, шалгах явц удаашралтай байсан нь анхаарал татаж байна. Төрийн албан тушаалтан холбогдсон, дээрээс нь гэмт хэрэг гадаадад үйлдэгдсэн гэхээр улс дамнан шалгах тул хэдхэн сарын дотор илрүүлж шалгах боломжгүй. Одоогийн байдлаар 10 гаруй хүнийг шалгаж байгаа. Мөнгө угаасан гэх хэрэгт ах дүү, хань ижил, найз нөхөд гээд олон хамсаатан байж болзошгүй. Мөн энэ хэргийн ард өөр ноцтой том хэргүүд илэрсэн. Тэгэхээр эл хэрэг ямар том хүрээг хамарсан нь тодорхой байна" гэж хэлж байлаа. Одоо тэд энэ үгээ мартсан болов уу эсвэл санаж байгаа болов уу?

Чоно борооноор гэгчээр ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулан яаран сандран МИАТ-ын удирдлагуудад ял оноов. "Шүүхээс Р.Бат-Эрдэнэд 12.1, Ц.Орхонд 11, Б.Эрдэнэбилэгт 11.1, Ч.Суурьтогтохт 10.1, Г.Саранчимэгт 10.1, Ч.Хоролсүрэнд 13.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч нараас тодорхой хэмжээний эд хөрөнгийг хурааж, зургаан шүүгдэгч тус бүрээс 1.3 тэрбум гаруй төгрөгийг МИАТ-д гаргуулахаар болов". 

Энд ял аваад байгаа энэ хэдэн нөхрийг өмөөрч хамгаалах гэсэн биш харин МИАТ-ын хэргийн цаана нуугдаад байгаа жинхэнэ луйварчдыг яагаад шалгасангүй вэ гэдгийг л шаардаад байгаа юм. Одоо тэдгээр цаад луйварчид хундага тулгаад, жаргалтай сууж байгаа. Тэд бол манай нийгмийн хорт хавдар - луйварчид. Тэд үргэлжлүүлэн хорт үйлдлүүдээ хийнэ. Тэд хэзээ ч ханаж цадахгүй. 

Гэвч тэднийг шүүх, прокурорын толгойд байгаа хүмүүс өмөөрч хамгаалаад байгаа "хам хэрэгтнүүд" учраас хэзээ ч шударга ёс, шударга нийгэм, шударга шүүх бий болгохгүй юм байна. Их ч горьдлоо, найдлаа. Даана ч бүгд талаар өнгөрлөө.