10-28-2

Ш.ПҮРЭВСҮРЭН

Ноён уулыг нинжа нар самарч байгаа тухай, мөн энэ уулын ашиглалт хамгаалалтыг “Сентерра Гоулд”-д л өгөхгүй бол тэндхийн байгаль орчин болохоо байж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүчтэй ярих болов. Одоо ярьж бичиж байгаагаар бол газар газрын ялангуяа орон нутгийн нинжа энд тэндээс цуглачихаад Ноён уулыг чухам нураах гээд байгаа гэх. Нинжа нарын хүрз, жоотуугаар ухаж онгичсон нүхнүүдийг хүчит техникээр зэвсэглэсэн сентеррагийнхан ганцхан тэсэлгээгээр 20-30 м нурааж орвонгоор нь эргүүлж чадна. Алтыг нь канадууд хоёр гуравхан жилийн дотор ухаж авчихаад талийна, Ноён уулаас маань дээрх зураг дээрх шиг онгорхой хар нүх л үлдэнэ.

Бор гөрөөс цахилсан, битүү хусан ойтой байсан энэ уулын оронд одоо Улаанбаатарын бүх хог, дээр нь ДЦС-уудын олон жил хуримтлагдсан үнсийг хийсэн ч дүүрэхээргүй том ангал нүх үүссэн байгаа.

Канадууд манай төрөөс олгосон эрх мэдэлдээ дулдуйдан энэ уулын хэвлийд байсан хэдэн тэрбум тонн алтны хүдрийг тэсэлж ухаж аваад үйлдвэр рүүгээ өдөр, шөнөгүй зөөсөн.

Тэнд чулуулгийг лаг шавар болтол нь тээрэмдэж, хэдэн мянган тонн цианид натри ашиглан алтыг нь угааж аваад ус шавартай хаягдлыг Бороо голын ойролцоох хаягдлын далан руугаа урсгачихсан учраас энэ том нүхийг бөглөх ширхэг чулуу ч ууланд үлдээгүй.

Олборлолт эхлэхээс өмнө маньдаа амалж андгайлж байснаараа энэ ангалаа юугаар ч болов дүүргэж, нөхөн сэргээлт хийж, уулыг маань байснаар нь босгож өгчихөөд дараа нь өвөг дээдсийн маань ариун дагшин газар руу дайрвал яасийм гэж одоо тэднээс асуумаар байна. Богд уулаас хэд дахин том, сүрлэг эртний тахилгатай Ноён уулыг маань сэглэж, дээрх маягаар сарны гадаргуу шиг болгохыг монголчууд л лав зөвшөөрөхгүй нь лавтай. Их хурлын гишүүний нэр зүүсэн шуналтнууд яахаа харин өөрсдөө мэдтүгэй. Ноён уулаа хамгаалах нийгмийн сүлжээгээр тархсан хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар гадаад дотоодод амьдардаг 70000 гаруй монгол хүн нэгдээд байгааг энэ дашрамд дуулгая.

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1910-аад оны үед энэ хавьд алт олборлож эхэлсэн хятадуудыг чин ван Ханддорж тэргүүтэй ноёд, нутгийн ард олон хүчтэй эсэргүүцсэний дүнд Манжийн Засгийн газар гаргасан шийдвэрээ зогсоож, хятадуудыг гаргаж байсныг буурал түүх мартаагүй байгаа.

“Гацууртын ордыг ч ашиглана, Ноён уулыг ч хамгаална” гэж тэнэглэхээ ерөнхий сайд маань одоо больж үз. Уурхайнхны гарт уул ус өртөхөөрөө ямар болдгийг бүх нийтэд харуулж болох бэлэн жишээ болох “Бороо Гоулдынхны” сүйтгэсэн Таширын нуруу Улаанбаатар хотоос 130 км, Дархан ордог төв засмалаас ердөө гуравхан км. Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс, оюутнууд, дунд сургуулийн хүүхэд багачууд, сэтгүүлчдийг тусгай аялал зохион байгуулан энд ирж үзэхийг би уриалж байна. Ноён уулыг ухуулна, баяжина гээд дэвхцээд байгаа орон нутгийн хурган дарга нарыг нэн түрүүнд энэ аялалд хамруулах ёстой.

Миний бие “Хаан хорны аюул хаяанд чинь ирчихлээ хүмүүс ээ” http://www.sonin.mn/news/politics-economy/41407 Алт бидний ирээдүй мөн үү http://www.sonin.mn/news/politics-economy/41242, “Ноён уулаа нурааж байгаль орчныг нь хордуулах уу” “Зууны мэдээ” 2015-2-4 зэрэг нийтлэлдээ байгаль орчны ноцтой асуудлуудыг хөндөн бичиж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Энэ нийтлэлүүдийг өгөх гэж өөр хэдэн газарт хандаж үзээд бас чадаагүй юм.

Дахин сануулахад хүнцэл буюу оросоор мышьяк бол химийн бодисынхоо хувьд Менделлевийн үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид. Гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирдаг шидлийн эд. Хүнцэл бусад бодистой амархан урвалд ордог. Хүнцлийн хамгийн хортой нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн дотор чадхийлгэнэ. Хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байлаа.

Тэгвэл бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоог ургуулдаг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт байдал одоо ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.

Баримт 1. Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Одоо ашиглалт нь дууссан “Сентерра Гоулд”-ын охин компани болох “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь стандартаас мөн 500-700 дахин их байна гэсэн үг. Мөн Ноён уулаас эхтэй Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

“Хүнцэл ихтэй учир уг голоос ууж болохгүй болсон. Гацууртын голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа” гэж “Сентерра Гоулд” компанийн захирал ноён Казаков өөрөө ам алдсан. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр дэлбэлэн ухаж, үндсэн ордны хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Хүнцэл газрын гүнд байгалийн жамаараа оршиж байхдаа хэнд ч гэм хор учруулахгүйгээр эрдэс чулуулагтаа бэхлэгдсэн байдаг. Гагцхүү тэсэлж дэлбэлэн ухаж төнхөж газрын гадаргууд ил гаргаад ирэх юм бол нарны гэрлийн нөлөөгөөр агаар устай исэлдэж, уусамтгай, уур­шимтгай нэгдэл болон ху­вирч байгаль орчин хүн амьтныг хордуулж эхэл­дэгт асуудлын мөн чанар нь оршиж байгаа юм.

Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын алт угаах үйлдвэрийн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох гүний худгийн усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү нэвчсэн байх магадлалтай. Учир нь далангийн ус хатаж ширгээд одоо лаг шавар болсон байна. Энэ том нуурын ус хоёрхон жилд ууршчихна гэдэгт хэн ч итгэхгүй. Хэрэв “Сентерра Гоулд” компани Гацууртын ордыг ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн энэ үйлдвэртээ тээрэмдэж угаана. Тэр үед уурхайн хаягдлын далангийн бохир ус дахиад нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. “Сентерра Гоулдынхны” Ноён ууланд хийх асар хүчтэй тэсэлгээнүүд ч үүнд нөлөөлнө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч хаягдлын хиймэл нуурын хэдэн сая тонн хүнцлээр бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Хоёр жишээ дурдъя. 1992 онд АНУ-ын Колорадо мужид алт угааж байсан “Галактик Ресорс” компанийн уурхайн хаягдлын далан сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын Засгийн газар 160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг эзэмшиж байсан, монголчууд бидний эртний танил “Айвенхоу Майнзын” Роберт Фридланд ноён шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр компани нь дампуурч байсан баримт бий. Мөн Канадын хөрөнгө оруулалтай “Габриел Ресорс” компани нь 2000 онд Румынд алт олборлож байх явцдаа ийм сүйрэл гаргасны улмаас их хэмжээний хорт хаягдал Дунай мөрөн рүү орж, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг бохирдуулсан. Бохирдлын онцгой бүсэд байсан бүх айл өрхийг нүүлгэн шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарч байлаа. Сүүлийн 20 жилд ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиогоод байна. Өвөг дээдсийн сануулснаар “Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү.

Баримт 3. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, жилд 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ. Мөн Мандал сумын Хараа голын дагуух зарим гүний худгаас хүнцэл илэрсэн байгаа нь бидэнд өгч эхэлсэн сэрэмжлүүлэг.

50 тн алтаа Канадуудаар угаалгасныхаа шанд ирэх арван жилд улс 200 сая ам.долларын ашиг олно гээд Ерөнхий сайд маань алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Тэгвэл Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан хүнцэлтэй чулуулгууд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Сүүлийн үед Байгаль нуурын ус эрчимтэй дундарч, бохирдож байгаа талаар Оросын хэвлэл мэдээллүүдэд их бичих боллоо. Энэ нуурын усны 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн цэвэр усны 20 хувийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлсний хариуцлагыг хэн үүрэх вэ?

Ноён уулыг ухаж онгичиж онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, хоёр тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод Их Хурлын нэр бүхий гишүүдийг лоббидсон Канадын “Сентерра Гоулд” компани уу? Монгол Улсынхаа хуулийг уландаа гишгэчин тэдэнд Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгох гэж буй Улсын их хурал уу? Засгийн газар уу? Ноён Ерөнхийлөгч үү? Эсвэл ийм явдал болж буйг харсаар дуугүй толгой дохин сууж буй монголчууд бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон байна.

Өнөөдрийн талхаа биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая. 50 тонн алтаа канадуудад өгөөгүйгээсээ болж өлсөж үхэхдээ бид тулаагүй. Авч ашиглаж л чаддаг юм бол Оюутолгойн 1000 тн алт, “Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс дээр нь талаар дүүрэн бэлчиж буй 50 сая толгой мал маань байна.

“Сентерра Гоулд” компани нь манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Бороо”Гоулд компаниас гадна Киргиз улсад 700 тонн алтны нөөцтэй “Кумтора” ордыг эзэмшдэг. Киргизийн прокурорын хүсэлтийн дагуу хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаад оргон зайлж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Сентерра Гоулд” компанийн захирал асан Хоменюкийг өнгөрсөн зун Болгарын цагдаагийн газраас баривчилжээ. Энэ нь Сентерра Гоулд компанийн хувьд хүнд цохилт болсноос гадна манайхны хувьд ч бас сургамж. Гацууртын ордыг олборлох эрхийг стратегийн ордод хамруулах замаар “Сентерра Гоулд”-д олгох сонирхолтой УИХ-ын нэр бүхий 15 гишүүнээс өгсүүлээд дээдсийн хүрээлэнгийн олон эрхэм байгааг Монголын олон нийт зурагтаар харсан. Хэрэв Ноён уулын тэсэлж дэлбэлэн алт олборлолтыг ямар нэг аргаар эхлүүлэх юм уурхайнхны хоолойд яс тээглүүлсэн “урт нэртэй” гэгдэх хууль төдийгүй, Монгол Улсын ойн хууль, усны хууль гээд олон хуулийг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

“Сентерра Гоулд”-ынхны ухах гээд байгаа газар нь Ноён уулаас тэс өөр газар байгаа юм гэж олон түмний тархийг дарга нар угаагаад байх. Газар дээр нь очоод үзээрэй. Гацууртын ам бол Ноён уулыг тойрсон 20 гаруй амны хамгийн том нь. Зүйрлэвэл Нүхтийн аманд алт ухчихаад бид Цэцээ гүнээс таван км зайтай учир Богд уулыг ухаагүй гээд мэлзээд байна гэсэн үг. Хамгийн инээдтэй нь Засгийн гараас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд “…алттай чулууг Гацууртын уурхайгаас Бороогийн үйлдвэр рүү зөөгөөд том даацын тэрэгнүүд өдөр шөнөгүй явахад жаахан тоос гарч магадгүй, бусад талаар байгаль орчинд нөлөөлөх ямар ч аюулгүй …” гэж айлдсан байх юм. Яаж чадаж байна аа.

Одоо тэнд бужигнаж байгаа хэдэн нинжаг хөөгөөд зайлуулчих хүч өнөөгийн төрд үгүй гэж үү? Харж хамгаалах нь бүү хэл харин Мандал сумын төвд Засгийн газрын дэмжлэгтэй ХАМО хэмээх төслөөр оруулж ирсэн хоёр ч тээрмээр хууль бусаар хулгайлан зөөж ирсэн чулууг буталж, алтыг нь ялгаж өгч үйлчилгээ үзүүлж байгаа нь тэр нинжа нарыг төрөөс дэмжин Ноён уулаа сэглүүлэх бодлого явуулж байгаагийн бодит жишээ биш гэж үү? Өчигдөр Ерөнхий сайд БОНХАЖ-ын сайдад Ноён уулыг хамгаалах үүрэг өгч харагдлаа. Энэ сайдад Ноён уулыг хамгаалах эрх мэдэл нь хүрэхгүй.

Монгол ардын нэгэн сайхан үг байдаг. “Чонын амнаас гараад барын аманд орох”, эсвэл “чононд хонь хадгалуулах” гэх ч юмуу. Ийм л юм болох гээд байна уу даа гэх хар төрөх юм.

Уйлахад нулимс багадмаар үе ирж байна. Гэвч ухаарахад оройтоогүй цаг бидэнд бас байна шүү.