Монгол Улсын ардын уран зо­хиолч, соёлын гавьяат зүтгэл­тэн, яруу найрагч Пунцагийн Ба­дарчтай ярилцлаа.

-Та сайхан зусч байна уу. Энэ зуны ярианы гол сэдэв Ерөнхийлөгчийн сонгууль байх шиг байна. Тантай ч энэ сэдвээр голчилж ярилцмаар байна.

-Сайхан зусч байна. Цаг агаарын мэдээнээс харахад нийт нутгийн 70 орчим хувь нь сайхан зуншлагатай, арав хүрэхгүй хувь нь жаахан гандуухан байх шиг. Тэгэхээр сайхан зун болж байна гэхэд боломжтой. Улс орны болоод улс төрийн амьдралд чухал үйл явдал болж байгаа нь яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил ид ундарч байна.

-Таны хувьд нэр дэвшигчдийн хэнийг нь ямар учраас дэмжиж байна вэ?

-Би Ардчилсан намын гишүүн. Гэхдээ зөвхөн намын гишүүн гэдгээрээ биш ерөөсөө ардчиллыг дэмждэг. Тэр утгаараа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаа. Энэ хүнийг дэмжих дөрвөн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэж, авлига гээч мөсөн уулын оройг гаргаж ирлээ. Авлига бол улс орныг бүтнээр нь сүйрүүлдэг эд. Энэ бузар, булай зүйлээс зайлахаас эрхэм, үүнийг арилгахаас сайхан үйл явдал гэж байхгүй. Хоёрдугаарт, олон сайхан хууль санаачилж, зармыг нь батлууллаа. Тэр дундаа шүүхийн тогтолцоог шинэчлэх хуулиуд санаачилсны зарим нь хэрэгжээд эхэлчихлээ. Хамгийн сүүлд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн байж болохгүй зохицуулалттай хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Парламентийн засаглалтай улсад УИХ, шүүх, гүйцэтгэх, Ерөнхийлөгч тусдаа байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд Засгийн газарт орчихоор гүйцэтгэх засаглалд парламент хяналт тавихад бэрхшээлтэй болчихсон. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад ч Ерөнхийлөгч энэ шүүмжлэлийг хэлж байсан. Үүгээрээ намчирхалгүй, аль нам дутагдал гаргаж байна түүнийг засч залруулан төрийг цэвэр тунгалаг бөгөөд байдаг байдаг байранд нь, хэм хэмжээнд нь байлгахын төлөө тэмцэж байгааг нь дэмжихээс аргагүй.

-Авлигатай тэмцэж байгаагаараа манай улс яах аргагүй олон улсад анзаарагдаж, басчиг амжилт гаргаж байгаа. Авлигаас гадна шийдэхээр олон асуудал байгаа болов уу?

-Авлигын дараа архи Монгол Улсыг муухай харагдуулсан. 1990 оноос хойш архидалт дэндүү хавтгайрлаа. Цөөхөн хүн амтай улсад 100 гаруй архины үйлдвэр ажиллана гэж юу байхав дээ. Сонин болгож хэлэхэд, би ард  түмний дунд танигдахуйц зохиолчоос гадна боломжийн архичин хүн шүү дээ. Цагаан сараар манайх ширээн дээрээ вино, виски гээд гурав, дөрвөн янзрын архийг ярайтал тавьдаг байлаа. Тэгээд л орж ирсэн зочидтой тулгаад л, үг хэлээд л, өөрөө ч уугаад, өрөөлийг ч уулгадаг байлаа. Харин сүүлийн хоёр жил өөрийн мэдэлгүй ширээн дээр биш доогуур нь архиа тавьчихдаг болсон байна лээ. Урьдынх шигээ хундаглаад л, тулгаад л байдгаа ч больчихсон байсан. Харж байхад зочид ч хундагатай архиа тавиад гардаг болсон байна. Ц.Элбэгдоржийн үгэнд орж байгаа юм биш л дээ. Яагаад гэдгээ ч мэдэхгүй нэг мэдэхэд л тийм болчихсон байсан. Ерөөсөө нийгэмд том давалгаа үүсгэж чадвал олон түмэн дагадаг ёс юм байхдаа.

-Танайхаас гадна олон айл  “Архигүй Монголын төлөөх” давалгааг дагасан байх. Зөв үйл, хөдлөлийг бусад нь дагадаг жишиг энэ болов уу?

-Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нарийн сайхан ухаан. Үүнээс гадна эрх мэдлийг ард  түмэнд өг. Ямар нэг ажил хийх гэж байгаа бол эхлээд ард түмэндээ сайн таниулж хэл, асуу, зөвлөлд гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Ингэж эрх мэдлийг энгийн иргэдэд өгсөн нь Ц.Элбэгдоржийг дэмжих том шалтгаан.

-Нөгөө хоёр нэр дэвшигчийн тухайд та ямар бодолтой байгаа бол?

-Ц.Элбэгдоржийн хувьд туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд байна. Ийм хүн мэдээж цаашдаа ч сайн ажиллана. Нөгөө хоёр нэр дэвшигч сонгогдвол ажиллаж чадна л даа. Гэхдээ цаг нь болоогүй байна. Улс орон элдэв муухай муухайгаасаа салж цэвэршээд, хөгжлийн дардан зам дээр гараад ирсэн хойно учир бий. Ийм замд оруулахад Ц.Элбэгдорж хэрэгтэй. Жишээлбэл, энэ хүн намчирхахгүй байна. Э.Бат-Үүлийг “Буруу рультай машин гэж юу яриад байна вэ, боль” гэж загналаа шүү дээ. Тэрнээс хойш буруу рультай машины талаар яриа гараагүй биз дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо танилцууллаа. Иргэд ч өөр, өөрсдийн дүн шинжилгээгээ хийгээд сонголтоо хийнэ. Та ч мөрийн хөтөлбөрийг нь дүгнэчихсэн болов уу?

- Хөгжлийн талаар мөрийн хөтөлбөртөө их оруулж, том амлалт хийж л дээ. Хөгжил гэдэг улс төр, эдийн засгийн том шинжлэх ухаан. “Хөгжил хурд дагуулдаг. Хурд мөхөл дагуулдаг” гэдэг айхавтар үг бий. Хөгжлийн ямар нэг хэмжээнд хүрээд түүнийг царцаах ёстой гэж би боддог. Их хөгжих аймшигтай гэж үздэг хүн. Иймэрхүү байдлаар дүгнэлт хийж сууна.

Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс нэг зүйлийг үгүйлж байна. Хэлмэгдүүлэлтийн талаар тэдний хэн ч дуугарсангүй. Хэлмэгдлийн гашуун хар утааг залгиагүй айл өрх Монголд нэг ч байхгүй. Өвөөгөө, аавыгаа алуулсан хүний зүрхэнд нь нулимс хурж, зүрхнээс нь нулимс дусч байдаг юм. Өнөөдөр үүнийг Монголын төр мартаж байна. Үүнийг мартаж яагаад ч болохгүй.   

-Энэ өдрүүдэд сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Урлаг, спортынхон ч нэр дэвшигчдийн сурталчилгаанд том дүр бүтээж байх шиг. Олны танил зарим эрхэм хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байх жишээтэй.

-Ерөөсөө олны танил хүмүүсийг хоёр нүүртэн мэтээр харуулж байна л даа. Жишээлбэл, намайг Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа мэтээр “яриулаад” Нийгмийн толь сонин дээр гаргачихсан байсан. Ерөөсөө надтай уулзаагүй, ярилцлага хийгээгүй байж шүү дээ. Би эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан, ерөөсөө сонгуулийн ажилд оролцоогүй хүн.

Ц.Элбэгдоржийн сурталчилгааны “Тойм” сэтгүүл болон телевизээр аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дэмжинэ” гэж ярьсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргын сурталчилгааны “Төр засах аварга ухаан” сэтгүүл дээр гэхэд аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, А.Сүхбат нарын “Б.Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжиж байна” гэсэн ярилцлага гарчээ. Ингэж дур зоргоороо бусдын нэр төрийг ашиглаж, эвгүй байдалд оруулж болох уу. Яриагүй нь ярьсан болгож, дэмжээгүйг нь дэмжсэн болгож хоёр нүүртний дүрээр олон түмэнд харагдуулж ичээж байна. Яруу найрагч Ц.Хуланг гэхэд Н.Удвалыг өрөөндөө дайлж, дэмжиж байна гэх мэтээр бичсэн байна лээ.

-Өрсөлдөгчөө муухай харагдуулах нэг үгээр хар PR ч оргилдоо хүрч байх шиг. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Яаж нэгнийхээ нүүрийг эргэж харна даа. Хулгайч, худалч, луйварчин гэж цоллож цоллочихоод сонгууль өнгөрөхөөр “Тоглож байсан юм аа” гэх үү. Дахиад уулзахгүй юм шиг бүдүүлэг сурталчилгаа хийхээ болимоор байна. Энэ нь нэр дэвшигчид нэмэр болохоор нэрмээс болохыг бид харсан шүү дээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намынхных нь хийсэн сурталчилгаанаас болж Н.Энхбаяр ойчсон гэдэг. Н.Энхбаяр тухайн үед “Манай нам миний эсрэг ажилласан” гэж ярихад яалаа гэж дээ гэж бодож байлаа.  Одоо Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны сэтгүүлийг хараад намынхан нь магтан матна гэдэг шиг юм хийгээд, хорлоод байна уу гэж хардаж байна.

-МАН-ынхан нэр дэвшигчийнхээ имижийг улстөрч гэхээс илүүтэй аварга гэдгээр харуулж байх шиг. Энэ зөв тактик уу?

-“Төр засах аварга ухаан” гэдэг сэтгүүлийнх нь нэрнээс харахад филсофид “аварга ухаан” гэдэг ямар ч нэршил, томъёолол байхгүй. Аристатель мэдлэгээр баяжуулсан ухаан, сэтгэн бодох ухаан, мэргэн ухаан гэж гурав ангилсан байдаг. Я.Цэвэл гуайн төлөөс аварга гэдэг үгийг харахад “Нэгдүгээрт Монгол Улсын хэмжээний том наадамд гурав түрүүлсэн хүнд өгдөг цол. Хоёрдугаарт, байгалийн том өгөгдөхүүн, тухайлбал аварга загас, аварга мод” гэж тайлбарласан байна. Түүнээс аварга ухаан гэдэг үг алга. Тэгэхээр төрийг аварга ухаанаар засна гэж яадаг юм бол доо. Ямар философи байдаг юм бол доо, мэдэхгүй.

Бас МАН-ын PR-чид “Хүчирхэг төрийг байгуулна” гэдэг уриа олчихсон. Ардчилсан нийгмийн үед хүчирхэг биш ухаантай төр байх ёстой. Ард түмэнд бүхий л боломжийг өгөх төр хэрэгтэй. Түүнээс хүчирхэг төр хэрэггүй. Хүчирхэг төр гэдэг дарангуйллын төр гэсэн үг. МАН-ын ухуулагчдын ярьж байгаа хүчирхэг төр гэдэг маш эвгүй нэршил. Мөн “Жудагтай төр” байгуулна гэнэ. Жудагтай хүн гэж байдгаас жудагтай төр гэж бас л сонссонгүй.

-Жудагтай төр, аварга ухаан гэх зэргээрээ нэр дэвшигчийг гүндүүгүй монгол бөх гэдгийг тодотгож харуулах гэсэн юм болов уу?

-Илэрхий юм гэж бий. Илэрхий цагаан хун шувууг хар гэж хичнээн хэлээд цагаан л байдаг биз дээ. Түүнтэй адил энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд илэрхий нэг зүйл байна. Ерөөсөө гурван нэр дэвшигч дотроос Ц.Элбэгдорж гарах нь өнөөгийн цаг үеийн шаардлага болоод байна. Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын цаг нь болоогүй байна гэж дээр ярьсан шүү дээ. Шинэ Ерөнхийлөгч гарч ирээд ажилдаа дасах гэж хагас жил болно. Сүүлийн нэг жилд сонгуульдаа бэлтгэнэ. Тиймээс зоригтой, давшингуй байгаа дээр нь Ц.Элбэгдоржийг ажиллуулмаар байна.

Ном, сударт өгүүлснээр Чингис хаан Хятадын их эрдэмтэн, бумбын шашны том номлогч Чан Чунтай уулзахдаа “Би энэ том улсыг байгууллаа. Одоо яаж төр улсыг тогтвортой байлгах вэ” гэж асууж. Хариуд нь Чан Чун бумба “Загасыг их шарвал түлэгдэнэ, бага шарвал түүхийрнэ. Загас шарахтай төр улсыг авч явах нь адил. Дээр нь хэн нь юу хийж чаддагийг та мэдэж, тэр албанд нь тохоон тавивал зохино” гэж хариулсан гэдэг. Чингис хаан энэ үгийг их үнэн гэж сайшааж хүлээж авсан гэнэ лээ.

Орчин үед олимпид МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан намаас Ц.Элбэгдоржийг явууллаа гэж бодъё. Бөх барилдах спортын тэмцээнд Ц.Элбэгдорж яваад яах юм бэ. Тэр сайхан аварга, спортын агуу хүн тэндээ л их гавъяа байгуулж, асар ихийг хийж чадна. Чаддаг, чаддаг салбарт нь байлгая гэдэг энэ шүү дээ.

Наргиа болгоод ярихад, Х.Баянмөнх аварга бид нэг нөхрийнхөө номын нээлтэн дээр очлоо. Намайг үг хэлсний дараа Х.Баянмөнх аваргыг тайзан дээр урьдаг юм байна. Х.Баянмөнх маань “Цэнгэлдэхийн дэвжээн дээр Бадарч зодог шуудаг өмсөөд миний араас гараад ирвэл ямар байх бол. Түүнтэй жишээд үг хэлье” гэдэг байгаа даа. Үүнтэй адил л юмаа даа. Хэн юу хийж чаддаг вэ, тэр байран дээр нь тавибал улс орны хөгжил, тусгаар тогтнол бат байдаг гэдэг шүү дээ.